Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0029

 

Н.Н-ын нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

        Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0422 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 547 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-О нарыг /онлайн/-аар оролцуулж,

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, З.Б нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0422 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 8 дугаар зүйлийн 8.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 547 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, З.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... өмгөөлөгч Р.О, З.Б бид нэхэмжлэгч Н.Н-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэйгээр оролцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хэд хэдэн хууль зүйн үндэслэл байгааг танилцуулах зэргээр идэвхтэй оролцсон ч шүүхийн магадлалын удиртгал хэсгийн хуралдаанд оролцогчийн талаарх мэдээлэлд бидний нэрийг огт бичээгүйгээр зогсохгүй шүүхийн магадлалын тодорхойлох хэсэг болон хянавал хэсэгт бидний шүүхэд өгсөн тайлбар, хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь орхигдуулж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг онцлон тэмдэглэж байна.

4. Гомдлын үндэслэл: 1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.3.7 дахь хэсэгт заасныг зөрчиж Н.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх алдааг хэрхэх талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөөгүй алдаа гаргасан тухайд,

5. Нэхэмжлэгч Н.Н нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

6. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны 1868 дугаартай тэмдэглэлд бичигдсэнээр нэхэмжлэгч Н.Н-ын өмгөөлөгч Г.Н-ийн зүгээс дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн гаргасан шийдвэр нь Төрийн өмчийн хорооноос нээлттэй дуудлага худалдаа явуулсны дагуу иргэн Н.Н-ын худалдаж авсан Булган аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Булган аймгийн нисэх буудлын хөрөнгөд бүртгэлтэй хуучин нисэх буудлын барилга, байгууламжийг /Нисэх буудлын барилга, уурын зуух, дэд станцын байр, онгоц буух шороон зурвас, АН-2 агаарын хөлгийн зогсоол, төмөр хашаа, үерийн далан, матч, бетондсон зам талбай/ өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, зөрчиж байгаа учир өмчлөх эрхээ хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан талаар маш тодорхой тайлбарлажээ.

7. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын чухал үндэслэлийн нэг болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Н.Н-ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан Нисэх онгоцны буудлын барилга, байгууламжийн өмчлөх эрхийг обьектив, субьектив байдлаар хөндөж, зөрчиж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан байдаг. Харин анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгч Н.Н-т Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар захирамжаар дээрх барилга, байгууламжийг оролцууаад үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 78.8 га газрыг эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэлт өгсөн байдаг. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу иргэний Үндсэн хууль, Иргэний хуулиар хамгаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан ноцтой алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх хяналтын чиг үүргээ биелүүлэхгүйгээр, магадлалд энэ талаар ямар нэг эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалтыг зөрчиж байна.

8. Гомдлын үндэслэл 2. Газартай холбоотой эрх ашиг хэнд түрүүлж үүссэн талаарх факт, мэдээлэл, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, дүгнэлт өгөх үүргээ анхан шатны шүүх дутуу, алдаатай хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс дутуу хянаж, буруу дүгнэлт өгсөн тухайд,

9. Булган аймгийн Нисэх буудал нь 1957 оны 7 дугаар сарын 7-нд агаарын тээврийн АН-72 маркийн онгоцоор Улаанбаатар-Булган чиглэлд нислэг хийж эхэлснээр үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нисэх буудлын барилга, байгууламж (Нисэх буудлын барилга, уурын зуух, дэд станцын байр, онгоц буух шороон зурвас, АН-2 агаарын хөлгийн зогсоол, төмөр хашаа, үерийн далан, матч, бетондсон зам талбай) зэрэг өөрийн хөрөнгөтэй болсон бөгөөд тэдгээр нь 2014 оныг хүртэл Монгол Улсын Засгийн газрын өмчид бүртгэлтэй байжээ.

10. Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоолоор нисэх буудлын барилга байгууламжийг худалдах нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж улмаар иргэн Н.Н нь уг барилга, байгууламжийг өмчлөх эрхийг газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн авчээ.

11. Гэтэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлээ зөвтгөн тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Н-ын өмчилж байгаа барилга, байгууламж, эзэмшиж буй газар нь “Э ү” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байна хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар болон уг газар дээр баригдсан Н.Н-ын өмчлөлийн барилга, байгууламжийн доор газрын эрхтэй холбоотой эрх ашиг хэдийд үүссэн эсэхэд ихээхэн эрх зүйн ач холбогдол өгчээ.

12. Гэвч ийнхүү газартай холбоотой эрх ашиг хэнд, хэрхэн үүссэн талаарх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн харилцаанд хамааралтай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхээс ихээхэн хойрго ханджээ. Нэхэмжлэгчийн зүгээс “Э ү” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх үед Булган аймгийн Нисэх онгоцны буудал нь газар эзэмших эрхтэй байсан болохыг нотлох үүднээс маргаан бүхий газрын “Түүхчилсэн лавлагаа”-г гаргуулах тухай хүсэлтийг гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт давхцал бүхий газрын түүхчилсэн лавлагааг авахаар албан бичиг хүргүүлсэн. (ХХ-ын 93 хуудас)

13. Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр “Н.Н-ын хувийн хэргийг хуулбарлан хүргүүллээ” гэсэн агуулгатай 31 хуудас хавсралттай материалыг шүүхэд ирүүлсэн байдаг. Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн баримт нь давхцал бүхий газрын түүхчилсэн лавлагаа бус зөвхөн Наранбаатарын эзэмшилд шилжсэнээс хойшхи материалыг ирүүлсэн нь шүүгчийн гаргасан захирамж бүрэн, бодитой биелээгүйн зэрэгцээ шүүхээс хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн процессын алдаа гарахад нөлөөлсөн.

14. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий газрын түүхчилсэн лавлагааг гаргуулах албан бичгийн хариуг авч талуудын мэтгэлцэх боломжоор хангах, шүүгч нотлох баримтанд үндэслэн хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх шаардлагатай.

15. Гомдлын үндэслэл 3. Шүүхээс шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй талаар. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөх эрх бүхий барилга, байгууламжийн хамаарах газар дээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон тул өмчлөх эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

16. Учир нь нэхэмжлэгч Н.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай Булган аймгийн Нисэх буудлын хөрөнгөд бүртгэлтэй хуучин Нисэх буудлын барилга, байгууламж болох цогцолбор хөрөнгө болох Нисэх буудлын барилга, уурын зуух, дэд станцын байр, онгоц буух шороон зурвас, АН-2 агаарын хөлгийн зогсоол, төмөр хашаа, үерийн далан, матч, бетондсон зам талбай зэрэг хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Барилга хүлээлцсэн актыг үйлдэж хүлээн авсан байдаг. (ХХ-ын 2-ийн 22 хуудас).

17. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон Наранбаатарын эзэмшлийн газрын давхцалыг тогтоолгохоор шинжээч томилсоны дагуу газар эзэмших эрхтэй зарим хэсгээр давхцсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд Н.Н-ын өмчилж байгаа дээрх үл хөдлөх хөрөнгө нь “Э ү” ХХК-д олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлаж байгаа юу? Эсхүл давхцаагүй талбайд байрлаж байгаа эсэх талаар тодорхой дүгнэлт өгөөгүй бөгөөд дээрх асуудлыг шүүхийн зүгээс тодруулаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхээс цуглуулаагүй, шүүх хуралдааны явцад талуудаас тодруулаагүй байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан барилга, байгууламж нь давхцалгүй хэсэгт байрлаж байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нарийвчлан тогтоох шаардлагагүй” хэмээн үзжээ. Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хэсэг болох өмчлөх эрх хөндөгдөж, зөрчигдсөн талаарх маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой факт болох Н.Н-ын өмчилж байгаа барилга, байгууламж нь “Э ү” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газарт байрлаж байгаа эсэх нь хэргийг шүүхээс шийдвэрлэхэд ач холбогдолгүй хэмээн үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвтгөн хүлээн авах боломжгүй.

18. Шүүхээс уг асуудлыг хуулийн хүрээнд, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхийн тулд дээрх хөрөнгө тус бүрийн зориулалтын онцлог, эд хөрөнгийн бүрэлдэхүүн, түүнийг бүрдүүлж бүрэлдэхүүн хэсгүүд, хөрөнгө нь далангаар хүрээлэгдсэн байдал гэх зэрэг бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзлэг хийж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай байсан хэмээн үзэж байна. Учир нь өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар хамгаалагдсан туйлын эрх бөгөөд өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл, журмыг хуулиар маш тодорхой хуульчилсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна хэмээн заасан ажиллагааг явуулах шаардлагатай байсан.

19. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана, 127.2.5 шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах хэмээн заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 547 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

21. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “Э ү” ТӨҮГ-аас гаргасан NM-025686 дугаартай өргөдлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг, Баруун-Эрдэнэт-5 нэртэй 1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, ашигт малтмал ашиглалтын MV-..... дугаартай тусгай зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгч Н.Н-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан үндэслэлээ ... Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 515 дугаар тогтоолын дагуу дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд хамаарах ..., Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон ... нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг ...зөрчсөн, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхийг ...хөндсөн гэж маргажээ.

22. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл,   Төрийн өмчийн хороо (тухайн үеийн нэрээр)-ны 2014 оны 353 дугаар тогтоолоор  Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь нисэх буудлын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай, хуучин нисэх буудлын барилга байгууламж (77 м.кв талбайтай дэд станцын байр, 252 м.кв талбайтай нисэх буудлын барилга, 15 м.кв талбайтай автомашины гаражийн барилга)-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, мөн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоолоор уг барилга байгууламжийн өмчлөх эрхийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нээлттэй дуудлага худалдааны ялагч Н.Н-т шилжүүлэн олгохоор шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн 00531 дугаар гэрчилгээг Н.Н-т олгосон, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан Чингэлийн гол гудамжны хойд талд байрлалтай 478 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй /оффис 385 м.кв, дэд станцын барилга 93 м.кв/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Н, Э.Самдан нарыг бүртгэж, өмчлөх эрхийн ..... дугаартай гэрчилгээ олгосон, түүнчлэн, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар Баянцагаан багийн нутаг дэвсгэр Чингэлийн голын хойд талд байршуулан, 78.8 га газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар Н.Н-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн ..... дугаар гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

23. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг дутуу цуглуулж, зөрүүтэй нотлох баримтуудын талаар тодруулаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан дүгнэвэл зохих хууль зүйн дүгнэлтүүдийг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

24. Тухайлбал, хэрэгт хариуцагчаас ирүүлсэн “...Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг Баруун-Эрдэнэт-5 нэртэй 34,189.57 гектар газарт 2000 онд “Э ү” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1400.24 гектар бүхий талбайд “Э ү” ТӨҮГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр NM-025685 дугаартай өргөдөл гаргасны дагуу маргаан бүхий шийдвэрээр “Э ү” ТӨҮГ-т ашигт малтмалын ашиглалтын MV-..... тоот тусгай зөвшөөрлийг олгосон гэх тайлбар, “... Н.Н-ын 787249 м.кв талбай бүхий нэгж талбарын 6102101467 дугаартай газрын мэдээлэлтэй “Э ү” ТӨҮГ-ын ашиглалтын талбайн солбицлын утгыг боловсруулан цэгийн мэдээллийг оруулахад давхцалгүй байна гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/1773 дугаар албан бичиг, ... Н.Н-ын нэр дээр эзэмших эрхтэй бүртгэгдсэн 78.7 га /бодит байдалд 75.6 га байгаа/ газар нь ... /”Э ү” ТӨҮГ-ын/ 34186 га талбайтай давхцуулахад давхцалгүй, ... /харин/ “Э ү” ТӨҮГ-ын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий МV-..... дугаартай 1400.95 га талбай газартай 73.2 га талбайгаар давхцаж байна” гэх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/233 шинжээчийн дүгнэлт тус тус авагджээ.

25. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ ... 2014 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөд хамаарах газарт давхцуулсан гэж маргасан байх тул газрын давхцлын талаарх маргаанд шүүх эцэслэн дүгнэлт хийх шаардлагатай байхад Н.Н-ын дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд нь бодит байдалд хаана байрлалтай,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “Э ү” ТӨҮГ-т ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байрлаж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүхүүд маргааны үйл баримтуудад түрүүлж үүссэн эрх-ийн агуулгаар, цаг хугацааны дарааллаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн бий болсон цаг хугацаанд холбогдуулж дүгнэлт хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хэсэг болох өмчлөх эрх хөндөгдөж, зөрчигдсөн талаарх маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой факт болох Н.Н-ын өмчилж байгаа барилга, байгууламж нь “Э ү” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газарт байрлаж байгаа эсэх талаар ... /шүүх дүгнэлт хийгээгүй/” гэх гомдол үндэслэлтэй. 

26. Түүнчлэн, “Э ү” ТӨҮГ нь XV-..... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч  NM-025686 дугаартай өргөдөл гаргахдаа түгээмэл тархацтай ашигт малтмал гэж тодорхойлсон, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Н/07 дугаартай “Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай” тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны ХХ-12-01 дугаар дүгнэлтийг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших ХV-..... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах “Дэлт толгой”-н “барилгын чулууны ордын нөөц”-ийг хүлээн авсан гэх, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ дүгнэсэн тухай 2016/18 дугаар актаар ... XV-..... дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э ү” /нь/ ... Чингэлийн гол-2 элсний ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актаар  түгээмэл тархацтай ашигт малтмал-ын тусгай зөвшөөрөл олгосон эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, маргаан бүхий харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг эсхүл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.

27. Шүүхээс тодруулах шаардлагатай дээрх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “… Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэтийн зэс-молибдений ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан, дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоол гаргаж, Эрдэнэтийн зэс-молибдений ордын талбайн хэмжээг 246504,22 га-аар тогтоож, талбайн хил заагийг тогтоосон, энэхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газартай нэхэмжлэгчийн 6102101467 нэгж талбарын дугаар бүхий 78,7 м.кв газар давхцалтай гэх дүгнэлтэд нөлөөлөх эсэх, өөрөөр хэлбэл, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр түгээмэл тархацтай ашигт малтмал, эсхүл зэс-молбидений орд-ын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах нь шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тодорхойлоход нөлөөлөхөөр байна.

28. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, З.Б нарын гаргасан гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0422 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 547 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧ                                               Д.МӨНХТУЯА