Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 373

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0345/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн 1818000000412 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш овогт Ч.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 22 дугаар байрны гадна иргэн Б.Б-ны толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хуйхны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...би гэр рүүгээ зугтаж ороод 2-3 минутын дараа орцныхоо үүдэнд гарч ирэхэд Ч.Б ганцаараа зогсож байгаад шууд миний толгойн тус газарт чулуугаар цохисон. Манай ээж Ч араас гарч ирээд Ч.Б-ийг барих үед байшингийн булангаас хажуу орцны А.К гарч ирээд “хэн бэ” гэхэд Ч.Б зугтсан. Тэгээд ээж цагдаагийн байгууллагад хандсан гэх хохирогч Б.Б-ны мэдүүлэг /хх-ийн 4-5/,

- Би 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 00 цагийн үед гэртээ амарч байхад манай хүү Б.Б нь “намайг хүн ална гээд араас хөөгөөд” гэсээр орж ирсэн. Тэгээд 2-3 минутын дараа Б.Б эргээд гарахаар нь би санаа зовоод араас нь гартал манай хүү Б.Б орцны үүдэнд толгойноос нь цус гарсан байдалтай “миний толгойг хагалчихлаа” гэж хэлээд сууж байсан. Хажууд нь эрээн өнгийн цамцтай, туранхай залуу гартаа чулуу барьчихсан байсан гэх гэрч Б.Ч-ны мэдүүлэг /хх-ийн 7/,

- 2018 оны 9 дүгээр сарын 25-ны 00 цагийн үед гэр рүүгээ орохоор булан тойроод явж байхад байрны гадна Улаакаа гэж дууддаг Ч.Б нь Б.Б-ны толгойг чулуугаар цохиод гандан тойроод зугтаасан гэх гэрч А.К-ийн мэдүүлэг /хх-ийн 10/,

- ...Б.Б бид 2 маргалдаад намайг муу муухайгаар хэлэхээр нь би уурлаад араас нь хөөхөд Б.Б зугтаад гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Тэгээд би гараад ирж магадгүй гээд хүлээгээд байж байсан чинь 2-3 минутын дараа Б.Б гарч ирэхээр нь би газраас чулуу аваад Б.Б руу шидсэн. Тэгэхэд Б.Б “толгой хагалчихлаа” гэж хэлээд доошоо суусан гэх шүүгдэгч Ч.Б-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/,   

- Б.Б-ны биед хуйхны шарх, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б-ны биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 969 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/,

 Б.Б-ны духны баруун дээр үсний ирмэгт язарсан шархтай, шархнаас цус урсаж гарна, шархны хэмжээ 4 см орчим гэх хүний их эмч Ж.Баярмаагийн тодорхойлолт /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Б-ний үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ны биед хуйхны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ны бичсэн “...Ч.Б-д зодуулж биедээ гэмтэл авч эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх баталгаа /хх-ийн 37/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Б-ний иргэн Б.Б-ныг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ч.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхийн хамт амьдардаг, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ажлын үнэмлэхийн хуулбар, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь цалингаас өөр орлогогүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эх Б.Ч нь ажил эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР