| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0331/Э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0331/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Т.Т-д холбогдох эрүүгийн 1818007320420 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Т.Т /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Киви” зочид буудалд, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Үйлчилгээний төв”-ийн орчимд иргэн Б.Г-тэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруул, хүзүүнд зулгаралт, баруун болон зүүн бугалга, шуунд цус хуралт, 1 шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- 2018 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө Э, Б гэх найзууд болон танихгүй 2 эмэгтэйн хамт “Киви” зочид буудалд ороод тухайн буудлын 2 давхарт буудалласан хүмүүстэй маргалдсан. Т.Т өрөөнөөсөө гарч ирээд намайг заамдахаар нь би түүний гарыг тавиулахаар ноцолдож түлхэлцсэн. Тэгтэл Т.Т миний нүүр буюу ам руу нэг удаа цохисон. Тэгээд бид маргалдахаа болиод би өрөө рүүгээ орсон. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед “Үйлчилгээний төв” дээр явж байхад шөнө надтай маргалдсан Т.Т-тай тааралдсан. Тэгтэл Т.Т надад “чамаас болоод манай 2 найз маргалдсан” гээд хэрүүл хийж миний нүүр лүү 2 удаа цохисон. Т.Т нь миний эмчилгээний зардалд 450.000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн. Одоо цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 9-11/,
- ...над руу Г утастаад “Т нэг хүнтэй маргалдах гээд байна” гэхээр нь би Үйлчилгээний төв рүү очоод ямар хүнтэй маргалдсаныг нь асуухад өчигдөр зочид буудалд маргалдсан залуу байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр Б.Г гэх залуутай уулзаад “чи манай найзыг цохисон юм уу, манай найз чамайг цохисон юм уу” гэхэд Б.Г “танай найз намайг 2 удаа алгадчихлаа” гэж хэлсэн. “Киви” зочид буудалд Б.Г-ийн доод уруул нь бага зэрэг язарч хавдсан байдалтай байсан гэх гэрч М.Р-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- ...Тухайн өдөр намайг хамгаалагч Д хамт хүмүүсийн маргааныг зогсоохоор очих үед 306 тоотод буудалласан Б.Г-ийн уруул нь бага зэрэг хавдсан байдалтай байсан. Мөн би тэр өдрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Б.Г нь 205 дугаар өрөөний нэг залуутай барьцалдаад маргалдах үед 205 дугаар өрөөний залуу Б.Г-ийг нэг удаа цохисон. Тэгээд 205 дугаар өрөөнөөс хүмүүс гарч ирээд тэднийг салгасан бичлэг байсан гэх гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 18/,
- ...Т.Т бид 2 тамхи татахаар “Үйлчилгээний төв” дээр явж байхад нэг залуутай тааралдсан. Тэгтэл Т.Т тэр залууд “урьд шөнө чамаас болж манай 2 найз маргалдсан” гэж хэлээд түүнийг заамдаад нүүр рүү нь 2 удаа цохисон гэх гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 19/,
- ...Б.Г бид 2 хэрэлдэж байгаад заамдалцаж аваад би түүнийг түлхээд ам руу нь нэг удаа цохисон. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед “Үйлчилгээний төв”-ийн “Даниста” дэлгүүрийн урд Г-тэй явж байхдаа Б.Г-тэй таарсан. Тэгээд би Б.Г-д “манай 2 найз чамаас болж маргалдсан шүү” гэж хэлээд түүний зүүн шанаа руу нэг удаа цохисон гэх шүүгдэгч Т.Т-ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Б.Г-ийн доод уруул язарсан, зүүн гарын 1 дүгээр хуруу хавдартай, зүүн бугалга хөхөрсөн гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 22/,
- Б.Г-ийн биед тархи доргилт, доод уруул, хүзүүнд зулгаралт, баруун болон зүүн бугалга, шуунд цус хуралт, 1 шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 933 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Т-ны үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед тархи доргилт, доод уруул, хүзүүнд зулгаралт, баруун болон зүүн бугалга, шуунд цус хуралт, 1 шүдний 1 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 450.000 төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Т.Т-аас Б.Г-ийн ХААН банк дахь ............... дугаартай дансанд 450.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 60/, хохирогч Б.Г-ийн мөрлөн байцаалтад өгсөн “Т.Т нь миний эмчилгээний зардалд 450.000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн. Одоо цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, хохирогчийн бичсэн “Т.Т бид 2 учир зүйгээ ололцсон, гомдол санал байхгүй. Хохирол болон хэргийн талаар маргаан байхгүй” гэх баталгаа /хх-ийн 61/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Т-ны иргэн Б.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмээгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлууд тогтоогдож байгаа ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй бөгөөд торгох ялыг Шүүхийн шийдвэргүй гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР