Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0327/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Ё.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар И овогт Ё.Ө-д холбогдох эрүүгийн 1818006850394 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, И овогт Ё.Ө /РД: /, Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ё.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ё.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 30-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-тай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн нүдний салст, зовхи, баруун зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, хүзүү, зүүн мөр, бугалга, тохой, сарвуу, баруун дал, ахар сүүлний хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...2018 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчим манай нөхөр Ё.Ө архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байдалтай орж ирээд унтсан. Өглөө үүрээр 5 цагийн орчим Ё.Ө босож намайг сэрээгээд чи миний хоёр хүүхдийг хайрлаж халамжлахгүй байна гэхээр нь би тоохгүй хэвтээд байсан. Гэтэл хүрч ирээд надтай хэрүүл маргаан хийгээд гараараа миний толгой, дух, нүд рүү цохиод, хацар луу алгадсан. Манай бага охин сэрээд уйлахаар нь тэвэрч байсан чинь араас ирээд ахар сүүл орчимд цохисон. Тэгээд надтай маргалдаж байгаад гараад явсан. Өмнө нь намайг ингэж зодож цохиж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх хохирогч Ц.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 7-9/,

- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өглөө гэртээ унтаж байсан чинь аав чанга дуугаар яриад ээжтэй маргалдаж байгаад хувцсаа өмсөөд гараад явсан. Маргалдаж байхдаа ээжийг алгадсан юм... гэх насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Урд өдөр нь архи уусан болохоор шартаад дотор муу байсан. Эхнэртээ гараад ирье гэж хэлсэн чинь архи уух гэлээ гэж уурлаад бид хоёр маргалдсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь хацар луу нь 4-5 удаа алгадаад, дух хэсэгт нь гараараа 2 удаа цохиж, үснээс нь зулгаасан... гэх шүүгдэгч Ё.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/,   

- Ц.Э-гийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний салст, зовхи, баруун зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, хүзүү, зүүн мөр, бугалга, тохой, сарвуу, баруун дал, ахар сүүлний хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 895 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/,

 “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 1 оноо буюу бага төвшинд тогтоогдсон, цаашид Ё.Ө-д архи, согтууруулах ундааны зүйлийн талаар сургалт орох нь зүйтэй” гэх Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, ахмад Х.Мөнхбатын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 15:10 цагт хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ё.Ө, хохирогч Ц.Э нар нь 2014 оноос хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон насанд хүрээгүй гэрч Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.Ө-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-гийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний салст, зовхи, баруун зүүн хацар, зүүн чихний ар хэсэг, хүзүү, зүүн мөр, бугалга, тохой, сарвуу, баруун дал, ахар сүүлний хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Э-гийн бичсэн “...Ё.Ө надаас уучлалт гуйж, бид учир зүйгээ олсон тул ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 55/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ё.Ө-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Э-тай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ё.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ё.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын тодорхойлолт, Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч Ё.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Ө нь цалингаас өөр орлогогүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Ц.Э нь ажил эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Ё.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ё.Ө-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ё.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР