Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00004

 

*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01576 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2011 оноос эхлэн өдийг хүртэл******* ТӨХК-д ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлж сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн.

Гэтэл хариуцагч******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/794 дугаартай, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар намайг “...2022 оны 8 дугаар сарын 09-ний  өдрийн  09:00  цагт  Авто  тээврийн  албаны  ажилчдын  дунд  компанийн  захиргаа жолооч нарыг хоморголон халж байгаа тухай худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж, үймээн гаргахыг завдсан, гар утсаар зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна.

2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “жолооч нарыг төлөөлөн надаас гадна 2-3 жолоочоос яагаад ийм асуудал үүсэх болсон, хууль бусаар халж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөх талаар санал бодлоо л хэлж ойлгуулах”-ыг оролдсоны төлөө ийнхүү намайг худал зүйлээр гүтгэж, ажлаас халж байгаа нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Уулзалтаас болж компанийн нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлсэн зүйл огт байхгүй ба гар утсаар бичлэг хийсэн, тараасан зүйл байхгүй.

Түүнчлэн ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг үндэслэн миний хөлслөн амьдарч байсан******* ТӨХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 10 дугаар хороолол, 40 дүгээр байр, 236 тоот орон сууц /хариуцагчаас ажилчдадаа хөлслүүлж, цалингаас хөлсөө суутган авдаг/ хөлслүүлэх гэрээг цуцалж, намайг орон сууцаа хүлээлгэж өгөхийг шаардах зэргээр намайг хохироож байна.

Иймд намайг******* ТӨХК-ийн Авто тээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.******* ТӨХК болон ******* нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Гэ3106 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.14-д ...Компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан /хулгай хийсэн, худал мэдээлэл тараасан, бусдыг залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл гаргасан/ бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ.

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн Ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/29 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.3.3.3-д Компанийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг ноцтой зөрчсөн буюу давтан үйлдэл, эс үйлдэл гаргасан ноцтой зөрчил болохоор заасан байна.

******* нь*******ийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 6 дугаар зүйлийн 6.2.1-д Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, журам, зааврыг чанд баримтлах, 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах, 6 дугаар зүйлийн 6.4.5-д ...бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх... гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д ...хүнлэг бус харьцсан, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, зүй бус харьцсан..., 7.1.3-д ...худал мэдээлэл түгээсэн, ажил хэргийн нэр хүндэд халдсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй бий болгосон гэсэн дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

2. Нэхэмжлэлд ...удирдлагуудын аль алиных нь зүгээс ямар ч зүй бус харьцаа үүсээгүй, хэрүүл маргаан гаргаагүй, жолооч нарыг дуудаж цуглуулсан, худал мэдээлэл тараасан зүйл огт болоогүй гэжээ.

Гэтэл ******* нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед авто тээврийн албаны компанийн ажилчдын дунд компанийн жолооч нарыг хоморголон халж байгаа талаар худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж үймээн гаргахыг завдсан, гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, *******, *******, , нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогч аль нэг нь гаргасан бол гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/794 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ба орон сууц хөлслүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан хөлслөгч нь******* ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд орон сууц хөлслүүлэх гэрээ мөн адил цуцлагдана... гэсний дагуу Орон сууц хөлслүүлэх гэрээ дуусгавар болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар *******ийг******* ТӨХК-нд холбогдуулан авто тээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,235,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг******* ТӨХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч******* ТӨХК-аас 82,724 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо :

4.1 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Компанийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг ******* гаргасан нь баримтаар нотлогдож байх тул*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/794 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

            Учир нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөө нь ажилтан ажил олгогч төрийн оролцоогүйгээр хамтын үйл ажиллагаагаар дамжуулан гишүүн бүрийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагад нэгдэх, оролцох болон түүнээс гарах боломж олгодог. *******ий энэ үйлдэл нь эвлэлдэн нэгдэн эрхээ эрхээ эдэлсэн гэж үзэхгүй харин ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            4.2 шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ий гаргасан үйлдэл нь компани нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн эсэх, бусдыг уриалж худал мэдээлэл тараасан эсэх нь тогтоогдохгүй, холбогдох байгууллагаар тогтоолгосон талаар нотлох баримт байхгүй гэжээ.

            Компанийн нэр хүндэд халдсан гэдэг нь гадагшаа чиглэсэн үйлдэл байхыг шаардахгүй, компанийн дотоод үйл ажиллагаанд буюу ажилчдын дунд худал мэдээлэл тарааж, гар утсаар бичлэг хийж албан тушаалтнуудтай зүй бусаар харьцаж байгаа нь компанийн нэр хүндэд халдсан үйлдэл юм.

            4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал нь хариуцагчаар оролцох хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасан боловч түүнийг хүлээж аваагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмаар хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн  өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт өөрчлөлт  оруулах нь зүйтэй  гэж  дүгнэв.

  2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргээс судлахад :

 3.Нэхэмжлэгч ******* нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д холбогдуулан тус компанийн Авто тээврийн албаны суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь  авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,171,740 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н гүйцэтгэх захирлын “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай”  2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/794 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэгт үндэслэжээ. /хх-1-7,10,109/

4.Хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбартаа :    4.а. ******* нь*******ийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.1, 6.3.1, 6.4.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-н заалтуудыг зөрчсөн.

4.б.2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр компанийн авто тээврийн албаны ажилчдын дунд  жолооч нарыг хоморголон халж байгаа талаар худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажлын цагаар ажилчдыг хууль бусаар цуглуулж үймээн гаргахыг завдсан, гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, *******, *******, , нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

4.в.Хөдөлмөрийн  тухай хуулийн 78.1.9-т/тайлбарт бичсэнээр тусгав/ “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогч аль нэг нь гаргасан” бол гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/794 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан байна.  

5.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах гомдолдоо ...  6.а.******* нь  компанийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.1, 6.3.1, 6.4.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-н заалтуудыг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, *******, *******, , нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байх  тул Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/794 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй.

 Анхан шатны шүүх нь  нэхэмжлэгч *******ий жолооч нарын хамт байгууллагын удирдлагуудтай уулзсан, тайлбар авсан үйл баримтыг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын суурь зарчмыг хангасан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн үйл баримт гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. *******ий үйлдэл нь эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн гэж үзэхгүй, харин ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

  6.б.шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ий гаргасан үйлдэл нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн эсэх, тэрээр бусдыг уриалж худал мэдээлэл тараасан эсэх нь тогтоогдохгүй, хариуцагч талаас энэ талаар холбогдох байгууллагад хандаж тогтоосон талаар нотлох баримт ирүүлээгүй гэжээ.

   Компанийн нэр хүндэд халдсан гэдгийг заавал гадагшаа чиглэсэн үйлдэл байхыг шаардахгүй, компанийн дотоод үйл ажиллагаанд буюу ажилчдын дунд худал мэдээлэл тарааж, гар утсаараа бичлэг хийж, албан тушаалтнуудтай зүй бус харьцаж байгаа нь компанийн соёл, нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан гэж үзэж байна.

   6.в.Тус ТӨХК-н хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ундрал нь дээрх хэрэгт итгэмжлэлээр хариуцагчаар оролцох, хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасан боловч түүнийг хүлээж аваагүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   7. Нэхэмжлэгч ******* нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д авто тээврийн албаны суудлын автомашины жолоочоор  ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын  2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/794 тоот  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83, 110 дугаар зүйлийн 110.3, компанийн ажилтан,ажил олгогч нарын хооронд байгуулсан 2019 оны хөдөлмөрийн гэрээний 6.5.14-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.  

           8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан/хоёр ба түүнээс дээш/гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчлан зохицуулсан ба үүгээр давтан зөрчил гаргах, ноцтой зөрчил гаргах гэж сахилгын өөр өөр зөрчлийг ялган заасан байна.

  9.Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн хууль болон  тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй байдаг.  

  Ийнхүү зөрчсөн явдал нь ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн аль ч хэлбэрээр дамжин гарч болох ба гагцхүү эдгээр зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам-д нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай.

  10.Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******ийг ажлын цагаар, ажлын байранд компанийн авто тээврийн албаны ажилчдын дунд  жолооч нарыг хоморголон халж байгаа талаар худал мэдээлэл тарааж, үйлдвэрийн төв оффист ажилчдыг хууль бусаар цуглуулж,  үймээн гаргахыг завдсан, гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийж, захиргааны албан тушаалтнуудтай зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргасан, энэ нь  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хариуцагч тал өөрсдөө үзлэг хийсэн /, камерын бичлэг, *******, *******, , нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь компанийн ёс зүйн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй  гэсэн агуулга бүхий  тайлбар гаргасан .

Үүнийгээ нотлох зорилгоор  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65/, тус компанийн захиргаа удирдлагын газрын даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэгч гэх *******, хамгаалалт,аюулгүй байдлын албаны дарга гэх , ээлжийн ахлах , хүний нөөц,сургалт судалгааны хэлтсийн дарга гэх  ******* нарын тодорхойлолт/хх-66-70/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

  Энэхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, *******, , , ******* нарын тодорхойлолт зэрэг нь хуульд заасан арга хэрэгслээр авагдаж, хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт болж чадахгүй байна.

   11. Учир нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай  баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй  шаардлагатай  нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн уг баримтуудад үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авахуулах тохиолдолд хэргийн оролцогч нь шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасны дагуу шүүх бүрдүүлнэ.

 Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар   нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол  тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 12. Хэрэгт Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н хөдөлмөрийн дотоод журам/хх-33-55/ авагдсан байх ба уг журмын аль заалтыг хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд  тооцсон, энэ талаар хариуцагч талын  тайлбарт тодорхой тусгагдаагүй, баримтаар нотолж тогтоогоогүй.  

 13.Компанийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.1, 6.3.1, 6.4.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-н заалтуудыг зөрчсөн гэх боловч  компанийн ажилтан, албан хаагч, захиргааны ажилтан нар нь ёс зүйн хэм хэмжээг  харилцан адилгүй дагаж мөрдөхөөр тусгагдсан  гэж үзэхээр байна.

 Тухайлбал, ёс зүйн дүрмийн 6.1.1, 6.2.1 дэх хэм хэмжээг компанийн ажилтан,  6.3.1 дэхийг  захиргааны ажилтан, 6.4.5 дахыг компанийн албан хаагч тус тус мөрдөж ажиллахаар тусгагджээ.

 Мөн Компанийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.8-д ямар тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах  үндэслэл болохыг  нэрлэн заасан байна.

          Хариуцагч тал  нэхэмжлэгч *******г ёс зүйн дүрмийн 7.1.1, 7.1.3-т заасныг зөрчсөн гэжээ.

 Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг  ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.8-д зохицуулсан байх ба 8.1.1-д энэ дүрмийн 7.1 дэх хэсэгт заасан зөрчлийг 2 болон түүнээс дээш удаа гаргасан нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэснээс үзвэл нэхэмжлэгч ******* нь ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-т заасан зөрчлийг хоёр  болон түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор ойлгогдож байна.

14. Хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ № Гэ3105 авагдсан байх ба   Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК буюу ажил олгогчийг төлөөлж ерөнхий захирал М.Отгонбаяр, ажилтан ******* нар харилцан тохиролцон гэрээг байгуулсан, гэрээнд  хугацаа заагаагүй байх тул хугацаагүй байгуулсан  гэж үзэхээр байна./хх-4,   /

Хөдөлмөрийн гэрээний 6.5 дугаар зүйлд ажилтан 6.5.1-6.5.19-д нэрлэн дурдсан  ноцтой зөрчил  гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болно гэжээ.

Тухайлбал,   гэрээний 6.5.14-н “компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан/хулгай хийсэн,худал мэдээлэл тараасан,бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл/ -г  ноцтой зөрчилд хамааруулж  тусгасан байна.

Ажил олгогч буюу хариуцагч  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н нь хөдөлмөрийн гэрээний 6.5.14-н “компанийн нэр хүндэд нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан/хулгай хийсэн,худал мэдээлэл тараасан,бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл/  гэх заалтыг  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болгожээ.  

15.Анхан шатны шүүхийн хариуцагч талын тайлбарт нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил  гаргасан  гэх боловч  энэ нь  тогтоогдоогүй,  2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр болсон үйл баримтын талаарх нэр бүхий  албан хаагч нарын  гаргасан тодорхойлолт нь гарын үсгийн баталгаажуулалтгүй, камерын бичлэгт өөрсдөө үзлэг хийсэн, энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлээгүй гэх болон нэхэмжлэгч *******ий гаргасан үйлдэл нь компанийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн эсэх, тэрээр бусдыг уриалж худал мэдээлэл тараасан эсэх зэрэг нь тогтоогдоогүй гэх дүгнэлт, 

        Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******г******* ТӨХК-н авто тээврийн албаны суудлын машины жолоочийн ажил, албан тушаалд  эгүүлэн тогтоосон  анхан  шатны шүүхийн шийдвэр нь тус тус үндэслэлтэй.

16.Хариуцагчийн төлөөлөгч нь Б.Ундрал гэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, “итгэмжлэл” олгосон  байх ба  тэрээр  анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг бичгээр гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******, *******, ,   нарыг   гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй гэх ба  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл тэрээр  ганц *******ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч тал нь  *******ийн гаргаж өгсөн тодорхойлолт дээр маргахгүй гэсний улмаас ******* нь  уг хүсэлтээсээ татгалзсан байна./хх-108/

18. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлын 6.а, 6.б, 6.в-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй, харин  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгчээс цалин, хөлстэй холбоотой баримт тухайлбал, ажилласан хоног бүхий цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлээгүй байх тул хэрэгт авагдсан  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх-10,100/-ыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар  дараах байдлаар тооцох нь зүйтэй.

           2022 оны 5,6,7 дугаар сарын цалингийн нийлбэр 3,621,558.28 төгрөг /1,153,406.28+1,530,495.00+937,657.00/,  үүнээс  нэг сарын дундаж  цалин, хөлсийг тодорхойлбол 1,207,186 төгрөг /3,621,558.28 төг : 3сар/ , үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлс нь 57,485 төгрөг/1,207,186 : 21 х/ болох  ба энэхүү 57,485 төг х64 хоног/ ажилгүй байсан хугацаа/ = 3,679,040 төгрөгийн олговор олгогдохоор байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 07-ны  өдрийн 1576 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,  127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар *******ий Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд холбогдуулан авто тээврийн албаны суудлын машины жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,235,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэснийг

“ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,  127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******г******* ТӨХК-н авто тээврийн албаны суудлын машины жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,679,040 төгрөгийг хариуцагч******* ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 492,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь  заалтын  “ ... ,  хариуцагч******* ТӨХК-иас “82,724 төгрөг ... “ гэснийг “73,814 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч******* ТӨХК-н  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,724 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА                                          

                                                   ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ                                                                                             

                                                                                                    Х.БАЙГАЛМАА