| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0344/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0344/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт П.Ц-д холбогдох эрүүгийн 1818005620421 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт П.Ц /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сорьц угаагч мэргэжилтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт албан үүргээ гүйцэтгэж байсан сувилагч Ц.Б-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөгний гадна хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...би тэргэн дээр сууж байсан эмэгтэйн даралтыг үзэх гэтэл тэр эмэгтэй орилж босож ирээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би уурлаад “намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэхэд тэр эмэгтэй “чиний мөнгөөр архи уугаагүй, чиний хоолойгоор уугаагүй” гээд орилоод хараагаад намайг зодох гээд дайраад байсан. Мөн миний хөл рүү 2 удаа өшиглөсөн гэх хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би хүлээн авах тасагт өвчтөн үзэж байхад хүлээн өрөөний орон дээр 40-50 орчим насны, шар өнгийн үстэй, баргил хоолойтой хүүхэн манай сувилагч Ц.Б-ийн гэдэс, хөл рүү өшиглөөд байсан гэх гэрч Г.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- ...намайг эмнэлэг рүү ороход Ц хүлээн авах тасгийн орон дээр суучихсан “надад тариа хийгээд өгчихгүй яасан юм бэ? Та нар ч гэсэн уудаг биз дээ? Эмнэлгийнхэн ч гэсэн уудаг шүү дээ” гэж уурлаж байсан гэх гэрч Х.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- ...Нэг мэдсэн би эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орон дээр сууж байсан. Тэгээд зүс таних Ц.Б гэх сувилагч намайг хараад “өө энэ хүн архи уудаг, архичин” гэж хэлэхээр нь би “намайг байнга архи уугаад явж байхыг хаана харсан юм бэ?” гээд уурласан гэх шүүгдэгч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Ц.Б-ийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөгний гадна хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Б-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 728 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэл /хх-ийн 28/,
Ц.Б-ийн духны баруун тал, баруун цавь доор хэсэг газарт эмзэг, зүүн өвдөгний гадна хэсэг хөхөрсөн, хөхрөлт бүдэг байна гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 43/,
Ц.Б нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн гэх 20183824 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч П.Ц-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөгний гадна хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь өөр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Б-ийн бичсэн “П.Ц нь өөрийн биеэр уучлалт гуйсан ба миний биед гэмтэл учруулсан хэмээн 300.000 төгрөг өгсөн. Би П.Ц-г уучилсан” гэх баталгаа /хх-ийн 46/, “П.Ц-аас хохирол болох 300.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо ямар нэгэн хохирол, гомдол, байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 58/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч П.Ц-ийн иргэн Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч П.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч П.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Ц нь “........” ХХК-нд .......-аар ажилладаг болох нь “.......” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/93 дугаартай тодорхойлолт /хх-ийн 52/, Нийгмийн даатгалын ........ дугаартай дэвтэр /хх-ийн 54-55/-ээр тус тус нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР