Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00002

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,326,670 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 33,618,332.5 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие нь ******* ХК-д 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тасралтгүй 21 жил ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр захирал дуудаж уулзсан. Гэтэл намайг ажлаас халагдах тушаал танилцуулсан. Ямар шалтгаанаар ингэж байна гэхэд компанийн нууцыг задруулсан гэж хэлээд тушаал гаргасан. Энэхүү тушаалыг би үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандахад  2022  оны  3  дугаар  сарын  17-ны  өдрийн  441     дугаартай шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан гэж үзэж ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Ингээд Г.******* хуулийн зөвлөх надтай холбогдож 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажилд томилсон тушаал танилцуулан явж байж болно гэсэн. Яагаад би явах билээ явчих юм бол ажил тасалсан болно гэж хэлэхэд түр хүлээж бай гээд цаг гаран хүлээхэд надад эргээд орон тооны цомхотгол хийсэн гээд ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Тушаалыг аваад шүүхэд хандаж, эвлэрэх саналтайгаар хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандахад эвлэрэх саналыг хүлээн аваагүй. Дархан сумын хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд уг гомдлоо гаргасан. Гэтэл тус хороо нь үйл ажиллагаа жигдрээгүй байгаа тул миний гомдлыг хэлэлцэх боломжгүй гэж надад мэдэгдсэн.

Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Үүнд: ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай ажилд эргүүлэн тогтоолгох тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр намайг ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцсон байхад ажилд томилох тушаал гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү.

Надад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бүх цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлж, нөхөн бичилтийг хийсэн. Тус шүүхийн 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 421 дугаартай шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож олгосон байдаг тул намайг ажлаас чөлөөлөх хүртэл буюу 2022 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох ёстой гэж үзэж байна. Иймээс 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд нийт 3,326,670 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Энэхүү цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэртээ бичилт хийлгэх хүсэлттэй байна.

Мөн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 188 дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, 14,710,800 төгрөгийн тэтгэмжийг надад олгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрчим хүчний салбарын 2021 оноос 2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.17-д: ... орон тоог цомхотгох тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож олгоно гэж заасан. Иймд хамтын хэлэлцээрийг баримтлах нь ажилтанд илүү таатай нөхцлийг бүрдүүлнэ. Иймд дээрх хугацаагаар тооцоход нийт 48,329,122.5 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс олгосон тэтгэмж болох 14,710,800 төгрөгийг хасаж тооцон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 33,618,332.5 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Миний бие шүүхэд анх ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн захирлын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд өмнө нь тус шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 441 дүгээр шүүхийн шийдвэрээр *******ыг эргүүлэн ажилд томилох шийдвэр гарсан. Үүний дагуу *******ыг тушаал гарган ажилд эргүүлэн томилж, 6,406,921.61 төгрөгийн цалин олговрыг олгож, татвар, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийсэн.

Манай компанийн гүйцэтгэх захирал 2021 оны 10 дугаар сард ажилд томилогдож, тухайн үед бүтэц орон тооны өөрчлөлт хийнэ гэдгийг ажилтнуудад мэдэгдэж байсан.

Энэ дагуу нэхэмжлэгч ******* ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн бүтэц орон тоо өөрчлөгдөж, тухайн ажилтны ажлын байр байхгүй болсон. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 85 тоот тушаалаар компанийн бүтэц орон тоо шинэчлэгдэн баталсан. Санхүү эдийн засгийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч *******ы орон тоо хасагдсан. Үүнийг үндэслэн *******ыг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-д зааснаар үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 2.3 дах заалтыг үндэслэн бүтэц орон тооны ажлын байр хасагдсан *******д 14,710,800 төгрөгийг Хаан банкны данс руу нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн.

Өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,891,095 төгрөгийн цалинг *******ы данс руу мөн шилжүүлсэн. Компанийн бүтэц орон тоо өөрчлөгдөх тухай албан мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1047 тоотоор бүх салбар, нэгж, ажилтнууддаа мэдэгдэхийг дарга нарт мэдэгдсэн. Энэ бүтэц орон тоо хийгдэх үед ******* ажиллаж байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч *******ыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд эргүүлэн томилсон. Компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн.

Хуулийн эрэмбэ, дарааллын хувьд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нэгт байна гэдгийг маш тодорхой заасан. Хөдөлмөрийн хуулиа баримтлаад тэтгэмжийг олгох байсан бол 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох байсан боловч манай байгууллагын зүгээс хамтын гэрээгээр илүү таатай нөхцлийг олгосон гэж үзэж Хамтын гэрээний дагуу 12 сарын албан тушаалын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон.

Хамтын хэлэлцээр дээр ажил олгогчийн зүгээс 35 компаниуд ёсчлон батлаад гарын үсэг зурсан байдаг. Тэрэн дээр Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн баталгаажуулсан тамга, тэмдэг, гарын үсэг байдаггүй. Өөрөөр хэлбэл манай байгууллага хамтын хэлэлцээрийн тал биш учир дагаж мөрдөх шаардлагагүй. Харин хамтын гэрээг 21 аймагт ажиллаж байгаа ажилчдад зорилтоо болгож, үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.

Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд өмнө гарсан шүүхийн шийдвэр 2022 оны 3 дугаар сарын 17-нд гарсан боловч манай байгууллага шүүхийн шийдвэрийг 2022 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацаанд шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй учраас 9 хоногийн цалинг бодох боломжгүй. 3 дугаар сарын 18-ны өдрөөс 31 хооронд ажлын 10 хоногоор олговол 924,075 төгрөг олгох боломжтой байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 554,445 төгрөг, ажлын 16 хоног буюу нийт 1,478,520.31 төгрөгийг олгох боломжтой, түүнээс илүү нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.3-д тус тус заасныг баримтлан ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,326,670 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг, нийт 35,189,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, 1,755,752.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* ХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 333,896 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

4.1 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

             Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,478,520 төгрөг олгохыг зөвшөөрч бусад шаардлагаас татгалзсан.

            Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн 5.20-д зааснаар нийгмийн хамгаалалттай холбоотой асуудлуудыг тухай байгууллага эдийн засгийн боломжид тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулна. Эрчим хүчний салбарт хамаарах байгууллагууд нь өөрийн эдийн засгийн боломждоо тулгуурлан нийгмийн хамгааллын асуудлаа шийдэх эрхийг олгосон байна.

******* ХК-ийн 2021-2022 оны орлогын тайлангаас үзэхэд тайлант үеийн цэвэр ашиг адагдалтай гарчээ. Тус компани нь эдийн засгийн хувьд ашиггүй ажилласнаас хамтын гэрээний заалтаа баримтлан тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-нд холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин нийт 2,495,003.1 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 188 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 31,862,591.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох гомдлын шаардлагаас татгалзаж байна гэж 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн,

мөн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 48,329,122.50 төгрөг болж байна. Үүнээс олгосон 14,710,800 төгрөгийг хасаж тооцон 33,618,332.5 төгрөгийн олговрыг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Иймээс “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нийт 3,326,670 төгрөг гаргуулах, дээрх цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 33,618,332.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /хавтаст хэргийн 51, 75-76, 156-157/

4.Шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны асуудлыг гомдлоор авч хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 3,326,670 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг, нийт 35,189,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, 1,755,752.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “*******” ХК-нд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан” гэж,

 хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “...ажилгүй байсан хугацааны цалинд 3,326,670 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрнө, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тус тус маргажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 441 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож олгосон байх тул тус шүүхийн шийдвэрээр тооцсоноос хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох нь үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын  2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож олгох ёстой.

Дээрх журмын 2.6-д: Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэг ажлын өдрийн дундажаар тооцож, 2021 оны 8, 9, 10 дугаар сард авсан нийт цалин болох 4,805,191 төгрөгийг тухайн 3 сарын хугацаанд ажилласан хоног болох 52 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 92,407.5 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 36 өдөрт ногдох цалин нийт 3,326,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хавтаст хэргийн 173-174/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан буюу ...ажлын байр хасагдсан... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч  нэг удаагийн тэтгэмж олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч ******* нь 2000 оны 08 дугаар сараас эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд “*******” ХК-нд ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасны дагуу 4 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т “хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.” гэж хуульчилсны дагуу *******” ХК нь 2020 оны хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.” гэж,

Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.17-т “...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно.” гэж тус тус тогтоожээ. /хавтаст хэргийн 39-42, 85-89/

7.Хариуцагч “*******” ХК-ийн зүгээс “...ажил олгогч нь ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хэмжээгээр тэтгэмж олгох үүрэгтэй.” бөгөөд энэхүү үүргээ биелүүлж, хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь 16 ба түүнээс дээш жил ажилласан учир 12 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрт заасныг баримтлан 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурь, эрх ашгийг хамгаалсан явдал болсон, тухайн хамтын хэлэлцээрийг байгуулахад манай байгууллагын төлөөлөл оролцоогүй учир хамтын хэлэлцээрийг дагаж мөрдөх үүрэггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

8. Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээр нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараалалтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  а/07 дугаар тушаалаар батлагдсан “Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх, мэдээллийн санг бүрдүүлэх журам”-ын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.4-т “хамтын гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий байгууллагаас бүртгэсэн талаарх тэмдэг нь 15x45 мм дөрвөлжин хүрээтэй тэмдэг дотор "Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж хүрээлүүлэн бичиж, тэмдгийн голд "Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэв" гэсэн үгтэй байна.” гэж зааснаас үзэхэд хавтаст хэрэгт авагдсан Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээр нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, хүчин төгөлдөр хэлэлцээр байна.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын эрэмбийг тогтоож өгсөн бөгөөд энэхүү эрэмбээс үзэхэд салбар, салбар дундын хамтын хэлэлцээр нь хамтын гэрээнээс илүү хүчин чадал бүхий эрхийн акт бөгөөд тухайн хамтын хэлэлцээрийн 1.1-т заасны дагуу салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллах ёстой байхад “*******” ХК нь дээрх хамтын хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулаагүй нь хариуцагчийг тухайн хамтын хэлэлцээрт заасан тарифыг мөрдөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр нь тухайн хэлэлцээрт оролцогчдын төлөөлж байгаа нийт ажилтан, ажил олгогчид хамаарч үйлчилнэ.” гэж хуульчилсан бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын хэлэлцээрийг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй учир “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг заавал дагаж мөрдөх үүрэггүй.” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тэтгэмжийг Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт заасны дагуу тооцож олгоно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

10.Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...ажилд эгүүлэн тогтоолгох...” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...ажилд эгүүлэн тогтоолгох гомдлын шаардлагаас татгалзаж байна гэж 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн” бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул шийдвэрт нэмэлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт болгон

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт оруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317263 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА 

                                                         ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ