| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0354/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\382 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2018\ШЦТ\382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0354/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э овогт Э.П-д холбогдох эрүүгийн 1818001170442 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э овогт Э.П /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.П нь согтуурсан үедээ 2018 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, дээд уруулын салстын зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...Э.П нь шөнө босоод гэрийн хойморт гал руу шээхээр нь би уурлаад түлхсэн. Тэгтэл Э.П намайг ор луу түлхээд миний хоолойг боож нүүр рүү 2 удаа цохисон. Надад гомдол санал байхгүй гэх хохирогч Б.С-ын мэдүүлэг /хх-ийн 17-19/,
- Б.С нь хамтран амьдрагчийн хамт манай хашаанд амьдардаг. 2018 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад хаалга нүдэхээр нь би босоод онгойлготол Б.С хөл нүцгэн, унтлагын хувцастай орж ирсэн. Тэгээд Б.С “Э.П дахиад намайг зодоод гэрт шээчихлээ” гэж хэлсэн. Өглөө нь босоод Б.С “энэ яасан байна?” гэхээр нь хартал дух нь шалбараад хөхөрсөн байсан гэх гэрч П.А-ны мэдүүлэг /хх-ийн 22/,
- Э.П нь манай дүү Б.С-той хамтран амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. 2018 оны 02 дугаар сард манай дүүг зодчихоод зугтаад явчихсан байсан... гэх гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 23/,
- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран амьдрагч Б.С-ын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Амуу” кафед шар айраг ууснаас хойш юу болсныг санахгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Б-нд сэрсэн. Тэгээд Б. У овогт Н.С-нд очиход “чи өнгөрсөн шөнө миний нүүр, толгой, гэдэс рүү цохиж нүдээд, гэрт шээсэн” гээд Б.С над руу дайраад байсан гэх шүүгдэгч Э.П-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Б.С-ын биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, дээд уруулын салстын зулгаралт, цус хуралт, баруун мөр, шуунд хуучин түлэгдлийн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баруун мөр, шууны түлэгдэл нь амбулаторийн картад бичигдсэнээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой, баруун нүдний зовхи, цээжний цус хуралт нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/,
- Б.С нь толгой өвдөнө, цээжний зүүн талаар хөндүүрлэнэ, духны баруун хэсэгт хөхөрсөн, баруун шуу, мөр түлэгдсэн шархны сорвитой, цээжний урд хэсэгт хөхөрсөн гэх тэмдэглэл бүхий амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 76-77/,
- “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 3 оноо буюу бага төвшинд тогтоогдсон, Э.П-д хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай” гэх Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, дэд ахлагч Б.Хосхарцагын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагт хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 78-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.П, хохирогч Б.С нар нь хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч П.А, Б.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.П-ын үйлдлийн улмаас хохирогч Б.С-ын биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, дээд уруулын салстын зулгаралт, цус хуралт, бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/, түүний бичсэн “Э.П-тай сайн дураар эвлэрсэн, цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 88/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч Э.П-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Э.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа засвар хийж орлого олдог зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, түүний ХААН банк дахь ................. тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-75/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.П нь тогтмол орлогогүй, хувиараа засвар үйлчилгээ хийж орлого олдог зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Э.П-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.П-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР