| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0334/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0334/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч Г.Б,
Шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө овогт Ө.О-д холбогдох эрүүгийн 1818006510400 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө овогт Ө.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ө.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.О нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Зулзагын гол, “Смайл” амралтын газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Б-тэй маргалдан эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...би Ө.О-д “чи ер нь эмэгтэйчүүдийн өрөөнд шалдан нүцгэн юу хийж яваа юм бэ?” гэж асуухад Ө.О босож ирээд миний зүүн талын чих рүү нэг удаа алгадсан. Тэгэхэд миний чих шуугиад хэнгэрэг цоорсон нь мэдэгдсэн. Би хэнгэрэг нөхүүлэх эмчилгээний 529.000 төгрөг, үзлэг хийлгэсний 15.000 төгрөг, ажлаа хийгээгүй хоногийн цалин болох 190.290 төгрөгийг нэхэмжилснээс Ө.О нь надад 400.000 төгрөгийг өгсөн гэх хохирогч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- ...Г.Б, Ө.О нар хоорондоо маргалдаад, Г.Б нь Ө.О-г хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд Ө.О нь босож ирээд Г.Б-ийн толгойн зүүн тал руу нэг удаа цохисон гэх гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 14/,
- ...Г.Б миний унтаж байсан өрөөнд орж ирээд гэрэл асаахаар нь би “гэрлээ унтраагаач ээ” гээд маргалдсан юм шиг байгаа юм. Тэгсэн нэг мэдэхэд Г.Б намайг алгадахаар нь би уурлаад Г.Б-ийн зүүн хацар луу нэг удаа алгадсан гэх шүүгдэгч Ө.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Г.Б-ийн зүүн чих бага зэрэг хавдсан, эмзэглэнэ гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 9/,
- Г.Б-ийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайлбал зүүн чихний дэлбэн, шанаа орчимд цохих, алгадах үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Б-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 830 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөр болох 234.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь өөр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Г.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Ө.О нь 500.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Одоо би үлдэгдэл 234.000 төгрөгөө авчихвал санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.О-ийн иргэн Г.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл 234.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 234.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-т олгож, шүүгдэгч нь 234.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ө.О нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.О нь “........” ХХК-д ..............-аар ажилладаг болох нь “.................” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн П-Да/220 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/, Нийгмийн даатгалын ....... дугаартай дэвтэр /хх-ийн 39/-ээр тус тус нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ө.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ө.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 234.000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч У овогт Г.Б-т олгож, шүүгдэгч нь 234.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрснийг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР