Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00003

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн 1559 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******т холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “О.Батпүрэв, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхоны 10А байрны 53 тоот сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 53 тоот орон сууц захиалах гэрээний дагуу тухайн үед манай нөхөр төлбөр тооцоогоо 100 хувь хийсэн. Манай нөхөр 2016 оны 5 сард өөд болоод би байрныхаа гэрчилгээг хөөцөлдсөн. Тухайн үед надад 2016 оны намар ашиглалтад орохоор танай гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Гэрчилгээ гарахгүй явсаар байгаад хавар байрныхаа түлхүүрийг аваад паркетан шалыг өөрөө худалдаж авч хийгээд хүнд ажлынх нь хөлсийг өгөөд дуусгасан.

2018 онд компанийн захирал Лхагвасүрэн нь  солигдоод  өөр  захиралтай  болсон байсантай уулзтал манай гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэж хэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явагдаад манай байрыг өрөндөө өгөхөөр хүсэлт гаргасан байсныг мэдээд өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаад түүний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд намайг 10А 53 тоот орон сууцны өмчлөгч мөн гэж тогтоосон.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлд хандсан боловч 705 дугаар актын хүрээнд бичиг гарахгүй байгаа гэж хариу өгсөн мөн барьцаанд байгаа гэсэн албан бичиг өгсөн. 2022 оны 5 дугаар сард өөрийн биеэр очиж уулзаад 8 сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 03 дугаартай 01 заалтыг танилцуулаад А/53 тоот орон сууцыг тэмдэглэл үйлдээд надад өгсөн. Манайх 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн захиалан бариулах гэрээтэй, иргэн*******ийн барьцаат зээлийн гэрээ 2015 оны гэрээтэй байсан.

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 540 тоот албан бичгээр иргэн *******, н.Дөлгөөн нарын гээд тодорхой заасан байхад манай байр байхгүй байгаа. Ласти-Интернэшнл ХХК-ийн бүртгэл байхгүй гэж миний өмчлөлд бүртгэгдээд барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтээ хангах боломжтой байна гэж харж байна гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-тай 2015/06/10 тоот зээлийн гэрээг, 2015/06/10 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан 1,500,000,000 төгрөгийн зээл олгож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн түүнчлэн *******гийн нэхэмжлэлтэй*******, ******* ХХК-д холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж тус хэрэг нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Мөн түүнчлэн ******* ХХК нь тус зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлээ төлөөгүй байгаа болно. Иймд ...нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ласти-Интернэшнл ХХК,******* нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны гэрээ болж******* хууль ёсны барьцаалагч болж бүхэлд нь барьцаалсан. Иргэн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэх хэсэгт******* нь барьцаанд тавихдаа тухайн үедээ захиалах бариулах гэрээтэй айлуудаа судалж гэрээгээ байгуулсан байх гэж дурдсан. Ласти-Интернэшнл ХХК-тай гэрээ байгуулах үед барьцааны үл хөдлөх хөрөнгө нь бусдын ямарваа нэгэн эзэмшил, өмчлөлд байхгүй гэсэн тайлбар гаргасан байдаг үүнийг гэрээн дээр тусгасан. Мөн Ласти-Интернэшнл ХХК,******* нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулж төлбөр тооцоог 100 хувь төлж авсан гэсэн байна гэтэл зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдах үед 10А байрны 53 тоот нь бусдын өмчлөл болон барьцаанд байгаа талаар ямар нэгэн баримт материал тэмдэглэл улсын бүртгэлийн байгууллагад байхгүй байсан. Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Гэтэл 2015 онд*******ийг барьцаадах үед ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учраас чөлөөлүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус зааснаар *******ийн нэхэмжлэлтэй*******т холбогдох*******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхоны 10А байрны 53 тоот сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байна мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйл нь барьцааны гэрээний тухай заалт юм гэтэл талууд барьцааны гэрээ хүчинтэй эсэх талаар маргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэргийн талуудын хооронд болсон үйл баримт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3. Болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл:  Нэхэмжлэгч ******* 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай 54 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.  

Тус орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар “Ласти интернэшнл” ХХК-нд удаа дараа хандсан боловч тус орон сууцыг өр төлбөртэй байсан өөр компанид шилжүүлэх, хөрөнгө оруулсан гэх хувь хүнд барьцаагаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01611 тоот шийдвэрээр 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч ******* мөн болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс  шаардах эрхтэй” гэж зааснаар хууль ёсны өмчлөгч ******* өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

  1. Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын

10-ны өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1.500.000.000 төгрөгийн зээл олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м/кв талбайтай барилга, 1500 м/кв газрын хамт  барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, тус барьцааны гэрээг гурван шатны шүүхээр хэлэлцээд УДШ-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01491 дүгээр тогтоолоор 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, УДШ-ээс миний 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ласти интернэшнл” ХХК-тай байгуулсан 2015/06/10 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

  1. Хариуцагч*******ийн “Ласти интернэшнл”  ХХК-тай  2015  оны  06  дугаар

сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, гэрээг улсын бүртгэлд хэзээ хэрхэн бүртгүүлсэн нь тодорхойгүй, гурван шатны шүүх уг барьцааны гэрээний талаар хэрхэн хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн тухай баримт байхгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “ ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч******* нь өөрийн татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

  1. Хэргийн 17 дугаар талд авагдсан  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч *******ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001016842 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгогдсоны дараа хариуцагч*******ийн барьцаалбаргүй барьцааны гэрээ 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн байна.
  1. Хариуцагч*******ээс өөрийн татгалзлаа нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй байхад анхан шатны шүүх хэргийн 9, 15, 38 дугаар талд авагдсан Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 545 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6/4754 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6/7057 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн хариуцагч******* “Ласти интернэшнл” ХХК-ий хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, тус гэрээг улсын бүртгэлд бүртгэснийг буруутгах үндэслэл байхгүй, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд зааснаар хязгаарлана,нэхэмжлэгч ******* барьцааны зүйлийн өмчлөгч болсон хэдий ч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар барьцааны шаардлага хэвээр хадгалагдана гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
  1. Нэхэмжлэгч *******, “Ласти интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан

“орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь хариуцагч*******, “Ласти интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнээс цаг хугацааны хувьд өмнө нь байгуулагдсан бөгөөд тус гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэг захиалагч ******* хүлээгээгүй, гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т орон сууцыг байнгын ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөх, гэрээний 5 дугаар зүйлээр бэлэн болсон байрыг захиалагчид актаар хүлээлгэж өгөх үүргийг тус тус гүйцэтгэгч тал хүлээжээ.

 Харин иргэн*******ийн өмнө “Ласти интернэшнл” ХХК-ий хүлээх барьцаагаар хангагдах үүргийг маргаж буй орон сууцны өмчлөгч ******* хүлээх үүрэггүй байна.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заасан нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан нэхэмжлэгч *******т хамааралгүй бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 10-аас хойших үйл баримтад хамаарна.

Иймд нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагч*******, “Ласти интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 03-ны өдрийн 1559 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар  *******ийн нэхэмжлэлтэй*******т холбогдох*******, “Ласти интернэшнл” ХХК-ий хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,*******, “Ласти интернэшнл” ХХК-ий хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхоны 10а байрны 53 тоотын 62.7 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг*******т, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай гэж,

2 дугаар заалтын

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                                      Л.АМАРСАНАА