Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018\ШЦТ\404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0030/Э/001/2018/0462

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Н.А- , Я.Ц-,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.П өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч, хохирогч Б.М өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Б.П,

Шүүгдэгч, хохирогч Б.М-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т  зааснаар шүүгдэгч П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000893 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.П-  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т  заасан,

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.П-  нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичих, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

-иргэн Н.А 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 22 айлын орон сууцны 09 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3 983 000 төгрөгийг иргэн С.Т ХААН банкны******* тоот дансаар;

-иргэн Б.Я 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 60 айлын орон сууцны 52 тоот 1 өрөө 34.98 метр квадрат талбайтай байрны үлдэгдэл төлбөр болох 400 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансаар;

-иргэн Б.С 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт өөрийн эзэмшлийн хар өнгийн приус 20 маркийн машин дотор 60 айлын орон сууцны 14 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5 775 000 төгрөг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;

-иргэн Я.Ц 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5 775 000 төгрөгийг хадам эгч Э.У эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар,

мөн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 айлын орон сууцны 18 тоот 2 өрөө 52.5 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3 983 100 төгрөгийг иргэн Ж.Н эзэмшлийн ХААН банкны *******тоот дансаар, нийт 9 758 100 төгрөгийг дансаар;

-иргэн Б.Б 2014 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Сөгнөгөр Хайрхан" ХХК-ний баригдаж буй барилгын байранд 60 айлын орон сууцны 53 тоот 2 өрөө 36.21 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 3 983 100 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;

-иргэн О.Т 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 24-11 тоотод байрлах өөрийн гэртээ 22 айлын орон сууцны 15 тоот 2 өрөө 47 метр квадрат талбайтай байрны урьдчилгаа төлбөр гэж 5 200 000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;

-иргэн Б.А 2015 оны 3 дугаар сарын 09-ий өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 22 айлын орон сууцны 7 тоот 47 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж 3 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын дундуур 2 170 000 төгрөг, нийт 5 170 000 төгрөг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр;

-иргэн Б.М 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ний баригдаж байсан барилгын байранд 22 айлын орон сууцны 41 тоот 40.41 метр квадрат талбайтай 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 600 000 төгрөг, 3 500 000 төгрөгөөр тооцож Хьюндай грейс маркийн 4649 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 545 000 төгрөг, нийт 4 645 000 төгрөгийг;

-иргэн Д.Э 2015 оны 5 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ний баригдаж байсан барилгын байранд байрны захиалгын урьдчилгаа төлбөр гэж 100 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах гэрээс нь ирж 800 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт бичиж бэлнээр тус тус шилжүүлэн авч залилж, нийт 39 814 200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт Хьюндай грейс маркийн 4649 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 500 000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаа төлбөрт Б.П өгсөн болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Б мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-7 жил микро автобус жолоодож байсан байсан. Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн 4649 ДГО улсын дугаартай автомашиныг заруулах гэж ******* өгч явуулсан. Машин Б өгч явуулсан нь түүний эхнэр П огт хамаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.П өгсөн: Би 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Сөгнөгөр хайрхан" ХХК-нд нягтлан бодогчоор ажилд орж 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа эдгээр хүмүүсээс дээрх мөнгийг авсан нь үнэн. Миний бие уг хүмүүсийн мөнгийг төлж барагдуулах болно. ...Тоймтой яг юунд зарцуулсан талаар хэлж мэдэхгүй байна. ...Мөнгөний хэрэг гарах үедээ бага багаар нь авч хэрэглэж байгаад буцааж нөхөж хийнэ гэж бодож байгаад ийм асуудалд орчихлоо. Өөр ямар нэгэн санаа байгаагүй. ...******* нь манай нөхрийн эгч, С.Т, Ж.Н хоёр нь таньдаг хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийн дансыг нь ашигласан гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.М өгсөн: Би Микро автобусаа 3 500 000 төгрөгөөр тооцож байрны урьдчилгаанд өгсөнөө өгөөгүй, энэ асуудал*******хамаагүй гэж худлаа хэлсэн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Б.М хохирогчоор өгсөн: Би хохирлоо бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Хохирогч Я.Ц өгсөн: П машинаараа компанийхаа барьж буй барилга дээр намайг аваачиж үзүүлээд 22 айлын орон сууцанд 1 давхарт 2 өрөө байр байгаа гэж хэлээд намайг компанийхаа данс руу 5 775 000 төгрөгийг 2014 оны 10 сарын 03-нд тушаалгасан. Маргааш өдөр нь П таны захиалсан байрыг захирал бэлэн мөнгөөр худалдсан байна. Мөнгөө буцааж ав гээд миний данс руу мөнгийг буцааж хийсэн. Одоо таны захиалсан байрны 4 давхарт 2 өрөө байр захиалсан хүн нь больж байна тэрийг авах уу хэрэв авахаар бол захиалгаа больж байгаа хүний данс руу мөнгөө хийчих тэр хүний гэрээг таны нэр дээр болгоно гэж хэлэхээр нь 2014 оны 11 сарын эхээр У гэж хүний данс руу би өөрийн нэрээр 5 775 000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа дахиад байр гарлаа гэж П хэлэхээр нь миний бие Жигжидийн Н гэж хүний данс руу 3 983 100 төгрөгийг хүү Г нэрээр шилжүүлсэн, сүүлийн байрны захиалгыг Л.Я гэж хүний нэр дээр хийсэн. Уг хүн мөнгөний асуудалд хамаа байхгүй, ахмад настай хүн гэдгээр нь бичиг баримтыг нь ашигласан. Ж.Н гэж хүний нэр дээр хийгдсэн байсан гэрээний нэрийг дараад манай хүү Г өгөөд надад шинэ гэрээ өгсөн. Гэрээнд миний бие захиалагчаар орж манай хүү Я эгчийн өв залгамжлагчаар орсон. Компаний захирал Э байгаагүй, Э гарын үсэг тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч П надад өгсөн. Гомдолтой байна, 9 758 100 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.А өгсөн: Миний бие П гэх хүний 94***724 дугаарын утас руу ярихад П манайд байр байхгүй, ганц нэг хүмүүс байраа буцаагаад мөнгөө буцааж авах асуудал яригдаж байгаа, хэрэв хүмүүс болих юм бол танд хэлье гэсэн. 2-3 хоногийн дараа ******* над руу яриад Я гэх хүн байр захиалсан мөнгөө буцаая гэж байна, та Я гэж хүн рүү ярь гэж хэлээд надад нэг мобикомын утасны дугаар өгсөн. Би Я гэх хүнтэй утсаар ярихад өөрийгөө Я гэх хүн би байраа буцаах гэж байгаа, мөнгөө авах гэж байгаа, энэ данс руу мөнгөө шилжүүлчих манай хүүхдийн данс байгаа юм гэж хэлээд надад 51****3828 дугаарын дансыг өгөөд би Хөвсгөлд явж байсан болохоор охин Т энэ данс руу 3 983 000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлүүлсэн. Тэгээд би өөр хүний данс байна гэхээр нь П асуусан чинь хүүхдийнх нь данс байгаа юм гэж хэлсэн. “...та даргатай уулзаад хэрэггүй та Улаанбаатарын хүн болохоор би өөрөө зохицуулаад байрны захиалгад оруулчихна гэж байсан. Тэгээд дарга нараа таньтай уулзах зав байхгүй гээд уулзуулахгүй байсан. “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр компаний захирал гэх Э уулзахад “Я гэх хүн байрны захиалга өгсөн гэрээ нь хэвээрээ байна манай дансанд орж ирсэн мөнгө нь хэвээрээ буцаан олголт хийгдээгүй байна. Иймд П гэх манай компанид ажиллаж байсан хүн таны мөнгийг худлаа яриад авсан байна, юунд яаж зарцуулсан талаар нь би мэдэхгүй юм” гэж хэлсэн. Гомдолтой байна. 3 983 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Б өгсөн: 2014 оны 11 дүгээр сард байрны захиалгыг П өгч, урьдчилгаа 10 хувь 3 983 100 төгрөгөө бэлнээр нь төлөөд, мөнгө төлсөн баримт авч, гэрээ хийсэн. Гэрээг ээж Б.Н нэрээр байгуулж, би өөрөө өв залгамжлагчаар уг гэрээнд оролцсон. Компаний захирал Э өөрийн биеэр байгаагүй, Э гарын үсэг, тамга байхгүй, нягтлан бодогч П нь гэрээг өөрийн гараар бичиж өгсөн гэх мэдүүлэг /2-р хх 134/,

 

Хохирогч Б.А өгсөн: 2015 оны 3 дугаар сарын 09-нд П уулзахад миний таньдаг хөгшин байдаг юм тэр хүний нэрээр чамайг өв залгамжлагчаар нь оруулаад байр захиалж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2015.3.09-нд 3 000 000 төгрөг, цэргийн баярын дараахан 2 170 000 төгрөг, нийтдээ 5 170 000 төгрөгийг бэлнээр П өгсөн. Харин П надад кассын орлогын ордер гэсэн бичиг хийж өгсөн. Чамайг өмнө нь захиалсан болгож гэрээний он сарыг 2014 оны 4-р сарын 13 гэж бичлээ гэж хэлээд надад компаний захирал Э, Х гэх хүмүүсийн гарын үсэгтэй гэрээг авчирч өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Х, Э гэх хүмүүстэй би огт уулзаагүй. П надаас авсан мөнгөө захиралдаа өгөхийг огт хараагүй. Гомдолтой байна, 5 170 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх 242/,

 

Хохирогч Б.Я өгсөн: "Сөгнөгөр хайрхан" ХХК-тай 60 айлын орон сууцны 4 давхрын 54 тоотод 2 өрөө байр захиалж урьдчилгаа 10 хувь буюу 3 843 700 төгрөгийг тушаах ёстойгоос компаний 5009327114 тоот данс руу 2014.6.09-нд 2 500 000 төгрөг тушаасан. Тэгтэл компаний нягтлан П байрны үлдэгдэл мөнгөө энэ данс руу хий гэж өөрийнхөө 5048120146 данс өгсөн. Миний хүү Батболд 2014.8.15-ны өдөр “Б байрны төлбөр” гээд 400 000 төгрөг шилжүүлсэн байгаа юм. Сүүлд 2015.4.08-нд 947 700 төгрөгийг "Сөгнөгөр хайрхан" ХХК-ийн *******тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл 400 000 төгрөг нь компаний дансанд ороогүй П өөртөө авч ашигласан байна гэдгийг захирал Э нь 2015 оны 12 сард хэлсэн. Иймд П 400 000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх 228/,

 

Хохирогч О.Т өгсөн: 2 өрөө 47 мкв сууцны төлбөрийг мкв нь 1 100 000 төгрөгөөр бодоод 10 хувийн урьдчилгаа 5 200 000 төгрөгийг тушааж кассын орлогын баримт авсан. Ингээд “Орон сууц захиалсан” гэрээг П хийсэн. 2016 оны 01 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт миний бие өөрийн биеэр ирж, тус компаний захирал Э уулзахад таны байрны захиалгыг манайх аваагүй, нягтлангаар ажиллаж байсан П таны бичиг баримтыг ашиглан залилсан байна гэж хэлсэн. Компаний захирал Э байгаагүй, ******* гарын үсэгтэй, тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч П нь гаргаж ирээд гэрээг хийсэн. Мөн Ц гэж хүн гэрээнд огт оролцоогүй. Гомдолтой байна. 5 200 000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх  250/,

 

Хохирогч Б.С өгсөн: Манай эхнэрийн гоо сайхны салоноор “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ний нягтлан ажилтай П гэх эмэгтэй үйлчлүүлж байгаад байрны талаар эхнэртэй яриад нэг хүн байраа авахгүй мөнгөө буцааж авна гээд байна гэж хэлсэн байдаг. Тэгээд П 5 775 000 төгрөгийг эхнэр бид хоёроос бэлнээр аваад санхүүгийн тамгатай баримт өгсөн. Үүний дагуу 60 айлын орон сууцны 4 давхарт 14 тоотод 2 өрөө байр захиалж “Орон сууц захиалгаар барих гэрээ” хийсэн. Гэтэл одоо уг компаний захирал нь мөнгийг нь аваагүй, нягтлан бодогч П нь биднээс авсан мөнгөө захиралд өгсөн гэж яриад манайх уг байранд захиалагч биш болж таараад байна. Иймд бэлэн мөнгөө авах хүсэлтэй байна. Гэрээг манай аав Батсүх байгуулж, би Б залгамжлагчаар уг гэрээнд оролцсон. Компаний захирал Э байгаагүй, ******* гарын үсэг тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч П нь гаргаж ирээд өөрийнхөө барьж явсан хар өнгийн Приус 20 маркийн машинд гэрээг өгсөн. Түүнээс хойш тус компаний захирал Э уулзах гэхэд П арга саам гаргаж уулзуулахгүй байдаг байсан. Гэтэл Э нь байр захиалсан хүмүүсээ дуудаж уулзахад миний захиалга бүртгэгдээгүй байсан. П мөнгө тушаасан гэж гэрээгээ үзүүлэхэд дахин залилсан асуудал орж ирж байна өргөдлөө бичээд цагдаад ханд гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 221, 2-р хх 201/,

 

Хохирогч Д.Э өгсөн: П гэх эмэгтэй эхний 50 айлд урамшуулалтай, урамшуулал дуусах гээд байгаа учраас та дансаа нээлгэчих гэхэд нь би өөрт байсан бэлэн 100 000 төгрөгийг өгөхөд “кассын орлогын ордер” гэсэн бичигтэй баримт өгсөн. 2015 оны 6 сарын 03, 04-ний өдөр П над руу утсаар яриад манай компани үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна, байрны урьдчилгаа мөнгөнөөсөө өгөөч гэхэд нь би гэрээсээ гарах боломжгүй байгаагаа хэлсэн. Тэгэхэд тэр бараан өнгийн Приус 20 маркийн машинтай гэрт ирж надад байсан 800 000 төгрөгийг авсан мөн “кассын орлогын ордер” гэсэн баримт бичиж өгсөн. П тухайн үед хэлэхдээ урьдчилгаа мөнгөний 50 хувийг нь авч байж гэрээгээ хийнэ гэж хэлээд гэрээ хийгээгүй. Тэгэхэд нь би П эгч нь байгаа мөнгөөрөө ногоо тарьчихлаа ургацаа авчхаад урьдчилгаагаа гүйцээж өгье гэхэд болно гэж байсан.  П бичиг баримтаа цэгцлээд миний өгсөн баримтыг хурааж далд хийчхээд би танд одоо 200 000 төгрөг л өгнө үлдэгдэл мөнгийг нь 9 сард төлж барагдуулна гэсэн. Тэр надад хэлсний дагуу 9 сард мөнгө өгөөгүй нэхүүлж байж 10 сард 300 000 төгрөг миний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш П надтай холбоо бариагүй алга болсон учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг /2-р хх 210-211/,

 

Хохирогчоор Б.М өгсөн: 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Сөгнөгөр хайрхан" ХХК-ны байранд очиж тус компаний ерөнхий нягтлан бодогч Б.П гурван талт гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай 2 өрөө байрны 5 давхарт 40.41 мкв талбайтай орон сууцыг захиалж 3 500 000 төгрөгийг манай гэрийн хашаанд байсан микро автобусыг авахаар болоод үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр болсон. Тэгээд эхний ээлжинд урьдчилгаанд 600 000 төгрөг өгөхөд үлдсэн мөнгөө хурдан хугацаанд өгөөрэй манай захирал хотод байгаа гэж хэлсэн. Үүний дараа 2015.5.18-ны өдөр П манай гэрт ирээд надаас 545 000 төгрөг аваад явсан. Өөрийн гарын үсэгтэй таны үлдэгдэл энэ шүү гэж хэлээд надад цаасан дээр бичиж өгсөн. 2015.5.21-ний өдөр Б.П өөрийнхөө хар өнгийн Приус маркийн машинтай нөхөр болох Б хамт ирээд хашаанд байсан микро автобусыг аваад явсан. Би анх мэдүүлэг өгөхдөө 4649 ДГО улсын дугаартай микро автобусыг байрны урьдчилгааны төлбөр мөнгөнд тооцон авч явсан гэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Сүүлд П нөхөр Б хамт манай гэрт ирээд манай эхнэр У.Ц уулзаж микро автобусыг байрны урьдчилгаанд өгөөгүй заруулах гэж өгсөн гэж хэлээд өгөөч гэж гуйгаад явсан. Бүр сүүлд өмгөөлөгчтэйгөө ирээд дахин гуйж ятгаж байгаад авсан мөнгийг чинь хурдан барагдуулна гээд гуйгаад байхаар нь сүүлд өгсөн мэдүүлэг дээрээ өөрчилж хэлсэн. Мөн өмгөөлөгч нь та хоёр ямар ч шийтгэл байхгүй, хэрвээ төлбөр мөнгө гарах юм бол П төлнө гэж хэлсэн гэх мэдүүлэг /5-р хх 34, 58-59/,    

 

Гэрч Э.У өгсөн: Манай бэр П таны дансаар мөнгө авах хэрэгтэй байна, та дансаа өгчих гэхээр нь би дансаа өгөөд миний данс руу тухайн өдөр 5 775 000 төгрөг орж ирсэн Уг мөнгийг би зарлагадаж аваад бэлнээр П өгсөн гэх мэдүүлэг /2-р хх 23/,

 

Гэрч Ж.Н өгсөн: Би хүнээс байрны урьдчилгаа гэж мөнгө огт аваагүй. Өдөр сарыг нь санахгүй байна. Намар байсан санаж байна П танд Хаан банкны карт байна уу таны данс руу мөнгө хийгээд авмаар байна аваад өг гэхээр нь би өөрийн биеэр данснаасаа уг мөнгийг аваад П бэлнээр өгсөн. Ямар учиртай мөнгө болох талаараа огт яриагүй гэх мэдүүлэг /2-р хх 138/,

 

Гэрч Т.Э өгсөн: 2014 оны 6 дугаар сарын 01-нээс өмнөх гэрээг миний бие өөрийн биеэр хийж урьдчилгаа төлбөрийг зөвхөн компаний дансаар авдаг байсан. 2014 оны 6 дугаар сарын 01-нээс хойших гэрээг П хийж мөн төлбөрийг компаний дансаар авдаг байсан. Кассын орлогын ордер гэсэн баримт манай компани ашиглаж байгаагүй, урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөний баримтаар огт авч байгаагүй. 2013 онд манай компани нягтлан анх авч ажиллуулж байхад их хэмжээний мөнгө орж ирэх болохоор санхүүгийн тэмдэг шаардлагатай гэж нягтлантайгаа ярилцаад уг тэмдгийг хийлгэж байсан. Уг тэмдгийг огт ашиглаж байгаагүй. Харин П нягтлан болоод санхүүгийн тэмдэг хэрэгтэй гэхээр нь санхүүгийн тэмдгийг П хүлээлгэн өгч байсан. Цалин тавиад П гаргаад цалингийн хавтгай дээр тэмдэг дарж байсан. Манай компани захиалга өгөх гэж байгаа хүмүүстэйгээ эхлээд уулзаад нөхцөл байдлаа танилцуулаад тухайн хүн зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрөө компаний данс руу хийсэн баримтаа авчирсан тохиолдолд гэрээг хийдэг. Намайг ажлаар гадагш дотогш явахад гэрээ хийх шаардлага гарч байна гэж нягтлан П хэлээд та надад бэлэн гарын үсэг зураад тамгаа дараад өгөөч гэхээр нь би нягтландаа итгээд өгч байсан. Харин эдгээр гэрээнүүдийг ийм зүйлд ашиглаж, иргэдийг хохирооно гэж огт бодоогүй байлаа. 2014 оны 8 дугаар сарын эхээр ажилчдын цалин тавихын тулд П бэлнээр 2 500 000 төгрөг зээлж аваад 2014.8.12-ны өдөр компаний данснаас цалингийн зээлийн буцаан төлөлт гэж ******* данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд Орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 204 дүгээр хуудсанд Орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудсанд Орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн хавтасны 246 дугаар хуудасны арын нүүрний гүйцэтгэгчийн төлөөлсөн гэсэн хэсэг дэх миний гарын үсгүүдийг хуурамчаар зурсан байх магадлалтай гэж үзэж байна” гэх мэдүүлэг /2-р хх 139-140, 3-р хх 32/,

 

Гэрч Э.Э өгсөн: Хадам аав М унадаг байсан******* улсын дугаартай микро автобусыг манай аав Э хашаанд 2015 оны 8 дугаар сард авчирсан байсан. Би хадмын машин болохоор нь унаад Салхит руу явж байгаад баруун талын урд дугуй хагарсны улмаас хажуугаар нь унагачихсан. Хадам аав М 3 500 000 төгрөгийг төлөөрэй гэж байсан гэх мэдүүлэг /3-р хх 83/,

Гэрч С.Т өгсөн: ******* гэх эмэгтэй найзаасаа мөнгө авах гэж байгаа юм аа чамд Хаан банкны данс байна уу гэхээр нь би дансаа өгөөд виза картаа бас өгсөн. Миний виза картыг авч яваад мөнгөө авсан. Би хэдэн төгрөг миний данс руу орсон, хэдэн төгрөгийг П авсан талаар мэдэхгүй. Манай ээж болон манай гэр бүлийн зүгээс тус компанид байр огт захиалж байгаагүй. П Олон улс худалдааны төв дээр таараад цагдаагаас чамайг дуудаж магадгүй шүү, хэрэв дуудах юм бол мөнгийг захирал нь гаргаж авсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь юм хэлээгүй гэх мэдүүлэг /2-р хх 22/,

 

У.Ц шүүгдэгчээр өгсөн: Би нөхөр М ярилцаад бид хоёр нөхрийн нэрээр 2 өрөө байр захиалахаар болоод 2015.5.15-ны өдөр 600 000 төгрөг өгөөд мөн микро автобусаа 3 500 000 төгрөгт бодоод П өгсөн. 2015.5.28-ны өдөр 545 000 төгрөгийг бэлнээр П өгөөд манайд кассын орлогын баримт, мөн М нэрээр орон сууц захиалах гэрээ хийж өгсөн. П бэлэн мөнгө байхгүй байна нэг микро автобус байдаг юм түүнийг 3 500 000 төгрөгт тооцож өгье гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн хэд хоногийн дараа П нөхрийнхөө хамт ирээд манай микро автобусыг аваад явсан гэх мэдүүлэг /1-р хх 248, 2-р хх 190/,

 

Яллагдагч Б.М гэрчээр өгсөн: Б мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-7 жил микро автобус жолоодож байсан. Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн******* улсын дугаартай автомашиныг заруулах гэж Б өгч явуулсан. Машин Б өгч явуулсан нь түүний эхнэр П огт хамаагүй. Машин зарагдвал тэр мөнгийг нь байрныхаа урьдчилгаанд өгье гэж эхнэр бид хоёр бодож байсан юм гэх мэдүүлэг /3-р хх 249, 4-р хх 7/ ,

 

"Сөгнөгөр хайрхан" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 6/, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны Ахмадуудын орон сууцжуулах гэрээний дагуу хийсэн хурлын тэмдэглэл /1-р хх 9-10/, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ /1-р хх 12-14/, "Сөгнөгөр хайрхан" ХХК-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай Ажилд томилох тухай тушаал /1-р хх 15/, "Сөгнөгөр хайрхан" ХХК-ийн депозит дансны хуулга /1-р хх 22-33/, шүүгдэгч Б.М 2015.11.12-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орон сууц захиалгаар барих гурван талт гэрээний хуулбар /1-р хх 46-50/, шүүгдэгч Б.П, гэрч Э.У, Н.Н нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 132-193, 212-217, 218-218/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.П, Б.М нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, 39 814 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

      Шүүгдэгч Б.П гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б 3 983 000 төгрөг, Б.А 5 170 000 төгрөг, Н.А 3 983 000 төгрөг, Б.Я 400 000 төгрөг, О.Т 5 200 000 төгрөг, Б.С 5 775 000 төгрөг, Я.Ц 9 758 000 төгрөг, Д.Э 900 000 төгрөг, Б.М 4 645 000 төгрөг буюу нийт 39 814 200 төгрөгийн хохирол учруулснаас,

     хохирогч Б.А 5 170 000 төгрөг, ******* 400 000 төгрөг, Б.М 4 645 000 төгрөг, Д.Э 700 000 төгрөгийн хохирол буюу нийт 10 915 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул,

     үлдэх 28 899 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б 3 983 000 төгрөг, Н.А 3 983 000 төгрөг, Б.С 5 775 000 төгрөг, Я.Ц 9 758 000 төгрөг, О.Т 5 200 000 төгрөг, Д.Э 200 000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.  

 

     Шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

           

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

           

            Шүүгдэгч Б.М холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан зохицуулалтад хамаарна.  

           

            Иймд шүүгдэгч Б.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.П хохирол төлбөр нөхөн төлөөгүй, өөрт ногдох эд хөрөнгө, орох орлогогүй, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.     

 

Шүүгдэгч Б.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд ангилалд багтах гэмт хэрэг тул түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах эрүүгийн хуульд заасан зохицуулалт байхгүй, мөн улсын яллагчийн оруулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

           

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.П байрны урьдчилгаанд төлбөр авсан талаар******* бичиж өгсөн тэмдэглэл 1 ширхэг, шүүгдэгч Б.П хохирол төлсөн талаар баримт 2 ширхэг /5 хх 74, 135,139/  тус бүрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

шүүгдэгч  Б.П, Б.М нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах" гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн" гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.   

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

      5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.П 28 899 000 /хорин найман сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж,  Б- т 3 983 000 /гурван сая есөн зуун наян гурван мянга/ төгрөг, А-т 3 983 000 /гурван сая есөн зуун наян гурван мянга/ төгрөг, С-д 5 775 000 /таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг,  Ц-д 9 758 000 /есөн сая долоон зуун тавин найман мянга/ төгрөг, Т-д 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, Э-т 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

   6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.П байрны урьдчилгаанд төлбөр авсан талаар Б.М бичиж өгсөн тэмдэглэл 1 ширхэг, шүүгдэгч Б.П хохирол төлсөн талаар баримт 2 ширхэг тус бүрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

шүүгдэгч Б.П, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч  Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ