| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0315/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\387 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018\ШЦТ\387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0315/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1818006040370 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С овогт Ц.Ц /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод эхнэр О.О-ийг тусдаа амьдарч байхдаа өөртэй нь уулзахаас татгалзлаа гэх шалтгаанаар бусадтай хардаж орцон дотор хоолойг нь боож, шат руу чирч түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Ц-гийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын*******очиж эхнэртээ агсам тавьж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч О.О-ийн өгсөн: Би нөхөр Ц.Ц-той амьдраад 5 жил болж байна. Ц.Ц байнга архи уугаад байхаар нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би ээжийндээ байхад Ц.Ц ирээд “чамтай уулзмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамтай уулзах шаардлага байхгүй” гэхэд миний баруун гараас татаад орцонд гаргасан. Тэгээд намайг 9 давхраас шиднэ гээд хоолойг багалзуурдсан. Ц.Ц нь “би чамайг алчхаад 11 жил шоронд суугаад гарчихна. Би ганц хүү Б-ийг чинь өнчрүүлнэ” гэх мэтээр над руу дайрч, шат руу чирч түлхсэн. Миний тархи доргиод толгойгоо бариулсан зардал болох 50.000 төгрөгөө Ц.Ц-гоос авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Насанд хүрээгүй гэрч Ө.И-ийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө гэртээ эгч О.О-тэй хамт байж байхад Ц.Ц ах ирсэн. Ц.Ц ах эгчтэй чинь уулзмаар байна гээд том өрөөнд ороод О.О эгчтэй маргалдсан. Тэгээд Ц.Ц ах О.О эгчийг 9-н давхраас шиднэ шүү гээд гал тогооны өрөө рүү чирч байснаа орц руу гарсан. Тэгээд би хаалгаар шагайхад О.О эгчийн үс нь сэгсийчихсэн 8-9 давхрын шатан дээр сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Т.У-ийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэртээ унтаж байхад Ө.И над руу утсаар залгаад “Ц ах согтуу ирээд О эгчийг дагуулаад гараад явчихлаа. Би гэртээ ганцаараа байна” гэж хэлсэн... Тэр өдөр О.О эгчтэй уулзахад “гэртээ байж байхад Ц.Ц ирээд намайг орцонд чирч гаргаад шат руу чирсэн” гээд надад зулгарсан гараа харуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаартай “О.О-ийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. О.О-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,
Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахмад Ц.Билэгсайханы 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 12:10 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 5 оноо буюу дунд түвшинд тогтоогдсон” гэх үнэлгээ /хх-ийн 46-47/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, дэслэгч ******* үйлдсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар сарын 8.1-т заасныг үндэслэн хохирогч О.О-ийг хамгаалж, шүүгдэгч Ц.Ц-д урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц, хохирогч О.О нар нь хамтран амьдарч байгаад түр тусдаа амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц-гийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 12 дугаар байр 70 тоотод эхнэр О.О-ийг тусдаа амьдарч байхдаа өөртэй нь уулзахаас татгалзлаа гэх шалтгаанаар бусадтай хардаж орцон дотор хоолойг нь боож, шат руу чирч түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.О-ийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 50.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч О.О-ийн бичсэн “Ц.Ц-гоос төлбөрт 50.000 төгрөг авсан болно. Өөр төлбөрийн асуудал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 56/, “...Миний бие Ц.Ц-той сайн дураар эвлэрсэн. Цаашид ямар нэг санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 53/-ээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчаас шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь “хувиараа ажил байгаа учир өдөрт 4 цагийн нийтэд тустай ажил хийх боломжгүй, “Эвсэг” харуул хамгаалалтын газарт ажилд орж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд “Эвсэг” харуул хамгаалалтын газарт ажилд орох гэж байгаа гэх боловч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Ц.Ц-д оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР