Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 354

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0328/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1818006610368 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц овогт Б.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 14 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн С.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...урдаас нэг танихгүй залуу гарч ирээд “хэдэн өдөр хаалга нүдлээ пизда минь” гэж хэлээд гартаа барьж байсан хоол хутгадаг төмөр хусуураар миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би шатаар доошоо буугаад орцын үүдэнд ирэхэд миний хамар болон хамрын дээд, зүүн нүдний доод хэсэг язарч цус гарч байсан. Намайг цохисон залуу миний араас ирэхэд эхнэр нь бололтой нэг эмэгтэй араас нь гарч ирээд нөхрийгөө аваад буцсан гэх хохирогч С.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 13/,

- 2018 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед манай нөхөр С.Ч гэртээ ирэхэд нүүр нь цус болчихсон “би хүнд зодуулчихлаа. Байраа андуураад 14 дүгээр байрны 05 тоотыг тогшсон чинь дотроос нэг танихгүй залуу хоол хутгадаг хусуураар намайг цохичихлоо” гэж хэлсэн гэх гэрч Ш.О-ийн мэдүүлэг /хх-ийн 18/,

- ...тэр согтуу залуу миний урдаас хүрээд ирэхээр нь би сандарсандаа гартаа барьж байсан хоолны халбагаар тэр хүний нүүр рүү нэг удаа цохисон гэх шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19/,

- С.Ч-ын зүүн нүдний доод зовхинд гаднаас дотогш чиглэсэн 3 см зүсэгдсэн шархтай, хамар хавдаж цус гарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 20/,

- С.Ч-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Ч-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 869 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын үйлдлийн улмаас хохирогч С.Ч-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Ч-ын бичсэн “...Одоо Б.Г бид 2 эвлэрч, Б.Г миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 46/, хохирогчийн эхнэр Ш.О-ийн бичсэн “...Б.Г нь манай нөхөрт эмчилгээний зардал болох 2.500.000 төгрөг төлж барагдуулсан. С.Ч нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр БНСУ руу 3 сарын хугацаатайгаар явсан” гэх баталгаа /хх-ийн 47/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын иргэн С.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь хувиараа лангуу түрээслэн гар утас зардаг, Голомт банканд 26.578.260 төгрөгийн зээлтэй болох нь Голомт банкны Дархан салбарын захирлын тодорхойлолтоор нотлогдсон тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР