Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0518/з |
Дугаар | 221/МА2019/0043 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0043
“В т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Я.А, С.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нарын давж заалдах гомдлоор, “В т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/439 тоот захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
Уг маргаан бүхий газрыг Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүс болгон тогтоож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийн газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгох болон уг газарт барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэсэн. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүс тогтоох тухай Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны боловсруулсан Засгийн газрын тогтоолын төсөлд холбогдох яамд болон нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналын товчоон, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан хавсралт зурагт шүүх бодитой үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Хамгаалалтын бүсийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн эсэх нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй.
Нийслэлийн Засаг даргын тус тогтоолын төсөлд өгсөн “..Б Х О М-н хамгаалалтын бүсийг Чингисийн өргөн чөлөөний авто зам хүртэл, ...5.7 га болгох” саналын дагуу схем зураг байсан гэдэг нь илэрхий байхад уг схем зургийг нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай хэрхэн давхцах талаар мэргэжлийн байгууллагаас тодруулаагүй, хэрэв уг асуудлаар шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах бол асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээч томилох боломжтой байхад уг ажиллагааг хийж гүйцэтгэсэнгүй. /Хэргийн оролцогч болох хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хэрэв Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас баримт ирэх боломжгүй тохиолдолд шинжээч томилох талаар санал хэлж байсан болно.
2. Холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч “В т” ХХК-ийн газар эзэмших эрх 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 279 дүгээр захирамжаар анх үүсэж, улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар баталгаажсан тухай дүгнэлт хийсэн байх боловч тус газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-д заасны дагуу бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй, газар эзэмших эрхээс түрүүлж бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл бүхий эд хөрөнгийг хэрхэх талаар нарийвчлан судлаагүй хэмээн уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэсэн байна
Дээрх асуудал нь Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно”, 47.3-т “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтын дагуу шийдвэрлэх дараагийн асуудал юм.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн, холбогдох зохицуулалтыг тус маргаанд хамааралгүй боловч энэхүү маргаанд төсөөтэй байдлаар хэрэглэх талаар дурдсан нь хууль хэрэглээний том алдаа юм. Учир нь нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь хууль болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн буюу хууль бус захиргааны акт хэмээн өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хууль ёсоор үүссэний дараагаар маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн зохицуулалтыг төсөөтэй байдлаар хэрэглэж энэхүү зохицуулалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй болжээ.
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай 1994 оны хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “...соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 0,1-3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно”, Соёлын өвийг хамгаалах тухай 2001 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д "... түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно”, Соёлын өвийг хамгаалах тухай 2014 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т “түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох" эрх хэмжээ Засгийн газарт хадгалагдан байсаар байхад хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Засгийн газрын тогтоолыг шинэчлэн найруулсан хуулийн дагуу шинэчлэн батлах талаар тусгайлсан хуулийн зохицуулалтгүй бөгөөд хууль шинэчлэгдэн найруулагдах болгонд уг хуулийг үндэслэн гарсан тогтоол, захирамж, шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчлэх үйлчлэл нь алдагдахгүй бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгосон аливаа эрх зүйн акт байхгүй болно.
Баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий талаас нь эргэлзээгүйгээр дүгнэлгүйгээр хэт нэг талыг баримтлан хууль зөрчиж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэг. Нийслэлийн газрын нэгдсэн мэдээллийн санг 2004 оноос хэрэгжүүлж эхэлж, улмаар 2006 он гэхэд газрын мэдээллийн сан буюу кадастрын цахим мэдээлэл үүссэн. Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 96 тоот тогтоолоор Б Х О М-н хамгаалалтын зурвас газрыг 5,7 га байхаар тогтоож, улмаар Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын архивын лавлагаагаар кадастрын зураг тухайн үедээ хийгдэж, музейн барилгаас хойшоо 60-100 метр сунгаж, Чингисийн өргөн чөлөөний зам хүртэл байхаар хамгаалалтын бүс тогтоосон. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хоёр. Тухайн үед Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан мэдээллийн сангийн ажилтнууд Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоолын дагуу хамгаалалтын бүсийг газрын кадастрын мэдээллийн санд байршуулаагүй, сүүлд байршуулсан нь “В т” ХХК-ийн газартай давхцаагүй гэж үзэж болохгүй.
Гурав. Нийслэлийн газрын албанаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар Хавсралт зураг 1 гэсэн нотлох баримтыг ирүүлэхдээ улаан зураасаар Б Х О М-н хамгаалалтын бүсийн 5,7 га газар, ногоон зураасаар “В т” ХХК-ийн эзэмшиж буй газрыг харуулж, давхардаж байгааг үзүүлсэн нотлох баримтыг ирүүлсэн боловч шүүх дүгнэхдээ давхардсан эсэхийг ойлгомжтой, тодорхой нотлох баримтгүй байна гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, өмгөөлөгчийн зүгээс төрийн байгууллагаас нотлох баримт гаргаж өгөхгүй бол мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт 2 удаа гаргасан боловч хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
Дөрөв. ‘"В т” ХХК нь хамгаалалтын бүсэд техник оруулан газрын хөрс, хэвлийг хөндөж, барилгын суурийг 2018 оны 05 сард ухаж эхлэх үед гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан тул хойшлуулшгүй журмаар захиргааны актыг гаргаж, захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүх хуралдаан дээр үзүүлэн мэтгэлцэх зарчмаар оролцсон боловч үнэлээгүй, иймээс энэхүү хойшлуулшгүй ажиллагааны нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
Тав. Шүүх газрын кадастрын мэдээллийн санд зохих журмын дагуу албан ёсоор оруулсан нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь 2001 онд хамгаалалтын бүс тогтоосноос хойш газрын кадастрын мэдээллийн сан 2005 онд албан ёсоор бүртгэсэн боловч өмнөх гаргасан Засгийн газрын тогтоолын хамгаалалтын бүсийг нөхөж бүртгээгүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн үйлдэл болж байна.
Зургаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн видео бичлэгийг татан авч үзэх нь зүйтэй. Учир нь шүүх шийдвэрийг үндэслэл хэсгийг тайлбарлахдаа газар давхардсан талаар шүүх дүгнэлт гаргаагүй, зөвхөн сонсох ажиллагаа, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэлээ гэж тайлбарлаж байсан. Гэтэл шүүх газар давхардаагүй, давхардсан гэсэн нотлох баримт байхгүй, нотлох баримт мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй, газрын кадастрын мэдээллийн санд зохих журмын дагуу оруулаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр амаар гарахдаа өөр, бичгийн хэлбэрт оруулахдаа үндэслэл хэсгийг өөрөөр бичсэн байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.
Долоо. "В т” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан газар дээр барьсан барилга, эд хөрөнгийг хэрхэх талаар захиргааны байгууллага шийдвэрлээгүй нь нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлгүй, учир нь иргэний журмаар эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаан бүхий акт болон нэхэмжлэлийн шаардлагад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжаар “...Б Х О М-н хойд талд байрлах 16000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “В т” ХХК-д эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3., 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, “...хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, Б Х О М-н 5.7 га газрын хамгаалалтын бүсэд манай эзэмшлийн 1.6 га газар хамаарахгүй бөгөөд манайх тус газарт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс “...түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхгүй ба энэхүү шүүхийн шийдвэр нь музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль ёсны гэж дүгнэж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдвэр биш ба харин энэ шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа захиргааны шийдвэр гаргах хуульд заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, захиргааны байгууллага нягтлан шалгах, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдвэр болно” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “В т” ХХК-ийн эзэмшлийн 16000 м.кв газар нь Б Х О М-н хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэхээс шалтгаалан маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхийг дүгнэх боломж бүрдэхээр байхад анхан шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй, шаардлагатай баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулаагүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Богд хааны Ногоон ордныг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор “Б х Н о-ны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоож, хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн, ийнхүү тогтоосон 5.7 га газрын кадастрын зураг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй байх тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч “В т” ХХК-д 16000 м.кв эзэмшүүлсэн газар нь дээрх хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх, газрын давхцал байгаа эсэхийг шууд дүгнэх боломжгүй.
Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг явуулсан байх боловч Б Х О М-н хамгаалалтын бүсийг тогтоосон 5.7 га газрын кадастрын зураг, эргэлтийн цэгийг тодорхойлсон зураг гарсан эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл тухайн 5.7 га газрын байршил бүрэн тогтоогдоогүй, дээрх газрын кадастрын зураг албан ёсоор гарсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн “Б х Н о-ны хамгаалалтын бүс” гэх зураг нь Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор батлагдсан зураг мөн эсэх, эсхүл уг тогтоолын төсөлд яам, бусад холбогдох газруудаас ирүүлсэн төсөл хэлбэрээр хэвлэсэн зураг эсэх нь ойлгомжгүй байна.
Тиймээс анхан шатны шүүх энэ талаар тодруулж, нэхэмжлэгч “В т” ХХК-ийн эзэмшлийн 16 000 м.кв газар нь Б Х О М-н хамгаалалтын бүсийн газартай аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцаж байгаа болох эсхүл бүхэлдээ давхцаж байгаа эсэх, энэ нь хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт өгч, энэхүү маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч “В т” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт Б Х О М-н хамгаалалтын бүсэд давхцуулан газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байж болохоор байх тул маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь учир дутагдалтай юм.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлийг нарийвчлан тогтоож, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох маргааны гол үйл баримтад дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН