| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0365/Э |
| Дугаар | 385 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0365/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 1818007400444 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Д.Д /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 16-ны орой Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг Мангирт 9 дүгээр хэсэг 4 дүгээр гудамж “Ану” дэлгүүрийн ойролцоо иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан архины шилээр цохиж эрүүл мэндэд нь духны зүүн тал, зүүн суга, баруун шуу, цээж, бүсэлхийн баруун хэсгийн шархнууд, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...газраас архины шил аваад толгой руу цохитол шил хагарсан. Тэгэхээр нь би яаж байна аа гээд бариад авсан чинь миний энд тэндгүй гарт байсан шилний хагархайгаараа цохиод хатгасан. Хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй, нэлээд олон удаа цохиж хатгаснаа болиод бид хоёр салсан. Би цаашаа очоод морио унаад явсан гэх хохирогч Г.У-ын мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- яг юунаас болж хэрүүл маргаан болсон, хэн хэнийг цохиж зодсоныг хараагүй. Намайг очиход У ахын нүүр цус болчихсон Д.Д ахтай хамт дэлгүүрийн урд зодолдсон бололтой зогсоцгоож байсан. Энэ 2-ын хувцас шороо болчихсон харахад зодолдсон юм шиг байсан гэх гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 23/
- ...юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд л хүмүүс зодолдоод байх шиг байсан. Би У-ыг татаж салгаад байх шиг байсан. Нарийн сайн санахгүй байна нэг мэдэхэд би Гаваа ахтай архи ууж байгаад хашаанаас гарч яваад цагдаа нартай таарсан гэх гэрч Н.А-ын мэдүүлэг /хх-ийн 24/,
- ...Д.Д-н эгчийнд ороод унтаж байтал араас Д.Д орж ирээд архины шил хагалаад шилний хүзүү хэсгээр нь У-ыг дүрчихлээ гэж ярьсан. Тэгээд унтаж байтал шөнө цагдаа ирсэн гэх гэрч Л.Д-ын мэдүүлэг /хх-ийн 25/,
- ...2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр айлд очиж архи уусан. Тэндээсээ гарч гудамжинд архи ууж дуусаад хамт байсан хүмүүс тарж явсны дараа У-тай мориноос болж муудалцсан. Түүнийг архины шилээр толгой руу нь цохиж, шилний хагархайгаар энд тэнд нь хатгасан гэх шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
- Г.У-ын духны зүүн тал, зүүн суга, баруун шуу, цээж, бүсэлхийн баруун хэсгийн шархнууд, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.У-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/,
Г.У-ын толгойн хуйханд 2 газар, зүүн суганы ард, баруун ташаа, бүсэлхий нуруунд 5 газар, баруун шуунд зүсэгдсэн шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Д-н үйлдлийн улмаас хохирогч Г.У-ын биед духны зүүн тал, зүүн суга, баруун шуу, цээж, бүсэлхийн баруун хэсгийн шархнууд, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 260.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.У-ын бичсэн “...Д.Д-д зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан. Д.Д-гаас эмчилгээний зардалд нийт 260.000 төгрөг авсан. Цаашид энэ хүнээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэх баталгаа /хх-ийн 66/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Д-н иргэн Г.У-ыг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.Д нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн футболк, ногоон өнгийн хуванцартай архины шилний амсар, хагарсан архины шилний ёроол хэсэг, ногоон өнгийн түмний хишиг гэсэн бичиг бүхий шошготой шилний хагарсан хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-г 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн футболк, ногоон өнгийн хуванцартай архины шилний амсар, хагарсан архины шилний ёроол хэсэг, ногоон өнгийн түмний хишиг гэсэн бичиг бүхий шошготой шилний хагарсан хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР