Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00007

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2022/01631 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******т холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хувийг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай /цахимаар/, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие*******тай 2005 онд танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 оны 06 дугаар сарын 26-нд охин О.Уянга, 2012 оны 06 дугаар сарын 04-нд охин О.Намуун нар төрсөн.

Хамт амьдарч эхэлснээс хойш нөхөр маань байнгын хэрүүл хийж намайг зодож, зовоодог, сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, элдэв янзаар харааж, дайрч давшилж, утга учиргүй харддаг, тайван байх аргагүй эрхэнд салах шалтгаан болж байна.

Мөн том охиндоо хахир хатуу харьцдаг. 2 хүүхдээ бодон элэг бүтэн байя гэж өдийг
хүртэл тэвчсэн. 2021 оны 08 сараас хойш 2 тусдаа амьдарч байна. Том охиндоо санаа 
зовж утасдаж холбоо барьсан удаа байгүй. Эцэг хүний үүрэг хариуцлагыг ер нь хүлээдэггүй. Цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 охиноо өөрийн асрамжид авна. Бидний дунд 3 өрөө байр байдаг тэрийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******тай 2006 оны 12 дугаар сарын 12-нд гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 оны 06 дугаар сарын 26-нд охин О.Уянга, 2012 оны 06 дугаар сарын 04-нд охин О.Намуун нар төрсөн. Эхний жилүүдэд миний аав ээжийн /4-5-4тоот/ 1 өрөө байранд амьдарч байсан болно. Улмаар аав ээжийнхээ нэг өрөө байрыг зарж 5-4 дугаар байрны 249 тоот болох 3 өрөө байрыг лизингээр худалдан авсан. Энэ амьдралын хугацаанд эхнэр ******* ээлжийн ажилд гарах нэрийдлээр гэртээ цөөхөн хонодог байсан. Үүнээс болж маргалдах үе гардаг байсан боловч даамжирсаар 2021 оноос хойш гэртээ ирж хонохоо больж гэртээ ирэх үедээ хоол хийгээгүй, гэр цэвэрлээгүй байна гэх мэтээр дайрч зовоодог болсон.

Миний бие *******ыг гүтгэж гүжирдсэн юм байхгүй. ******* нь Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчин болох Бавуудорж овогтой Баярмагнайтай хайр сэтгэл болон сексийн асуудлаа хэрхэн хоорондоо тохиролцож харьцдаг байсныг баримтаар хавсаргав. Миний охин О.Намуун ээжийнхээ утаснаас татаж авсан байсныг аавдаа өгсөн. 3 өрөө байрны лизингийг 2010 оны 06 дугаар сарын 20-ноос 2020 оны 06 дугаар сарын 20 хүртэл 10 жилийн хугацаанд төлж дуусгасан. Төлөлт хийх хугацаанд ******* ганц ч удаа байрны лизинг төлж үзээгүй. 2 охиноо эцэг эхээс нь салгаж хүний царай харуулмааргүй байна. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Иймд бидний гэрлэлт цуцлах асуудлыг 3 сарын хугацаанд хойшлуулж бидний үр хүүхдийг бодож эвлэрүүлэх боломж олгож өгнө үү. Мөн 2 охины санал хүсэлтийг хуулийн дагуу асууж өгнө үү гэжээ.   

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Эрхиймэргэн овогт Лувсандоржийн*******, Боржигин овогт Гачилын******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин О.Уянгыг эх *******ын, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин О.Намууныг эцэг*******ын асрамжид тус тус үлдээж,

Талуудын хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2003001913 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 249 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч*******ын өмчлөлд үлдээж, хариуцагч*******аас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

  1. Хариуцагч*******  давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4-р байр 249 тоот 3 өрөө байр нь *******тай гэрлэхээс өмнө тухайлбал 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Y2003005303 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 84 тоот 38.0 м.кв талбай 3 өрөө байрыг миний төрсөн эцэг Лувсандорж, төрсөн эх Насанхүү нар бэлэглэсэн юм.

Үүнээс хойш 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан сум 9 дүгээр баг 4-р хороолол 5 дугаар байр 4 тоот 18 м.кв өв залгамжлалаар надад өмчлүүлсэн. 10 дугаар баг, 5 дугаар хороолол 4-р байрны 249 тоот 3 өрөө байрыг 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авахдаа өв залгамжлалаар авсан нэг өрөө байрыг худалдаж дээр нь 17.5 сая төгрөгийг******* би нэмж төлж авсан.

Энэ байрыг худалдаж авахад ******* нэг ч төгрөг нэмэрлээгүй. Одоогийн амьдарч байгаа 3 өрөө байр нь нэхэмжлэгч *******тай гэрлэсний дараа 1 өрөө байраа зарж худалдаж авсан боловч эцэг эхээс миний надад бэлэглэсэн өв залгамжилсан байр учраас дундын өмч биш хувийн өмчлөлд хамаарагдах үндэслэлтэй. Иймд маргаж буй байрны үнэлгээ болон одоогийн амьдарч байгаа байр нь эцэг эхээсээ өв залгамжилж авсан миний хуваарьт өмч болохыг анхаарч, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч*******ын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргээс судлан үзэхэд:

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Лхамсүрэн нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

3. Зохигч болох *******,******* нар нь 2006 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин О.Уянга, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин О.Намуун нар төрсөн болох нь  гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 4-6, 25-27/

4. Хариуцагч*******ын зүгээс “...шүүх эвлэрэх 3 сарын хугацаа өгөөгүй” гэж маргаж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч болох боловч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу  гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.

5. Хариуцагч******* нь эхнэр *******, охин О.Уянга нарын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч байсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ЗШ/116 дугаартай шийтгэврээр нотлогдож байгаа, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан цагаас хойш эвлэрэх талаар ямар нэгэн санаачилга гаргаж байгаагүй болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул “...шүүх эвлэрэх 3 сарын хугацаа өгөөгүй.” гэх гомдол үндэслэлгүй. /хавтаст хэргийн 107-108/

6. Мөн хариуцагч нь “...одоо амьдарч байгаа 3 өрөө орон сууц нь миний ээж, ааваас өвлүүлэн үлдээсэн 1 өрөө орон сууцыг зарж, зээл нэмж авч худалдаж авсан орон сууц. Энэ 3 өрөө орон сууцыг авахын тулд 10 жилийн хугацаатай банкны зээл авсан ба банкны зээлийг төлөхөд ******* нь нэг ч төгрөг төлж байгаагүй учир орон сууц бол миний хуваарьт өмч.” гэж маргаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасны дагуу гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно.

Маргаж буй 3 өрөө орон сууц нь гэрлэгчдийг хууль ёсны гэр бүл болсны дараа бий болсон хөрөнгө бөгөөд*******, ******* нар нь хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хавтаст хэргийн 24/

Хариуцагчийн зүгээс “10 жилийн хугацаатай авсан банкны зээлийг төлөхөд ******* нь нэг ч төгрөг төлж байгаагүй учир орон сууц бол миний хуваарьт өмч.” гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж, тэтгэлэг болон маргаж буй 3 өрөө орон сууцны үнийн талаар маргаагүй, орон сууцны үнэлгээг гаргуулахгүй гэх хүсэлт гаргасан байх тул гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, гэр бүлийн дундын өмчийн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. /хавтаст хэргийн 110-113/

Иймд хариуцагч*******ын “...одоо амьдарч байгаа 3 өрөө орон сууц нь миний ээж, ааваас өвлүүлэн үлдээсэн 1 өрөө орон сууцыг зарж, зээл нэмж авч худалдаж авсан орон сууц. Энэ 3 өрөө орон сууцыг авахын тулд 10 жилийн хугацаатай банкны зээл авсан ба банкны зээлийг төлөхөд ******* нь нэг ч төгрөг төлж байгаагүй учир орон сууц бол миний хуваарьт өмч” гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хангагдаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2022/01631 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА                                                               

                                                ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА                                                                  

                                                                                                    Я.ТУУЛ