| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0330/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0330/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Т.С-д холбогдох эрүүгийн 1818002390322 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Т.С /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэхэр цөөрөм гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийн хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2.354.339,3 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.С-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сард манай дүү экскаватор түрээсэлсэн. Тэгээд тухайн экскаватор нь эвдрэл гэмтэл гараад байна гэхээр нь би дүүгийн хамт 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ухаж байсан газар луу нь очсон. 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй газар ухаж байна гээд үйл ажиллагааг нь зогсоочхоод яваад өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уг ухсан газраа буцааж булаад хажууд нь газар ухаж байхад дахиад цагдаа ирсэн. Хууль бусаар ийм үйл ажиллагаа явуулсан нь миний буруу. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Т.А-ийн өгсөн: Т.С гэх иргэн нь Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгалийн эдэлбэр газарт 2.354.339,3 төгрөгийн бодит хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эдэлбэр газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж, хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, ургамлан нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцож нийт 6.593.244,9 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүн дээр нөхөн сэргээлтийн 1.884.330,94 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12-13/,
Гэрч Т.Б-ийн өгсөн: ...техник хэрэгслүүдийг харах хүн хэрэг болоод өөрийн төрсөн ах Т.С-г Улаанбаатар хотоос дуудаад “Цэхэр цөөрөм” гэх газарт хүргэж өгсөн. Намайг Дарханд байх хугацаанд Т.С өөрийн дураар миний экскаваторыг ашиглан газар ухаж байгаад цагдаа нарт баригдчихлаа гэж 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Б.Н-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Т.С надтай утсаар холбогдоод экскаваторын операторчин хийх үү гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газарт очиход Т.С намайг САТ-320 маркийн экскаватороор уулын амыг ухаад шороог нь дэлгэчих гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр гэхэд шороог нь дэлгэж дуусаад шороог нь усан буунд оруулах гэж байхад цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Г.Т-ын өгсөн: Т.С намайг экскаваторын операторчноор ажиллах уу гэсэн санал тавьсныг би хүлээж авсан. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хонгор сумын “Цэхэр цөөрөм” гэх газарт очоод Т.С-ээс DOOSON 5000 маркийн экскаваторыг аваад засвар үйлчилгээ хийгээд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс газар ухаж эхлээд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө дуусаад металлтай шороогоо угаах гэж байхад цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Хэрэг учрал гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм“ гэх газар бөгөөд 2 уулын ам нийлж тогтсон уулзвар бүхий газар байх бөгөөд ертөнцийн зүгээр зүүн талын амны үзүүрт уг хэрэг үйлдэгдсэн байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх ухагдсан гэх газарт учирсан шууд хохирол 2.354.339,3 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ нь 6.593.422,9 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал нь 1.884.330,94 төгрөг болох нь “МОНСЛОВ” ХХК-ний хийсэн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний “Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт орших “Цэхэр цөөрөм" нэртэй газрын хууль бус олборлолтод өртсөн талбай 1743.0 м.кв байна. Байгаль орчинд учруулсан хохирлын тооцоо нийт 2.354.339,3 төгрөг болов. Үүнд: Эдэлбэр газарт учирсан хохирол 95.386,8 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 941.220 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 1.081.920 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 235.812,5 төгрөг, байгаль орчинд шууд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээний нийт дүн 2.354.339,3 төгрөг ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг тооцоход эдэлбэр газарт учирсан хохирол 286.160,4 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 882.440 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 3.245.760 төгрөг, ургамлан нөмрөгт учруулсан хохирол 1.179.062,5 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээний нийт дүн 6.593.422,9 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 1.781.690,94 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 102.640 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардал нь 1.884.330,94 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-30/-ээр тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан ба шүүгдэгч Т.С-ийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр 1743.0 м.квадрат талбайг ухсан үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ.
Иймд Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 2.354.339,3 төгрөгийн шууд хохирол учирсан ба нөхөн төлбөр 6.593.422,9 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1.884.330,94 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь шууд хохиролд 6.593.500 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.885.000 төгрөг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Татварын бус орлогын Төрийн сан дахь 100190200914 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6.593.500 төгрөгийг шилжүүлсэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Байгалийн нөхөн сэргээлтийн барьцааны Төрийн сан дахь 100190255402 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1.885.000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд илүү төлөгдсөн 4.239.160 төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Татварын бус орлогын Төрийн сан дахь 100190200914 тоот данснаас гаргуулан Т.С-д буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохиролд тооцсон нөхөн төлбөрийн тухайд ...байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулж, төлбөрийг ажлын 14 хоногт багтаан барагдуулах, уг хугацаанд барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэх, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар... зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүний гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан шууд хохирол болон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч Т.С-д тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч Т.С нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.С-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Т.С-д тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь шүүгдэгч Т.С нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад тохиолдолд хамаарахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.С нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Татварын бус орлогын Төрийн сан дахь 100190200914 тоот данснаас 4.239.160 /дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан шүүгдэгч Т.С-д буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР