Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00128

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03200 дугаар шийдвэртэй Г.Н-ийн нэхэмжлэлтэй Д.Н холбогдох 38,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Б.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.Н нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Нэй зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Д.Наранцэцэг нь зээлийг хугацаандаа эргүүлэн төлөөгүй, зээлээ төлөх тухай асуухад төлсөн гэх мөртлөө хэдэн сарын хэдэнд хийсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгдөггүй. Нэхэмжлэгч Г.Н-ийн дансанд орж ирээгүй юм. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.1.2, 232 дугаар зүйлийн 232.1.3, 232.6.4-т тус тус заасны дагуу Д-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 12,875,000 төгрөг нийт 38,625,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй боловч зээлийг буцаан төлж байсан. Хариуцагчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэзээ, хэдэн төгрөг буцаан төлсөн талаар санахгүй байх бөгөөд хэрэгт ирсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч хэд хэдэн дансаа хаасан байна. Иймд эдгээр баримтыг шүүхийн журмаар гаргуулсны дараа хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох боломжтой болох байтал шүүх энэ эрхээр нь хангасангүй. Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг Х-ХХК-аас шилжүүлсэн байх тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д-ээс 38,625,000 төгрөг гаргуулах тухай Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаагүй, харин буцаж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж анхан шатны шүүх хуралд тайлбарлаж маргасан байтал шүүх талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагууГ.Н нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан байна. Мөн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 4 сар гаран нэг ч хурал зарлаагүй, зөвхөн нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөхийг шаардсан бөгөөд нэхэмжлэгч дансны хуулга болон мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгч, зээлийн гэрээ зохих ёсоор байгуулагдсан болохыг нотолсон. Гэвч хуралдааны явцад нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн баримт, баримтаа гаргаж өгөхдөө тайлбарласан тайлбарыг огт ойшоолгүй, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулалгүй шууд хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Шүүхээс талуудын бичгээр байгуулсан гэрээ, гэрээ байгуулах хүсэл зориг, гэрээний санал зэрэгт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний алдаа гаргаснийг харуулж байна.

4.3. Бичгээр байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үүргийн дагуу 25,000,000 төгрөгийг Д.Н-ийн дансруу шилжүүлсэн, хариуцагч эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргаагүй, авсан, харин буцааж төлсөн боловч хэзээ төлсөнөө мэдэхгүй байна гэж маргаж байхад талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө Г.Нээс шилжээгүй, шаардах эрхгүй гэж шүүхээс үзсэн нь үндэслэлгүй байна.

4.4. Шүүхээс нэхэмжлэгчийг Х-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч эсэх талаар нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр бичгээр байгуулагдсан. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн компанийн дансны хуулгын нотлох баримт дээр үндэслэж мөнгө хэнээс гарсан тэр хүнтэй зээлийн гэрээ байгуулагдана, түүнд шаардах эрх үүсэнэ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн талуудын хүсэл зориг, гэрээний санал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл зэргийг огт хайхралгүйгээр шүүхээс Иргэний хуулийн 282.4 дэхь заалтыг онцолж, шийдвэр гаргасан нь нэг талд хэтэрхий их давуу тал олгосон, нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хохироосон, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хянаж, хариуцагчаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 12,875,000 төгрөг нийт 38,625,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Иймд үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, алданги 12,875,000 төгрөг, нийт 38,625,000 төгрөг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийг буцаан төлж байсан. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэзээ, хэдэн төгрөг буцаан төлсөн талаар санахгүй байна гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхээс мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч Г.Н-ийг зээлийн гэрээний дагуу Х- ХХК-аас хариуцагч Д.Н шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй этгээд мөн болох нь нотлогдохгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холболдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна.

Учир нь хариуцагчид мөнгийг Х- ХХК-ийн харилцах данснаас шилжүүлсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгчээс Х- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч учир өөрийн компаний данснаас мөнгө шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, хариуцагч зээлийн гэрээ байгуулж зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй гэсэн тайлбар өгсөн зэргээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч зээл авсан талаар маргадаггүй бөгөөд зөвхөн зээлийг буцаан төлсөн гэж маргаж, татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчийн дансны мэдээлэл, хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн татгалзалтай холбоотой хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

4. Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/03200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,075 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН