Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00006

 

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01584 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******,

        ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 39,558,552 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК болон*******, ******* нарын хооронд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд орших 85 айлын орон сууцны 2 дугаар байр, 4 дүгээр орц, 55 тоот 75,98 м.кв 3 өрөө орон сууцыг 113,970,00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 34,191,000 төгрөг төлж, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 79,117,105 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгаснаар гэрээний хугацаа дуусахаар харилцан тохиролцож, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 6.1, 6.2-т талуудын хүлээх хариуцлагад гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон.

Худалдан авагч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн. Гэрээнд заасан төлбөр төлж дуусгах ёстой 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1 жил 8 сар өнгөрсний дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр******* нь гэр бүлээ цуцалж байгаа,  байраа буцааж, урьдчилгаа төлбөрөө буцааж авах, харин ******* Урьдчилгаа төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна. Ковид цар тахлын улмаас 2021 оны 3 сард багтаан байрыг буцаан өгч гэрээг цуцлах хүсэлтэй гэсэн гэрээний хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн.

Захиалагч тал болох*******, ******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн барагдуулаагүй үүрэг зөрчиж, улмаар хоорондоо эд хөрөнгийн маргаан үүсгэж байрыг шүүгчийн захирамжаар битүүмжилсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 05-наас -2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаанд ******* ХХК нь байрыг худалдаж чадахгүй, бусдад түрээсэлж чадахгүй хохирсон.

Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа 2019 оны 04 сарын 05-ны өдөр дууссанаас хойш 2021 оны 03 сарын 24-ний өдөр байрны түлхүүрийг буцааж хүлээлгэж өгөх хүртэл 719 хоногийн хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн тул ******* ХХК,*******, ******* нараас гэрээний 6.1-д заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 79,117,105 төгрөгийн 0.2 хувьтай тэнцэх алданги шаардах эрхтэй байна. Алдангийг тооцвол: 79,117,105*0.2%=158,234 төгрөг /1 хоногт тооцогдох алданги/, 158,234*719 хоног=113,770,396 /хугацаа хэтрүүлсэн хугацаанд тооцогдох алданги/.

Иймд өмнө нь хариуцагч*******аас алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй тул энэхүү нэхэмжлэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох*******, ******* нарт холбогдуулах талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1, 6.2-т заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан 39,558,552 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

  1. Хариуцагч*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2-р сарын 16-ны өдрийн 244 дугаар шийдвэрээр******* нь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаад шүүх гэрээнээс татгалзсантай холбогдуулан 42,193,196 төгрөг ******* ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь хуулийн зохицуулалтаар гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг үр дагавартай байдаг тул алданги гэж 39,558,552 төгрөг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь гэрлэлт цуцлуулах маргааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ нь хариуцагч*******ын хүсэлтээр хийгдээгүй, хариуцагч *******ийн талаас хүсэлт гаргаж хийгдсэн ажиллагаа тул хэн хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахад хүргэсэн этгээдээс нэхэмжлэх нь зүйн хэрэг тул*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч  *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээ нь захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ юм уу гэдгийг анхаарах шаардлагатай. Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан нөхцөлөөр хийгдэх ба зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заагдсан нөхцөлөөр хийгдэнэ. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ гэвэл ******* ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хамаарах ба захиалгын гэрээ гэхээр Иргэний хуулийн аль заалтыг хэрэглэх нь ойлгомжгүй байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 677  дугаар шийдвэрээр хамтран зээлдэгч, хамтран өмчлөгч *******ийг өмчлөгчөөс хассан нь хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлсөн гэж үзэж болно. Хэрэв үүргээс чөлөөлөөгүй гэвэл 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 677 тоот шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл үүсэх болно. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заагдсанаар учирсан хохирол нэхэж болохоос Үүргийн гүйцэтгэлийг хангах арга-ыг хэрэглэж болох зохицуулалт байхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах гэдэг тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд хамаарахаас гэрээнээс татгалзсан үйлдэлд үл хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн 677 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн халхавчилсан захиалгын гэрээнд ******* хамааралгүй болсон байх тул *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасны баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан*******, ******* нараас 39,558,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,743 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 39,558,552 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч******* нь гэрээг цуцлах санал гаргасан боловч нөгөө үүрэг гүйцэтгэгч болох ******* нь 2021 оны 03 сар хүртэл гэрээг цуцлах хугацаа сунгах санал тавьж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 14-нд байрны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр гэрээ бодитойгоор цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон. Иймд 2021 оны 03 дугаар сарын 14-нийг хүртэл гэрээний харилцаа үргэлжилсэн хугацаанд ******* ХХК гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

Дээрх байдлаар талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр дууссанаас хойш 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “гэрээний харилцаа үргэлжлээгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалтгүй хэргийг  бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.   

Хэргээс судалвал:

3. Нэхэмжлэгч ******* ХХК-г төлөөлж  ерөнхий захирал Ч.Лувсанжамба /гүйцэтгэгч тал гэх/ , хариуцагч*******, ******* /захиалагч тал гэх/  нар нь “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”- нэртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, захиалагч буюу худалдан авагч тал нь урьдчилгаанд 34,191,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 28-нд төлөх, үлдэгдэл 79,779,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр, төлбөр бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд шилжиж, ...өмчлөх эрх үүсэхээр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа  үүссэн байна.

4. Захиалагч тал буюу*******, ******* нар нь гэрлэлтээ цуцлуулсны улмаас хариуцагч******* нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч, талуудын байгуулсан гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж******* нь гэрээнээс татгалзах хүсэлт гаргаж, улмаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн  төлбөрийг буцаан гаргуулах шаардлага гаргасан,  уг нэхэмжлэл нь анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2022оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 244  дүгээр шийдвэрээр*******ын  нэхэмжлэлийн шаардлагаас “хүү”-нд төлсөн нийт 3,341,904 төгрөгийг хасаж, нийт 42,193,196 төгрөгийг хариуцагч буюу Дархан Шар бүрд ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэнд талууд маргаагүй, харин хариуцагч буюу ******* ХХК нь ... “шүүхийн шийдвэрлэсэн 42,193,196 төгрөгөөс алданги гэх 29,010,972 төгрөгийг хасаж, үлдэгдэл 13,182,224 төгрөгийг гаргуулах “ гэх агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангахгүй орхиж,  ... шийдвэрлэсэн.

Учир нь  хариуцагч тал нь ... 29,010,972 төгрөгийн алданги тооцно гэх боловч  энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул  шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алдангийг тооцох эсэх талаар шийдвэрлэх боломжгүй.” гэж дүгнэсэн.

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******, ******* нарт  холбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 39,558,552 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч  маргасан байна.

6. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулгаас үзвэл ... хариуцагч нар гэрээнд заасан 2019 оны 04 сарын 05-ны өдөр байрны төлбөрийг бүрэн төлөх байтал энэ хугацааг хэтрүүлсэн. Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш 2021 оны 03 сарын 14-ний өдөр байрны түлхүүрийг буцааж хүлээлгэн өгөх хүртэл 719 хоногийн хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн тул гэрээний 6.1-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 2021 оны 03 сарын 14-нийг хүртэл гэрээний үргэлжилсэн хугацаанд 79,117,105 төгрөгийн 50 хувь болох алданги 39,558,552 төгрөгийг  нэхэмжлэх эрхтэй тул гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий  шаардлага гаргажээ.  

7. Анхан шатны шүүхийн ...талууд гэрээнээс татгалзсан учир хариуцагч нарт орон сууцны үнийн дүнгийн үлдэгдлийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүрэг байхгүй болно. Үндсэн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй учир хариуцагч талаас алданги төлүүлэх үндэслэлгүй гэх дүгнэлт нь үндэслэлтэй.

Учир нь гэрээнээс татгалзах эрх нь гэрээ буюу хуульд зааснаас үл хамааран тухайн гэрээний үүргийг харилцан буцаах харилцаа болгон өөрчлөх эрх зүйн ойлголт учраас ийнхүү харилцан буцааснаар талууд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан бие биенээсээ шаардах эрх нь аль ч тохиолдолд дуусгавар болох учиртай.

Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан, цуцалсан аль ч тохиолдолд “алданги” нэхэмжлэхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй.

8. Иймээс нэхэмжлэгч талын “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн “ давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2022/01584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,743 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       

           ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА                                                        

                                                  ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                                     Х.БАЙГАЛМАА