Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00068

 

 

 

 

 

Г.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/02719 дугаар шийдвэртэй Г.Т нэхэмжлэлтэй Н-т холбогдох эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолоор тээврийн хэрэгслийг хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШШ2021/00417 дугаар захирамжтай, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 0 дугаар захирамжтай, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ГХ2021/00218 дугаар гүйцэтгэх хуудастай, О.С-ийн нэхэмжлэлтэй Т- ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар гуравдагч этгээд Г.Т эзэмшлийн Lexus LX570 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоол үйлдэн хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна., 12.2 Тогтоол нь дор дурдсан шаардлагыг хангасан байна., 12.2.5 Тогтоол гаргах хууль зүйн үндэслэл" гэж заасан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21280316/13-156 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, мөн өдрийн 21280316/14-156 дугаартай эд хөрөнгө барьцаалах тогтоолуудад Г.Т эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, барьцаалж байгаа хууль зүйн үндэслэлээ заагаагүй байгаа нь дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно" гэж заасан байхад Г.Т эзэмшлийн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолоор хураан авсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн тээврийн хэрэгслийг хураан авахдаа эзэмшигч Г.Т төлбөр төлөгчТ- ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулаагүй, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш Х-" ХХК-ийн менежер М.Тулга гэдэг хүнээр гарын үсэг зуруулан түүнийг төлбөр төлөгч мэтээр эрх үүрэг танилцуулан эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолуудын хувийг өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 "Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ., 33 дугаар зүйл Талуудын эрх, үүрэг, 33.1.1 иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах", 48 дугаар зүйлийн 48.6 "Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна" гэснийг тус тус зөрчсөн байна. Г.Т хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч биш тул түүний эзэмшлийн эд хөрөнгийгТ- ХХК-ийн авсан зээлийн төлбөр барагдуулах зорилгоор хураан авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрвээ түүнийг компанийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 "Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ" гэсэн заалтаар хурааж байгаа бол Т- ХХК-ийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлага хангахад хүрэлцэхгүй байгаа талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тогтоосны үндсэн дээр хуулийн дээрх заалтаар шийдвэрлэх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалд ийм баримт байхгүй байна. Иймд хууль зөрчсөн эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолоор Г.Т эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00417 дугаар захирамжаар ТХХК-аас 132,408,975 төгрөгийг гаргуулж О-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчТ- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Т эзэмшлийн Lexus LX570 маркийн 00-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж хураан авч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Х-нХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг талуудад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4-156/10602 тоот албан бичгээр мэдэгдэж үнэлгээний тайланг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.3-д заасныг баримтлан хариуцагч Н-тхолбогдуулан гаргасан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21280316/14-156 тоот эд хөрөнгө барьцаалах тухай тогтоол болон мөн өдрийн 21280316/13-156 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Г.Т эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Г.Т Н-тхолбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолоор тээврийн хэрэгслийг хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3. О.С-ийннэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00417 дугаар захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /х-1, х-62/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/03237 дугаар захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00218 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21280316 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. /х-1, х 60-61, 64/

Төлбөр төлөгч компанийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагааг гаргуулж, хувьцаа эзэмшигчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна. /х-1, 65-128/

Төлбөр төлөгчТХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Г.Т байх бөгөөд түүний нэр дээр 00-00 УБҮ улсын дугаартай, Тоёота Лексус ЛКС 570 маркийн автомашин бүртгэлтэй байсан, уг автомашиныг хариуцагч байгууллага 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж хураан авах ажиллагаа явуулсныг эс зөвшөөрч нэхэмжлэгч нэхэмжлэл гаргажээ. /х-1, х 129-130/

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь дээрх журмын дагуу гомдол гаргасан талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.3-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/02719 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г.Т нэхэмжлэлтэй Н-т холбогдох эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах тогтоолоор тээврийн хэрэгслийг хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.БЯМБАСҮРЭН