| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0348/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\375 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018\ШЦТ\375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0348/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ч.Э-д холбогдох эрүүгийн 1818004150387 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Ч.Э /РД: /, Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм бэлтгэгч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн урдаас таксинд сууж үйлчлүүлэхдээ иргэн З.М-ын гээсэн Самсунг Эс 7 загварын гар утсыг авч бусдад худалдсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “MBM” зочид буудлаас гарч урд зам дээрээс авто машинд сууж “Үйлчилгээний төв” рүү явсан. Машинд суугаад явж байхдаа би гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь зочид буудлын өрөөндөө үлдээчихлээ гэж бодсон. Тэгээд зочид буудалдаа ирэхэд гар утас байхгүй байсан. Би алдсан гар утсанд сим сольж хийхээр миний и-мэйл хаягт мэдээлэл ирдэг програм суулгачихсан байсан. Миний и-мэйл хаягт мэдээлэл ирэхээр нь А-ийг цагдаагийн байгууллагад өргөдөл бичээд өгөөч гээд явуулсан гэх хохирогч З.М-ын мэдүүлэг /хх-ийн 20/,
- Би 358430076541843 гэсэн IMEI дугаартай Самсунг Эс-7 загварын гар утсыг 2018 оны 5 дугаар сарын сүүлээр “Ихэр могой” худалдааны төв дээр гар утасны лангуу ажиллуулдаг Х гэх хүнээс 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэх гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 23/,
- 2018 оны 5 дугаар сарын 21, 22-ны үед манай хадам ээж Ч.Э манайд ирэхдээ надад Самсунг Эс-7 загварын хар хөх өнгийн, хуучин гар утас үзүүлээд “энэ гар утсыг зараад өгөөч. Би машинд сууж явж байхдаа олсон юм” гэж хэлсэн. Тэгээд би “Ихэр могой” худалдааны төвд өөрийн лангуун дээр тавьж зарсан гэх гэрч Г.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- ...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр З.М над руу залгаад “миний гар утсыг хараагүй биз? Би гар утсаа цүнхэнд чинь хийчхээгүй байна уу?” гэж асуухаар нь би цүнхгүй явж байснаа хэлсэн. Тэгээд З.М Улаанбаатар хот руу буцаад явсан ба маргааш нь дахин над руу залгаад “миний гар утсанд ******* гэсэн дугаартай сим карт хийсэн байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан гэх гэрч И.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/,
- Би 2018 оны 5 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Нэгдсэн эмнэлгийн урдаас таксинд суухад машины хойд суудал дээр гар утас байхаар нь аваад цамцныхаа халаасанд хийсэн. Тэгээд хуучин Дарханд тухайн таксинаас буугаад гэртээ ирээд гар утсыг харахад Самсунг эс-7 загварын гар утас байсан. Тэгээд би тэр утсыг унтраагаад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тухайн гар утсанд өөрийн ******* гэсэн дугаар бүхий сим картыг хийсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа хүргэн хүү Х-д тухайн гар утсыг өгөөд заруулсан гэх шүүгдэгч Ч.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/,
- ............... дугаарын хэрэглэгч нь Ч.Э, регистерийн дугаар нь .......... болно гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18/4695 дугаартай албан бичиг /хх-ийн 8/,
- 358430076541843 гэсэн IMEI дугаартай утсанд ашиглаж байгаа ....... дугаарын хэрэглэгч нь Э.Б, регистерийн дугаар нь .......... болно гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18/4734 дугаартай албан бичиг /хх-ийн 9/,
- З.М-ын эзэмшлийн Самсунг Эс-7 загварын хуучин гар утас нь 400.000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдлийн улмаас хохирогч З.М-д 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Ч.Э-ээс хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-т Самсунг Эс-7 загварын гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 61/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Э-ийн иргэн З.М-ын таксинд гээсэн Самсунг Эс-7 загварын гар утсыг авч бусдад худалдан 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “..............” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, тогтмол цалин орлоготой, нөхөр, хүүгийн хамт амьдардаг, нөхөр С.Д нь ажил эрхэлдэггүй, хүү Д.Л нь оюутан зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2066 дугаартай тодорхойлолт /хх-ийн 33/, ............... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 59/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Э нь цалингаас өөр орлогогүй, нөхөр С.Д нь ажил эрхэлдэггүй, хүү Д.Л нь оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Э-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР