Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00130

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02389 дугаар шийдвэртэй М.Н-ын нэхэмжлэлтэй Л.С-т холбогдох гэм хорын хохиролд 5,186,035 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн 00-00 УАР улсын дугаартай Истана маркийн машинтай Улаанбаатараас Хэнтий чиглэлд хүнс тээвэрлэж явсан. Налайх дүүргийн Бөс нуурийн ойролцоо 00-00УНН улсын дугаартай ГАЗ 66 маркийн автомашинтай Л овогтой С нь зам чөлөөлөөгүй, анхааруулах зүйл, гэрэл тавилгүй байснаас осол гарсан. Үүний улмаас тээврийн хэрэгсэл болон орон нутаг руу ачиж явсан эд бараа эвдэрч гэмтсэн. Налайх дүүргийн цагдаагийн газрын үзлэг, хэмжилтээр Л.С-ын буруутай нь тогтоогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Миний бие хохирлын үнэлгээг В ХХК-аар хийлгэхэд тээврийн хэрэгслийн 5,217,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээний 2,858,380 төгрөг, нийт 8,076,180 төгрөгийн үнэлгээ гарснаас Л.С-ын жолоочийн даатгал дутуу байсны улмаас зөвхөн тээврийн хэрэгслийн 56.7% болох 2,970,145 төгрөг, үнэлгээний 140,000 төгрөгийн хамт М даатгалаас олгосон. Иймд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцож бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан хариуцагч Л.С-аас үлдэгдэл 5,186,035 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.С би 2020 оны 12 дугаар сарын 30-ны орой Налайхаас Городок орох чиглэлийн буюу Бүс нуурын ойролцоо УНН 00-00 дугаартай Газ-66 машинтай явж байхад машинд гэнэт догол гарч би боломжийн хэрээр баруун гар тийш замыг чөлөөлж ачаан дээр байсан дугуй болон ослын тэмдэгийг хамт явж байсан үеэл дүү У.Ш-өөр 30-40 метрийн зайд тавиулсан. Машины доголыг засаад дуусч байх үед их чимээ гарч надад цохилт мэдрэгдэх шиг болж хэсэг ухаан балартсан. Нэг сэхээ орон өндийхөд хүмүүс шуугилдаж, би замын эсрэг урсгал дээр хэвтэж байсан. Босоод ирэхэд миний машин байсан газраа байхгүй харин нэг Istana машин оронд нь зогсож байсан. "Юу болов?" гэж дүү нараас асуухад "Машины чинь араас энэ машин мөргөчихлөө гэж хэлсэн" энэ үед л миний машины араас Istana машинтай залуу мөргөснийг ойлгосон. Би Налайх дүүргийн цагдаагийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч Istana-гийн жолооч М.Н нь "Миний амьдрал хэцүү, ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээжийнхээ цалингийн зээлээр энэ машиныг худалдан авч Хэнтий аймгийн чиглэлд ачаа ачиж эхэлсэн, хүмүүсийн ачаа ачиж явсан тул их хэмжээний өрөнд орчихлоо, та надад даатгалаасаа мөнгө гаргаж өгч туслаач" гэж хувиараа гуйсан. Би М.Н-ын аргагүй байдлыг бодож, мөн хэмжилт хийсэн цагдаа манай гэрт ирж байцаалт авахдаа "Танд ямар ч хохиролгүй даатгалаас чинь л мөнгө гарна тийм учраас хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурчих" гэж хэлсний дагуу би хүлээн зөвшөөрсөн. Гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөхөөр болоход байцаагч "Та 5 оноогоо хасуулаад 100,000 төгрөгийн торгууль төлчихөөд ир" гэхэд би "Би оноо хасуулах, торгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, надад торгууль төлөх мөнгө байхгүй" гэж хэлсэн, энэ үед М.Н "Торгуулийн мөнгийг би төлөлцье гээд өөрөө торгуулийн мөнгийг банканд тушаасан. Мөн би хувийн зүгээс мөнгө төлөхгүй даатгалаараа асуудлыг шийднэ гэж М.Нтой тохиролцсон байсан. Үүний дараа М даатгал дээр очиж асуудал шийдэгдэнэ гэж бодож байтал М.Н даатгалаас мөнгө гаргуулж авсныхаа дараа дахин шүүхэд хандаж байгаад би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Саас 5,186,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.С-аас 200,000 төгрөгийг гаргуулж шинжээч ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд /ХААН банкны 00000000000 тоот данс олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,927 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.С-аас 97,927 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02389 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хариуцагчийн холбогдсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримтуудад хариуцагчийн буруутай үйлдлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэг нь тэмдэглэлд хариуцагчийн тавьсан ослын зогсолтын тэмдэг байхад дайрч харалгүй эвдэлсэн баримт байна. Хавтаст хэргийн 9 дүгээр талд тооромзолсон мөр байхгүй тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүйг нотолж байна. Нэхэмжлэгч өгсөн мэдүүлэгтээ машинтай зөрж өнгөрөхөд харсан гэдэг нь гэрлийн гялбаанд орсонг үгүйсгэхгүй байна. Машины хохирлын үнэлгээг цагдаагийн байгууллагын албан тушаалтны хийгдээгүй шинжээчид хууль сануулаагүй, М даатгалын захиалгаар хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Үнэлгээг хийхдээ тээврийн хэрэгсэлд оношилгоо хийлгэж, үнэлгээ хийсэн. Үнэлгээ 33,393 төгрөг, шууд зардалд 3,655,000 төгрөг бусад зардалд 562,800 төгрөг гарсан байхад бусад зардлыг нотлох баримт байхгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/05 тоот техникийн шинжээчийн дүгнэлтийг М.Т сургуулийн тамга тэмдэгтэй дүгнэлт гаргасан байхад нэхэмжлэл нь хувь хүний нэхэмжлэлийн баримт байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэсэн материалыг гаргуулан хавсаргасан. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд бүгд авагдсан. Тухайн баримтад хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн ослын тэмдэг тавиагүй гэх тэмдэг байна гэж тайлбарласан. Гэтэл тэмдгийг суурин 30-50 метрийн зайд тавих гэх хэмжээ байдаг. Тухайн зайнд тавиагүйгээс болж осол гарсан гэх дүгнэлтийг хийсэн. Мөн тоормосны мөр байхгүй гэж тайлбарласан. Гэтэл хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд 11-13 метрийн тоормосны мөр байна гэх дүгнэлт авагдсан. М.Н-ын хувьд ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн хийж эсрэг талын эгнээнд орсон. Л.С нь Замын хөдлөх хэсгийг бүрэн чөлөөлөөгүй. Ослын зогсолт хийсэн тохиолдолд ослын тэмдгийг тодорхой зайнд тавиагүй гэх нөхцөл байдал харагдсан. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаж, Л.С-ыг буруутай болохыг тогтоож, шийтгэл оногдуулсан. Уг ажиллагаатай холбогдуулан Л.С-ын зүгээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлтээр техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон хэргийн газрын үзлэгийн баримтуудыг хянаж үзсэний үндсэн дээр Л.С-ыг замын хөдөлгөөний 2 заалтыг зөрчиж, зам тээврийн осол болсон гэж дүгнэсэн. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн. Тухайн үед 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон нутаг руу дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэж явсан талаар тайлбарласан. Мөн ослын газрын зурагт автомашины хойно ачсан байсан бараа бүтээгдэхүүний зургууд авагдсан. Тухайн бараа, бүтээгдэхүүний баримтыг үнэлүүлж, үнэлгээг гаргуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Л.С өмгөөлөгчтэй, хууль туслалцаа үзүүлж, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хариуцагч эрхээ эдэлсэн. Шүүх хуралдаан болох өдөр шинээр өмгөөлөгч авсан гэх тайлбар хийж, хүсэлт гаргасныг нэхэмжлэгч талаас хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас автомашины эвдрэл, хохиролд 5,217,800 төгрөг, автомашинд ачиж явсан эд юмсын үнэд 2,858,380 төгрөг, нийт 8,076,180 төгрөгийн хохирол учирснаас даатгалын нөхөн төлбөр 3,110,145 төгрөгийг хасаж, үлдэгдэл 5,186,035 төгрөг нэхэмжилдэг бол хариуцагч нь зам тээврийн осол дээр тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй, осол миний буруугаас болж гараагүй учир хохирлыг хариуцахгүй гэж маргасан.

 

3. Хариуцагч Л.С нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Бүс нуурын зүүн талын замд Газ-66 маркийн автомашинтай зам дээр зогсолт хийсэн байх үед Истана маркийн автомашин жолоодож явсан нэхэмжлэгч М.Н нь мөргөж, зам тээврийн осол гаргаснаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж байх хэдий ч Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон актаар, хариуцагч Л.С-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5, 14.1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн, уг актыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.1-д зааснаар хариуцагч нь уг шийдвэрт гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэм буруугийн талаар маргасан тул шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/01852 дугаар захирамжаар хариуцагч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Шинжлэх ухаан, технологийн сургуулийн салбар Механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсон, техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/05 дугаартай дүгнэлтээр хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн гэжээ.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Истана маркийн автомашины эд анги эвдэрч гэмтсэн ба 5,217,800 төгрөгийн хохирол учирсан нь В ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.Н өөрийн эд хөрөнгөд гэм хор учирсан үндэслэлээр хариуцагчаас автомашинд учирсан хохирол, үнэлгээний ажлын хөлс зэргийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч хэргийн оролцогчоос гаргасан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Н нь автомашинд ачиж явсан хүнсний бүтээгдэхүүн, зурагт, ширээ зэргийг хохиролд тооцон нэхэмжилж хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч осол гарах үед автомашинд тухайн эд юмс байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул бусад зардлыг нотлох баримт байхгүй атал хангахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр автомашинд учирсан хохирол 5,217,800 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 228,000 төгрөг, нийт 5,445,800 төгрөгөөс даатгалын нөхөн төлбөр 3,110,145 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,335,655 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч тал мөнгө төлөх шаардлагагүй гэж үзлээ, нэхэмжлэгч тал хурд хэтрүүлж явж байсан гэж бодож байна гэсэн дүгнэлтийг гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 200,000 төгрөгийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02389 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,186,035 /таван сая нэг зуун наян зургаан мянга гучин таван/ гэснийг 2,335,655 гэж,

олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 2,850,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 200,000 /хоёр зуун мянга/ гэснийг 90,075 гэж, 3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 97,927 /ерэн долоон мянга есөн зуун хорин долоон/ гэснийг 52,321 гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтын төгрөгийг гэсний дараа нэхэмжлэгч М.Ноос 109,925 төгрөгийг тус тус гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,127 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН