Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2026/00034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025      12         25                                               317/ШШ2026/00034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** гудамж, *** байр, *** тоотод оршин суух, *** овогт Г***н А*** /РД: ***/,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** байр, *** тоотод оршин суух, *** овогт Х***ны Н*** /РД: ***/ нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт Г***н Б*** /РД: ***/-д холбогдох,    

          гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл болон хохиролтой холбоотой 72,186,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч Х.Н***,

          Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Г****,

          Хариуцагч Г.Б****,

          Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н***,

          Нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.А***, Х.Н*** нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Б****тай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, 50,000,000 сая төгрөгт 50 тонн төмс авахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл 1 тонн төмсийг 1,000,000 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. "Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т "2023-09-27-нд урьдчилгаанд 70 хувь буюу 35,000,000 төгрөгийг, 30 хувь буюу 15,000,000 төгрөгийг төмсөө бүрэн хүлээж авсны дараа өгнө" гэж тохирсон. Бид нарын зүгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.А***ийн эхнэр Н.А***н эзэмшлийн данснаас төмсний төлбөр 7,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Б****д 42,000,000 сая төгрөг шилжүүлсэн болно.

          Хариуцагч нь 50 тн төмс нийлүүлэх ёстой байтал 24 тн төмс нийлүүлж, үлдсэн 18 тн төмсийг огт нийлүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа шаардлага тавьж, ярилцаж байж 2024 оны намрын ургацаар үлдэгдэл төмсийг нийлүүлэхээр болсон.

          Мөн хариуцагч нь бидэнд 22-ын товчооны ойролцоо байрлалтай зоорийг санал болгож, төмс хадгалахад тохиромжтой гэснээр бид тухайн зоорийг 2024 оны 05 сар хүртэл төмс хадгалахаар түрээсэлж 2,500,000 төгрөгийн зардал гаргасан. Гэвч хариуцагч үлдэгдэл төмсөө нийлүүлээгүй тул энэ түрээсийн зардал үр ашиггүй хохирол болсон. Энэ хохирлыг хариуцагч бүрэн хариуцах ёстой. 

          2024 оны 09 сард бид Г.Б****д үлдэгдэл төмсөө нийлүүлэх хүсэлт тавьсан. Гэвч хариуцагч нь “төмс хураалтын зардал надад байхгүй, та нар өөрсдөө ирж хураа” гэснээр бид төмсөө авахын тулд хураалтын бүх зардлыг өөрсдөө хариуцсан. Үүнд ажиллах хүчний хөлс, техник, тоног төхөөрөмжийн түрээс, тээврийн зардал, ажилчдын хүнс, түлш, замын зардал зэрэгт нийт 20,678,783 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулна.

          Мөн хариуцагч нь 2 удаагийн зээлийн хүсэлт тавьсан бөгөөд түүнд итгэж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 2024 оны 06 сарын 16-ны өдөр хариуцагчид “зоорины хүнд яаралтай мөнгө шилжүүлэх шаардлагатай байна” гэснийх нь дагуу 15,000,000 төгрөг шилжүүлсэн.

          2024 оны 08 сарын 10-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгч Г.А***ээс “яаралтай мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд Г.А***ийн эхнэрийн данснаас 1,000,000 төгрөг зээлүүлсэн.

          Иймд нийлүүлээгүй үлдсэн 18 тн төмсний үнэ 18,000,000 төгрөг, зоорины түрээс 2,500,000 төгрөг, төмс хураах үйл ажиллагаанд гаргасан зардал 20,678,783 төгрөг, зээлүүлсэн 15,000,000 төгрөг, мөн зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 57,178,783 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

          ... 2025 оны 12 сарын 11-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийлүүлээгүй үлдсэн 18 тн төмсний үнэ 18,000,000 төгрөг, зоорины түрээс 2,000,000 төгрөг, 18 тн төмсийг бид зараад олох байсан ашиг 18,000,000 төгрөг, төмс хураах үйл ажиллагаанд гаргасан зардал 23,186,833 төгрөг, мөн хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, мөн Г.А***ийн эхнэрийн данснаас шилжүүлж зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 72,186,833 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

          Нэхэмжлэгч Х.Н*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн *** суманд очиж Г.Б**** гэх хүнтэй 50 тонн төмсийг 1 килограммыг нь 1,000 төгрөгөөр буюу 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу төлбөрийн 70 хувийг нь тухайн өдрөө шилжүүлж, үлдсэн 30 хувийг нь төмс нийлүүлсний дараа өгөх нөхцөлтэй тохирсон. Ингээд гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төмсөө нийлүүлэх байсан. Гэтэл худалдагч тал 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төмсөө нийлүүлсэн. Ингэхдээ 24 тонн төмс нийлүүлсэн. Тухайн үед бүхээгтэй машинтай очиж авсан. Гэрээнийхээ дагуу бид Г.Б****гаас 26 тонн төмс авах ёстой. Бидний шилжүүлсэн мөнгө, мөн дараа нь өгсөн мөнгө төгрөгөө тооцохоор 18 сая төгрөгийн зөрүү гарсан. Тэгэхээр бид энэ мөнгөндөө л тааруулж төмс авъя гэсэн юм. Гэтэл 2023 онд буюу тэр жилдээ төмсөө өгөөгүй. Ялгалт хийгээгүй, хавар ав гэсэн. Тухайн үед бид “...бүхээгтэй машинтай очоод авах боломжтой шүү” гэж хэлж байсан. Гэтэл “...төмс зооринд байгаа, хүйтэн орчихсон байна. Хавар ав” гэж хэлсэн боловч хавар нь мөн л төмсөө өгөөгүй. Бид Г.Б****гаас өмнө авчихсан байсан 24 тонн төмсөө зооринд хадгалж байгаад 2024 оны 03 дугаар сард гаргаад зарсан. Тэр үед төмсний үнэ өсөж эхэлсэн. Бид нэг шуудай төмсийг 48,000 төгрөгөөр зарсан. Ингээд үлдэгдэл төмсөө  тухайн оны 04-05 дугаар сард өгнө гэсэн боловч бас л өгөөгүй. Улмаар 05 дугаар сард Улаанбаатар хотод Г.Б****тай уулзсан. Тэгэхэд “...та хоёрын төмс байхгүй” гэсэн. Өөрөө борлуулчихсан юм уу бид мэдэхгүй. Гэхдээ бидэнд аль хэдийн өгчихсөн бол тухайн үед нэг шуудай төмс 80,000 төгрөг хүрч байсан. Товчхондоо Г.Б**** гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй. Анх гэрээ байгуулахдаа алданги тооцох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хор уршиг, олох байсан ашиг зэргийг нарийн тусгаагүй учир ийм үйлдэл гаргасан юм болов уу гэж бодож байна. Хариуцагч тал бидний хүсэлтийн дагуу 10 га газарт төмс тарьсан гэж тайлбарладаг. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Г.Б****гийн гар бичмэл дээр хураалтын зардлаа өөрөө хариуцна гэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй хэр нь бидэнд илүү сайхан санал тавьсанд нь бид хууртчихсан. Гэтэл өнөөдөр ийм л байдалтай болчихоод байж байна. Хураалтын зардал бидний тооцоолсноос ч өндөр гарсан. Хэрэв чанар муутай үрээр, чанар муутай төмс тарьсныг бид урьдчилан мэдсэн бол тэнд ингэж нэмэлт зардал гаргахгүй, хураалтын зардлыг бид хүнээс зээлсэн. Чанаргүй төмс талбай дээрээс хураагдсан гэдэг нь гэрч Б***гийн өгсөн мэдүүлэгт байна лээ. Тэр хүн илүү зардал гарах учраас 3,5 тонн төмсийг тэр чигээр нь орхичихсон шүү дээ гэж хэлсэн байна лээ. Гэрээний үүргийн дагуу бид төмс авах байтал хураалт руу оролцоод бүр илүү зардал гаргасан. Гэрээний үүргээ худалдагч тал биелүүлээгүй учраас ийм хор хохирол гарсан гэж үзэж байгаа. Зоорины асуудлын тухайд 20 тонн төмсийг нэг багананд хийж хадгалах стандарт байдаг юм байна. Сүүлд тэр хүн рүү чинь 10,000,000 төгрөг шилжүүлчихсэн. Ямар ч үр дүн гараагүй, эргээд маш их зардал гарчихсан. Ерөнхийдөө л иймэрхүү процесс болсон. Тухайн үед Г.Б****тай харилцан ярилцаад л явж байсан. Одоо хариуцагч худлаа яриад байна. Эгч нь өгнөө л гэдэг байсан. Бид үнийн дүн дээрээ тухайн үед тохироогүй. Сүүлдээ өгөх боломжгүй болчихсон. Тухайн үед намар нь 24 тонн төмс авч, хавар нь зарсан. Тэр үед төмсний үнэ хямд байсан гэж ярьж байна. Тухайн үед төмс худалдан борлуулсан төмсний мөнгө дансаар шилжин орж ирсэн хуулгаар тогтоогдоно. Г.Б**** худлаа ярьж байна. Бид намар төмс хямд үнээр авч, хавар нь үнэд оруулан зарах зорилготой. Намар авсан 24 тонн төмс бид хоёрт ашгаа өгсөн. Тэр тал дээр юу ч яриагүй. Баянмөнх гэх хүн ялгалт оруулаад биднээс худалдан авсан. Гэхдээ жижиг төмс их гарч ирсэн ч их үнэтэй зарсан. 2 баганад төмс хадгалахад зоорины хадгалалтын төлбөр яагаад ч 10,000,000 төгрөг болохгүй. Тэрийг та ч мэдэж байгаа. Өмнө жил нь 4 сая төгрөгөөр 2 багана түрээсэлсэн бөгөөд нэг багана нь хоосон өнжсөн гэх үндэслэлээр 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. 25 тонн төмс хадгалах нэг баганын түрээсийн ханш нь 2,000,000 төгрөг байдаг. Г.Б**** биднээс 10,000,000 төгрөг зээлээч гэхээр нь л итгээд өгчихсөн. Тэрийгээ зоорины төлбөр гэж тайлбарлаж байна. Төмсний зураг харуулсан. Тэр бол хайрагдал биш, өвчлөл юм. Бид талбай дээр хураалт хийж байхад Нарантуяа гэх гэрч “... муу үрээр тарьчихсан байна” гэж хэлж байсан. Энийг мэргэжлийн агрономч хүмүүс мэдэж байгаа. Яагаад Б*** өөрөө хураагаагүй вэ гэхээр өвчлөлтэй төмс гэдгийг мэдэж байсан ба биднийг авбал ав, байвал бай гэсэн хандлагатай байсан. Өмнөх шүүх хурал дээр шүүгч “... та 18 сая төгрөгийн өглөгтэй байж яагаад тариалалт дээр 20 гаран сая төгрөгийн зардал гаргаж байгаа юм бэ” гэж асуусан. Бид төмс тариад өг гэж гуйгаагүй, төмсөө авъя л гэсэн. Гэтэл Г.Б**** “...намар их боломжтой, ашиг илүү олно” гэх зүйл ярьсан. Б*** 18 сая төгрөгийн төмс өгөөд үүрэг нь дуусна, гэтэл яагаад 20 гаран сая төгрөгийн зардал гаргадаг юм, энд ямар ч логик байхгүй. Мөн хүлээлгэн өгсөн гэх зүйл ярьж байна. Г.Б****гийн хувьд агуулахаасаа бидэнд төмсөө хүлээлгэн өгөх ёстой болохоос цаашаа тээвэрлэх, хаана буулгах тал дээр санаа зовох шаардлагагүй. 26 тонн төмсөө өгөх гэтэл өвөл болчихсон гэж ярьж байна. Гэрээгээрээ агуулахаасаа л бидэнд хүлээлгээд өгчихөд болох байсан ба бид бүхээгтэй машинтай очоод авчих байсан. Цаашаагаа яах ийх нийлүүлэгч талд хамаагүй. 03-04 дүгээр сард төмсөө өгнө гэчихээд яагаад өгөөгүй талаар тайлбарласангүй. Тухайн үед төмс үнэтэй болчихсон байсан тул бидэнд өгөх төмсөө энэ хүн зарчихсан гэв.   

          Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Г**** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 

Гэрээ байгуулснаас хойш хариуцагч 18 тонн төмс нийлүүлээгүй. Түүнийг  нийлүүлсэн бол  ашиг олох боломжтой байсан гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нарын зүгээс төмсний ханш тухайн үед нэг шуудай нь 80,000 төгрөг хүрчихсэн байсан гэдгийг хэлдэг. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн, авснаа л буцаая гэсэн шаардлага гаргаж байна. Хариуцагч нийлүүлэх ёстой 18 тн төмсөө нийлүүлсэн бол 2024 оны 3, 4, 5 дугаар сард нэхэмжлэгч нар ашиг олох боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 18 тн төмсөө нэг нугалан зарж, 18 сая төгрөгийн ашиг олох боломжтой байсан гэж үзэж байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д  “үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар олох байсан ашиг 18,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. 

Мөн зооринд 50 тонн төмсийг 25/25 тонноор нь хадгалах бүрэн боломжтой байсан. Тухайн үед Г.Б**** гэрээнийхээ дагуу төмсөө нийлүүлээгүй тул зоорины нэг баганад хий түрээс төлсөн. Иймд зоорины түрээсийн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэрээний 5.2-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж заасан. Энэ заалтын дагуу нэхэмжилж байгаа. Мөн 2024 оны намрын ургац хураалтын хувьд Г.Б**** нь Г.А***, Х.Н*** нарт “10 га талбайд тариалалт хийж өгье, та нар ургацыг нь ав, энэ та нарт ашигтай” гэж хэлээд 10 га талбайд төмс тарьж өгсөн. Төмс тарьсан, хураан авсан дээр хариуцагч болон нэхэмжлэгч талын хэн нь ч маргахгүй. Гол нь эрүүл ахуйн болон хүнсний шаардлага хангасан төмс нийлүүлээгүй гэдэг дээр л маргаж байгаа бөгөөд үүнээс улбаатай зардал гарсан буюу гэм хор учирсан гэж үзэж байгаа. Зээлийн харилцааны хувьд хавтаст хэрэгт Г.А***ийн эхнэр Н.Амарсайхан нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг өгсөн. Г.Б**** нь 1,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу Г.А*** нь эхнэр Н.А***ны данснаас Г.Б****гийн данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн буюу зээлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байна. Түүнчлэн 10,000,000 төгрөгийн зоорины төлбөр гэж ярьж байна. Энэ бол тусдаа харилцаа, сая 60,000,000 төгрөгөөр 1000 тонн төмс багтах зоорь түрээсэлсэн гэж ярьж байна. Нэг баганад 60 тонн багтах юм байна. Тэгэхээр 10 га талбайгаас хураасан төмс чинь 40-50 тонн гэдгийг нэхэмжлэгч нар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Үнэхээр зоорийг түрээсэлсэн гэж үзэж байгаа бол яагаад нэхэмжлэгч рүү илүү мөнгө шилжүүлээд байгаа юм бэ? Энийг шүүх анхаарч үзнэ үү. Мөн “би зоорь олчихлоо, урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх ёстой байсан. Бид харилцан тохиролцоод би 5,000,000 төгрөг шилжүүлж, Г.А***, Х.Н*** нар 10,000,000 төгрөг гаргасан” гэх зүйл ярьж байна. 20,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байсан гэдгийг хариуцагч Г.Б**** сая тайлбартаа дурдсан. Энийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжилж байгаа 72,186,833 төгрөгийг хариуцагч Г.Б****гаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.   

          Хариуцагч Г.Б**** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

          2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайх хураалтаа хийж байхад нэхэмжлэгч нар намайг асууж ирсэн. Ингээд уулзахад Х.Н***, Г.А*** нар “...төмс авах гэж байгаа юм. Танай төмсийг үзье” гэсэн. Яг энэ хоёрыг ирэхтэй зэрэгцэн манайх төмсөө Өмнөговь аймаг руу ачуулж байсан. “...манайх яг л ийм төмс ачуулж байгаа. Гэхдээ талбайн хураалтын ажил дуусаагүй тул түргэн хугацаанд төмс нийлүүлэх боломжгүй, шаардлага хангаж байна гэж үзвэл гэрээ хийж, нотариатаар батлуулъя” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж  нотариатаар батлуулсан ба 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу над руу 35,000,000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөнөөс 7,000,000 төгрөг мөн орж ирсэн. Тухайн жил цаг агаарын нөхцөл байдлын улмаас төмсөө төлөвлөсөн хугацаандаа хурааж аваагүй. Энэ талаар Г.А*** нарт хэлж л байсан. Ингээд явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сард бид зоориндоо орж, ялгалтаа хийсэн. 2023 оны 11 дүгээр сард эдний 600 шуудай ачдаг машин ирж төмсөө ачаад явсан бөгөөд зоориндоо буулгаж авсан байна лээ. Дараагийн нийлүүлэлтээ хийх гэхээр идэр есийн хүйтэн эхэлчихсэн, хүйтэн зоориноос хүйтэн машин руу ачуулах болсон. Манай зоорь Төв аймгийн Ж*** суманд байдаг ба тэндээс Улаанбаатар руу ачуулах байсан. Стандартын төмс явууллаа гэж бодоход замдаа хайрагдах магадлалтай тул эрсдэл өндөртэй байсан. Ингээд цаг хүлээхээр болж, ирэх жил 3 дугаар сард дулаан орсон. Гэтэл надад ажиллах хүч олдоогүй. Манайх хавар ажиллах хүчээ дандаа цэргийн ангиас авдаг. Тухайн үед цэргийн ангитай гэрээ хийхээс өмнө Г.А***, Х.Н*** нар над руу 2 удаа ярьсан. “...эгч нь та нарт төмсөө гаргаж өгнө. Гол нь ажиллах хүч олдохгүй байна. Ажиллах хүчээ олоод төмсийг чинь өгье” гэж хэлсэн. Үүний дараа 2024 оны 05 дугаар сард миний бие Г.А***, Х.Н*** нартай Улаанбаатар хотод уулзсан. Тухайн өдөр “...би цэргийн ангитай гэрээ хийж байгаа. Төмсөө гаргаж өгнө” гэж хэлсэн. Түүнээс өмнө 2024 оны 03 сард намайг зоориндоо дуудсан бөгөөд манай төмсийг үзээд өгөөч гэсэн. Би төмсийг нь үзсэн, төмс нь гайгүй байсан. Намайг ялгах хүн олоод өгөөч гэсэн. Би тэнд байсан хүмүүсийг нь гуйж өгсөн. Дараа нь төмсөө ялгачихлаа, та борлуулаад өгөөч гэхээр нь Баянаа гэх хүнтэй ярьж нэг шуудай төмсийг нь 38,000 төгрөгөөр зарсан. Баянаад бүх төмсөө зарсан байна лээ. Энэ талаар Баянаа надад ярьсан. Би нэгэнт гэрээ хийчихсэн, тухайн гэрээнийхээ үүргээ тодорхой хугацаанд биелүүлээгүй байсан тул ямар ч байсан төмсөө нийлүүлнэ гэдэг нь тодорхой, энэ бол цаг хугацаа болон ажиллах хүчний асуудал байсан. Тэрийгээ зохицуулчихаад төмсийг нь гаргаж өгөх байсан. Энэ хугацаанд нэг шуудай төмс зах зээлийн ханшаар 35,000-38,000 төгрөг байсан. Би байнга л төмсөө зарж байсан. Тийм үнэтэй байсан тул Г.А***, Х.Н*** нар намайг тэгж айхтар шавдуулаагүй. 2024 оны 03 дугаар сард анх уулзахдаа төмс тарья гэж ярьсан юм. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уулзан бид 3 хамт сууж байхдаа “...би нүхэн зоориноос танай төмсийг гаргаж өгнө” гэсэн. Гэтэл төмс таривал яах бол гэсэн тэгэхээр нь би “...би та нарт дунджаар нь тооцоо гаргаад өгье” гэсэн. Үндсэндээ бид харилцан тохиролцоод тооцоог нь гаргаж өгсөн. Баримжаагаар ийм тооцоо гарна. “...Үлдсэн мөнгөндөө тариалалт хийлгэе гэх юм бол би тариалалтаас хураалт хүртэл хугацааны бүх зүйлийг нь хийж өгнө, хураалтыг нь би хийж чадахгүй шүү, манайх өөрсдөө их хураалт авдаг тул өөрийнхөө л талбайд ажиллана. Хүний юм хийх боломжгүй. Та хэд өөрсдөө хураагаад аваарай” гэж хэлсэн. Тэгтэл энэ 2 миний гаргасан тооцоог харчихаад хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоод 10 га талбайд төмсөө тарьсан. Хэрэв Г.А***, Х.Н*** нар хүлээн зөвшөөрөхгүй, төмсөө эсхүл мөнгөө өг гэсэн бол тухайн үед би асуудлыг шийдчих байсан. Харилцан тохиролцож шийдсэн болохоор би ч Г.А***, Х.Н*** нарт итгэсэн. Г.А***, Х.Н*** нар ч надад итгэсэн тул талбайн ажлаа шууд эхлүүлсэн. Ингээд тариалалтын явцын асуудал бол үрийн төмсөө талбай руугаа зөөж, гэрээ хийсэн цэргүүдээрээ бүх ариутгалаа хийлгэсэн. Манайх ОХУ-аас хамгийн сайн чанарын ариутгалын бодис худалдан авсан. Тэр бодисоор бүх төмсөө ариутгасан. Өвчлөлийн хувьд тэртээ тэргүй өвчлөл гарч л байдаг. Манай суманд өвчлөлийн асуудал нэлээдгүй яригдсан учраас хавар тогтмол хамгаалж, бүх төмсөө ариутгаж тарьдаг. 2024 оны 06 дугаар сард Г.А***, Х.Н*** нар талбай дээр ирж тариалалтын явцтай танилцсан. Миний хувьд 3 удаа хор цацаж, 3 удаа бордоо хийсэн. Бүгд технологийн дагуу явагдсан. Ингээд намар болж ургац хураах болсон ба 2024 оны 09 дүгээр сарын эхээр Г.А***, Х.Н*** нар талбай дээр ирж, төмсөө үзсэн. Бид 3 хамт  явж байгаад 2 бут ухаж үзсэн. Ер нь газар дор байгаа зүйлийг ухаж л үзнэ. Тэгж байж мэднэ. Бидний мэдэж болох зүйл бол газар дээрх ногоон масс, ногоон масс дээр ямарваа нэгэн өвчлөл ч юм уу, ямар нэгэн толбо суусан ч юм уу, эсхүл навч нь үхсэн ч юм уу тийм байдлаар тухайн төмс үхсэн гэж үздэг. Г.А***, Х.Н*** нарыг ирэхэд цэлийсэн ногоон талбай байсан. Тэр талбай дээр 2 бут ухаж үзэхэд стандартын шаардлага хангахуйц, нэг бутандаа 6-7 төмс байсан. Г.А***, Х.Н*** нар “...болж байна, баярлалаа эгч ээ” гэж хэлээд л явцгаасан. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр ирж төмсөө хурааж эхэлсэн. Хураалтын явцад манайх өөрсдийн техникээр эдний талбай руу орж хураалтыг нь хийж байсан. Манайх тэгэхэд 72 оюутан хөлсөөр ажиллуулж байсан. Тухайн оюутнууд манай төмсийг хураахаас гадна завсар зайгаар нь эдний төмсийг хурааж байсан. Г.А***, Х.Н*** нар 7-8 хүн ажиллуулж байсан байх, харилцан нэг нэгэндээ туслаад л төмсийг нь хураалцсан. Тэр тал дээр ямар ч мөнгө төгрөг яриагүй. 09 дүгээр сарын 25 гэдэг цаг их орой болсон гэсэн үг бөгөөд шөнөдөө хүйтэн хононо. Тийм учраас “...та нар талбай дээрээ төмсөө бүү хонуулаарай, төмс чинь хайрагдах магадлалтай шүү, төмсөө хураагаад л машиндаа ачаад байгаарай” гэж хэлсэн. За эгчээ л гэж байсан. Гэтэл миний мэдэхийн 3-4 хоног талбай дээр төмсөө хонуулсан. Аргаа бараад манайхаас хучлага авч хучсан. Талбай дээр цочир хүйтэрч байхад төмс хайрагдах магадлал маш өндөр, энэ бол надаас хамааралтай гэж хэлэх боломжгүй. Би ажил ихтэй тул байнга Г.А***, Х.Н*** нартай тааралдах боломжгүй. Гал тогоонд л тааралддаг байсан. Намайг ороход хоол, цайгаа хийгээд л сууж байдаг байсан. Дажгүй юу гэхэд дажгүй л гэдэг байсан. Би Зүүнхараа яваад ирсэн. Тухайн үе 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан байх үндсэндээ төмсөнд хайрагдалт өгсөн. Б***гийн төмс хайрагдсан гэх яриа гарч байна. Б*** болон манай төмс хайрагдсан тул илүү зардал гаргахаас сэргийлж, хурааж аваагүй. Тэр бол ямар нэгэн өөр асуудал байгаагүй, зөвхөн хайрагдсан төмснүүд байсан. Эхлээд сайн мэдэгдэхгүй, зооринд ороод ялбайдаг. Эдний үзүүлж байгаа төмсний зургийг харвал бүр яахаа алдчихсан төмс биш байна лээ. Муудчихсан төмс зооринд ороод шалчийгаад уначихдаг. Г.А***, Х.Н*** нар ямар ч байсан талбай дээрээс нэг ширхэг ч төмс үлдээлгүй хураагаад авсан. Ерөнхийдөө 2024 онд Ж*** сумын дунджаар бодоход 10 га газраас 100 тонн төмс хураах бүрэн боломжтой. Тийм учраас Г.А***, Х.Н*** нарыг ийм хэмжээний төмс хураан авсан гэж бодож байна. Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 18 тонн төмс нийлүүлэх үүргээ 10 га талбайд төмс тариалах бөгөөд хураалтаас өмнөх бүх процессийг хийснээр би үүргээ биелүүлсэн гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зоорины түрээсийн тухайд энэ зоорь бол өндөр үнэтэй, тухайн үед 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд Г.А***, Х.Н*** нарт 2 баганыг нь 10,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Иймд энэ мөнгө бол зээл гэх үндэслэлгүй, зээл гэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

          Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтад талууд маргахгүй байна. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шаардлагыг хангаж байна. Гэрээ байгуулсан өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн. Мөнгө өгсөн, авсан дээрээ маргахгүй байна. 2023 онд хариуцагч 24 тонн төмсийг Г.А***, Х.Н*** нарт нийлүүлсэн. 2024 онд 18 тонн төмс нийлүүлэхээр тохиролцсон талаар маргахгүй. Нийлүүлсэн төмсөнд ямар нэгэн асуудал байгаагүй. Өөрөөр хэлбэл төмс гэдэг төрлийн шинжээр тодорхойлогдох ердийн шаардлагад нийцсэн хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна. 2023 оны гэрээнд 50 тонн төмс гэж байгаа боловч 24 тонн төмс буюу хэсэгчлэн гүйцэтгэсэн дээр талууд маргадаггүй. Үлдэгдэл 26 тонн төмс нийлүүлэх үүргийн хувьд Г.А***, Х.Н*** нар “...бид шилжүүлсэн 42,000,000 төгрөгтөө нийцүүлэн үлдэгдэлд 18 тонн төмс авъя” гэдэг. Энэ тал дээр ч хэн аль нь маргадаггүй. Тэгэхээр 18,000,000 төгрөгийн төмс нийлүүлэх үүргийг талууд хэлэлцэн тохиролцоод дараа оны 05 дугаар сард нийлүүлэхээр буюу нөгөө талаар үүргийн гүйцэтгэлийн хугацааг хойшлуулсан гэж харж байна. Тэгэхээр гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл төмс нийлүүлэх цаг хугацааны хувьд хүйтний улиралтай давхацсан. Хүйтний улиралд Төв аймгийн Ж*** сумаас Улаанбаатар руу төмс нийлүүлэх нь эрсдэлтэй гэдгийг талууд хэн хэн нь ойлгож байсан. Тийм учраас үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа олгосон гэж үзэж болно. Тийм учраас 2023 онд төмс худалдан авч, зоорины түрээс төлсөн. Үүнээс нэг л баганыг ашигласан түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Сая шинжлэн судалсан баримтаар Г.А***, Х.Н*** нар зоорины түрээсийн мөнгийг шилжүүлээгүй “Септон” ХХК-ийн нэрээр шилжүүлсэн. Хэдийгээр тус компани нэхэмжлэгч Х.Н***ын компани гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар баримт хэрэгт байдаггүй. Тийм учраас энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2024 онд 18 тонн төмсийг худалдан борлуулж, 18 сая төгрөгийн ашиг олох байсан гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нотлогдохгүй гэж харж байна. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр талууд уулзаж, гар бичмэл үйлдсэн, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн өдөр Г.Б**** 10 га талбайд төмс тариална л гэж бичсэн байна. Г.Б**** төмсийг нь хурааж өгнө гэх үг, өгүүлбэр байхгүй. Эндээс үзвэл талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл бол чанарын доголдолгүй байсан. Худалдагч гэрээний үүргээс 24 тонн төмс нийлүүлж, үлдэх 18 тонн төмсний оронд 10 га талбайд төмс тариалж өгөхөөр үүргийг сольсон гэж үзэж байна. Энэ бол нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж буй тайлбар, Г.Б****гийн гар бичмэлээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Дээрх тохиролцоог хэдий гэрээ байгуулан нотариатаар батлуулаагүй ч гэсэн энэ гэрээг талууд амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж байна. Тодруулбал Г.Б**** төлөх ёстой 18 сая төгрөгийнхөө оронд 10 га талбайд төмс тариалж өгөх үүрэг хүлээж, Г.А***, Х.Н*** нарын хувьд 18,000,000 төгрөгөө урьдчилан шилжүүлчихсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Г.Б****гийн хувьд хавар тариалалтыг хийж, намар ургац хураалт хүртэл үүргээ гүйцэтгэчихсэн. Үр шимийг нь Г.А***, Х.Н*** нар хүртсэн гэж үзэж байна. Төмс хураалтын зардал 23,186,833 төгрөг яригдаж байна. Энэ бол огт үндэслэлгүй. Яагаад гэхээр энд гаргаж буй зардлууд нь жагсаалтгүй, хувь хүний дансыг шүүгээд харахаар авто салон, миний дэлгүүр гэх хэнд, хаана зарцуулагдсан нь мэдэгдэхгүй ийм баримтуудыг үндэслээд хураалтын зардал гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Г.А***, Х.Н*** нар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын эхэн гэхэд төмсөө авчихсан гэж ярьсан. Тухайн үед талбай дээрх төмс үнэхээр доголдолтой, гэмтэлтэй байсан юм бол яагаад энэ талаар мэдэгдээгүй юм бэ? Оронд нь өөр төмс өг, эсхүл мөнгөө авъя гэх шаардлагаа гаргаагүй юм бэ? Өөрсдөө мэдсээр байж хурааж авчихаад, зоориндоо хадгалаад, дараа нь угаагаад улмаар зарагдахгүй байна гэж байгаа бол гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссан юм биш үү. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох төмсний тухайд худалдах, худалдан авах гэрээ яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл эрсдэл хэзээ шилжих вэ гэдэг асуудал яригдана. Эрсдэл хэзээ шилжиж байгаа вэ гэхээр миний үйлчлүүлэгч төмсийг нь тарьж, Г.А***, Х.Н*** нар талбай дээрээс хурааж авч байгаа үед эрсдэл шилжиж байна. Тэгэхээр нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 01 гэхэд хурааж авсан төмсний чанарын шаардлага, доголдол ярих гэж байгаа бол 6 сарын дотор яригдах ёстой. Гэтэл 2025 оны 7 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал утсаар ярьсан, талбай дээр байхад нь ч хэлсэн гэх зүйл ярьж байгаа ч үүнийг нотлох баримт байхгүй. Мөн төмс хэзээ муудсан, хаана муудсан талаар ерөөсөө нотлоогүй. Үзлэг хийсэн бичлэгийг нь харахаар хэзээ, хэний утсаар, хаана хийсэн, хэний төмсийг харуулаад байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжилж байгаа зүйлүүд нь бүгдээрээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А***, Х.Н*** нар нь хариуцагч Г.Б****д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл болон хохиролд 72,186,833 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

3. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

3.1. “... Хариуцагч нь нийлүүлэх ёстой 18 тн төмсөө нийлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс бид олох байсан ашгаа алдаж, мөн зоорийн түрээс, ажилчдын зардал зэргээр хохирсон. Иймд хариуцагчаас нийлүүлээгүй үлдсэн 18 тн төмсний үнэ 18,000,000 төгрөг, зоорины түрээс 2,000,000 төгрөг, 18 тн төмсийг зараад олох байсан ашиг 18,000,000 төгрөг, төмс хураах үйл ажиллагаанд гаргасан зардал 23,186,833 төгрөг, мөн хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, Г.А***ийн эхнэрийн данснаас шилжүүлж зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 72,186,833 төгрөгийг гаргуулна”  гэв.   

4. Хариуцагч Г.Б**** нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

4.1. “... 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу над руу 35,000,000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөнөөс 7,000,000 төгрөг мөн орж ирсэн. Тухайн жил цаг агаарын нөхцөл байдлын улмаас төмсөө төлөвлөсөн хугацаандаа хурааж аваагүй. Нэхэмжлэгч нарт 24 тн төмс нийлүүлсэн. Үлдсэн төмсийг нийлүүлэх гэтэл идэр есийн хүйтэн болчихсон тул хавар нийлүүлэхээр болсон.  Улмаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нартай уулзаад сууж байхад төмс таривал яах бол гэхээр нь би дунджаар нь тооцоо гаргаж өгсөн. Тэгээд үлдэх 18 тн төмс өгөх үүргийнхээ оронд би 10 га газарт төмс тариалж өгөхөөр болсон. Төмс тариалалт, ариутгал, бордоо, усалгааг би хариуцаж, намар ургацаа нэхэмжлэгч нар өөрсдийн зардлаар хураан авахаар болсон. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр нэхэмжлэгч нар төмсөө хурааж авсан. Хурааж байх үедээ ийм тийм гэж юм хэлээгүй. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зоорины түрээсийн тухайд энэ зоорь өндөр үнэтэй, тухайн үед 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд Г.А***, Х.Н*** нарт 2 баганыг нь 10,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Иймд энэ мөнгө бол зээл гэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.      

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  

5.1. Нэхэмжлэгч Г.А***, Х.Н***, хариуцагч Г.Б**** нар нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 50 тонн төмсийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 

5.2. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нар нь урьдчилгаанд 42,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 24 тонн төмсийг нэхэмжлэгчид нийлүүлсэн, гэрээ байгуулсан үйл баримт болон төмс нийлүүлсэн, урьдчилгаа шилжүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна. 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцсэн байна.  

7. Эд хөрөнгө худалдагч тал буюу хариуцагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон тул талууд харилцан тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Б****гийн нийлүүлэх төмсний тоо хэмжээг 42 тонн байхаар тохиролцсон, энэ үйл баримтад мөн маргахгүй байна. 

8. Нэхэмжлэгч нар нь “... Б*** үлдсэн 18 тн төмсөө нийлүүлж чадахгүй нь, та нар манай талбай дээр төмс тарь, илүү ашиг олно гээд өөрөө тооцоо бичиж өгсөн. Тэр үгэнд нь бид хууртсан. Б*** нь чанар муутай үрээр тарьснаас болж бид төмс хураах ажилчдын зардал, тоног төхөөрөмжийн зардал зэргээр хохирсон” гэж тайлбарлаж,  

хариуцагч нь “... 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нартай уулзахад төмс таримаар байна гэж өөрсдөө санал тавьсан. Би тооцоо гаргаж өгөхөд нэхэмжлэгч нар зөвшөөрч үлдэх 18 тн төмс өгөх үүргийнхээ оронд би 10 га газарт төмс тариалж өгөхөөр болсон. ... 2024 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр нэхэмжлэгч нар төмсөө хурааж авсан” гэж тайлбарлаж талууд гэрээ дуусгавар болсон эсэхэд маргаж байна. 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.     

10. Хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нар нь гэрээний үнэ төлөх үүргээ биелүүлж 42,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, харин хариуцагч нь 24 тонн төмс нийлүүлсэн, 18 тонн төмсийг нийлүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  /хх-7-8,             /    

11. Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “... нэхэмжлэгч нар өөрсдөө төмс тарих санал тавьсан. Би тооцоо гаргаж өгөхөд нэхэмжлэгч нар зөвшөөрч үлдэх 18 тн төмс өгөх үүргийнхээ оронд би 10 га газарт төмс тариалж өгөхөөр болсон” гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байна.  

12. Хэрэгт авагдсан хариуцагч Г.Б****гийнх гэх 3 ш гар бичмэл нь хэдийд бичигдсэн, юуны тооцоо болох нь тодорхойгүй, уг баримтыг талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл бие даасан гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.  /хх-9-11/       

13. Иймд зохигчдын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан  худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй гэж үзэж, хариуцагчаас нийлүүлээгүй үлдсэн 18 тн төмсний үнэ 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох  үндэслэлтэй гэж дүгнэв.   

14. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэлгүй байна.                

15. Нэхэмжлэгч нар нь “... Хариуцагч 18 тн төмсөө нийлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс бид олох байсан ашгаа алдаж, мөн зоорийн түрээс, ажилчдын зардал зэргээр хохирсон” гэж тайлбарлаж, зоорины түрээс 2,000,000 төгрөг, олох байсан ашиг 18,000,000 төгрөг, төмс хураалтын зардал 23,186,833 төгрөг, хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, Г.А***ийн эхнэрийн данснаас шилжүүлж зээлдүүлсэн гэх  1,000,000 төгрөг, нийт 54,186,833 төгрөгийг гаргуулахаар шаардсан.         

16. Гэвч эдгээр шаардлага нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна талуудын хооронд шинээр гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, эсхүл худалдах, худалдан авах гэрээнд  нэмэлт, өөрчлөлт оруулсан эсэх, гэрээг дуусгавар болгохоор худалдагч баталгаа гаргасан эсэх нь тодорхойгүй байна.         

17. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар хаана байрлах, ямар байгууллагын зоорийг, хэдий хугацаагаар түрээсэлсэн, түрээсийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, мөн олох байсан ашиг 18,000,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан эсэх, мэргэжлийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Мөн төмс хураалтын зардалд зарцуулсан гэх 23,186,833 төгрөгийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч Г.А***ийн Хаан банк дахь харилцах дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн боловч уг дансны хуулга дахь орлого, зарлагын гүйлгээний   мэдээлэл нь эдгээр зардал хариуцагч Г.Б****гийн 10 га талбайгаас төмс хураахад зарцуулагдсаныг нотлохгүй байна.  /хх-13-14/     

18. Мөн нэхэмжлэгч нар нь 11,000,000 төгрөгийг Г.Б****д тусад нь зээлдүүлсэн гэж тайлбарлаж, гаргуулахаар шаардсан ч хэрэгт авагдсан цахим төлбөрийн баримт, Хас банкны дансны хуулга зэргээс дүгнэвэл Х.Н***ын Хас банк дахь данснаас М.Баттөгсийн Хаан банк дахь дансанд 15,000,000 төгрөгийг “Хонгор буудай” ХХК, агуулахын төлбөр гэсэн утгаар шилжүүлснийг Х.Н***, Г.Б**** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Харин энэ баримт нь “... 2024 оны намар бид 3 хамтарч нийт 60,000,000 төгрөгөөр зоорь түрээсэлсэн. Зоорь түрээсийн гэрээг М.Баттөгстэй би байгуулсан. Г.А***, Х.Н*** нар нь зоорийн 2 баганыг 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн” гэх хариуцагчийн тайлбарыг нотолж байгааг дурьдах нь зүйтэй.  /хх-12/         

19. Мөн Н.А***н Хас банк дахь данснаас Г.Б****д 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ч уг мөнгийг шаардах эрх нэхэмжлэгч нарт олгогдоогүй байна.  /хх-15/  

20. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Б****гаас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б****гаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А***, Х.Н*** нарт олгох нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Г.Б****гаас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А***, Х.Н*** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,186,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б****гаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А***, Х.Н*** нарт олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 


 [Д1]