Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00001

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн 1537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний нөхөр ******* нь 1979 оны 07 дугаар сард *******ын уурхайд эксковаторчинаар ажилд орж 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тасралтгүй 23 жил 3 сар ажилласан. 2002 оны 10 дугаар сарын 03-нд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоолгож грүппт орсон. Эмчийн хяналтад байнга байж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь болсон. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Эмчийн хяналтад байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 01-нд тухайн өвчний улмаас нас барсан.

*******ын уурхайд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр өргөдөл гаргасан боловч чимээ сураггүй 2 сар болсон. Хариу өгөхгүй болохоор нь 4 сар, 5 сарын сүүлээр очсон чинь нарийн бичиг нь өгөхгүй гэсэн. Даргатай уулзъя гэхэд дарга байхгүй гэхээр нь хүлээж суусаар байгаад даргатай нь уулзахад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас чөлөөлөх тухай захирамж канондож өгсөн. Уурхайн захиргаан дээр удаа

дараа очсон боловч албан ёсны хариу өгдөггүй. Манай нөхөр өөрийн залуу нас, эрүүл мэндээ зориулж ажилласан атал үл тоож байгаа нь гомдолтой байна. одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлээд 15,120,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Манай нөхөр ******* нь тус уурхайд ажиллаж байх хугацаандаа мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж улмаар нас барсан. Миний бие талийгаачийг ажлаасаа шалтгаалж нас барсан болохоор нөхөн олговор болох 15,120,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач ******* нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Мөн талийгаач нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчингүй болсон талаар эмнэлгийн байгууллагын шийдвэр гарсан байдаг. 2014 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчингүй болсон учир тухайн өвчний улмаас нас барсан гэдэг нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан бол нөхөн төлбөр авах эрхтэй байхаар хуульчилсан. Мөн холбогдох баримтаар тогтоогдохгүй талийгаачийг мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барсан гэдэг нь тогтоогддоггүй. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа нас барсан эсхүл өвчин туссан тохиолдолд нөхөн олговор авах эрхтэй байдаг. Талийгаач ******* нь 2002 онд “*******” ХК-ийн ажлаас гарч хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасныг баримталж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 36 сарын хугацаагаар үржиж нийт 15,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дүгээр зүйлийн 125.1.2-т заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах гомдолдоо:

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

             Анхан шатны шүүх 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ХЭМСТ-ийн хөдөлмөр магадлах комиссын хуралдааны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цацалсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хүн хөдөлмөрлөж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрлөх чадваргүй болсон бол нийгмийн зүгээс халамждаа авч мөнгөн тэтгэмж олгодог. Тухайн хүний нас өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болон бусад шаардлага нөхцөл бүрдсэн бол сонголтоо хийж тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсдэг. Өндөр насны тэтгэврийн мөнгө, өвчний улмаас хөдөлмөрлөж чадахгүй болсон хүнд олгож байгаа мөнгөн тэтгэмж нь төрөөс үзүүлж байгаа нийгмийн хамгаалал бөгөөд давхардуулахгүй аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүнээс дээрх акт нь эрүүл болсон гэж үзэх үзүүлэлт биш юм.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжилсэн нь буруу гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нийгмийн даатгалын төлөлтийн байдлаас цалингийн дундаж тооцоолоход 136,282 төгрөг * 36 сар = 4,906,152 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ы өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх боловч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ баримталсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

 Хэргээс судлан үзвэл:

 3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-нд холбогдуулан нөхөн төлбөрт 15,120,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн зүгээс “...мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барсан гэдэг нь нотлогдоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн 4,906,152 төгрөг гаргуулж өгнө үү.” гэж тус тус маргажээ.

4.Нэхэмжлэгч *******аас “...миний нөхөр ******* нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан тул талийгаач *******ы хууль ёсны эхнэр надад Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлж, 15,120,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн 4,906,152 төгрөг гаргуулж өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

5.Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч *******ы нөхөр талийгаач ******* нь 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “*******” ХК-нд экскаваторын туслах машинчийн ажилд томилогдон экскаваторын туслах машинч, экскаваторын машинчаар тус тус ажиллаж байгаад Мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах төвийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3997 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь гэж тогтоогдон “*******” ХК-ны гүйцэтгэх захирлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 292 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хавтаст хэргийн 10-11, 40/

Улмаар талийгаач ******* нь 2002 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн  тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон гэх үндэслэлээр 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна./хавтаст хэргийн 4, 10-11, 13, 17/

6.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж Мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах төвийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3997 тоот акт, Дархан-Уул аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн комиссын  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг тус тус ирүүлсэн бөгөөд мэргэжлээс шалтгаалах ямар өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдож байсан гэдэг нь тодорхойгүй байна. /актад бичигдсэн онош нь ямар өвчин гэдэг нь ойлгомжгүй/

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон гэх үндэслэлээр 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан нь мэргэжлээс шалтгаалах өвчин эдгэрсэн гэсэн ойлголт биш боловч Дархан-Уул аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 31 дугаартай Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас барсан шалтгаан нь “амьсгал, зүрх судасны хурц дутагдал, амьдралын чухал эрхтнүүдийн хурц дутагдал” гэсэн байх ба мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барсан болох нь тогтоогдохгүй байна./хавтаст хэргийн 15-17/

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.” үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...******* нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан эсэх талаар нотлох баримт зайлшгүй шаардлагатай.” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаан болтол 30 хоногийн хугацаа өнгөрөхөд нэхэмжлэгч нь ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 42-48/

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн 1537 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дүгээр зүйлийн 125.1.2-т заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох нөхөн төлбөр 15,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй “*******” ХК-д холбогдох нөхөн төлбөр 4,906,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА

 

                                                                 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА 

 

                                                                                             

                                    ШҮҮГЧ                                                           Я.ТУУЛ