2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/02744

 

 

 

 

 

2026 03   10

192/ШШ2026/02744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат 3-2-** тоот хаягт оршин суух, Б**** н**** овогт Д******** Т******** /РД:ХД69063067/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Барилгачдын гудамж, Өнөр хороолол, 1 хороолол, 21 дүгээр байранд байрлах, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг /РД: 9077553/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямхүү, А.Д*******, гэрч У.Б*******, гэрч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Т******* хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд анх ажилд орсон байдаг. Уг ажилд орсноос хойш 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 30 гаруй жил тасралтгүй тухайн байгууллагад ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс зүйн болоод сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Ажиллах хугацаанд А.Д******* гэдэг захирал томилогдож ирсэн. Гэтэл н.Гүрбазар захирал нь халагдаагүй нөхцөл байдлын улмаас 2 захиралтай, ойлгомжгүй байдал үүссэн. Ингээд байж байтал А.Д******* захирал 2025 оны 04 дүгээр сарын 14- ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг хэрэглэсэн байдаг. Энэ заалт нь хууль бус гэж үзсэн учраас Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах газарт гомдлоо гаргасан. Хуулийн хугацаанд 30 хоногийн дотор шийдвэрлэж байгаа учраас хариу нь гарсны дараа Иргэний хэргийн шүүхэд хандсан. Тушаалыг хууль бус гэж үзсэн учраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх нийт 182 хоногийн цалинг олгуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал болон татварыг төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулах шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Миний бие А.Д*******ыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ажилд томилсон. Ажлаа хүлээлцэх гэтэл нэр бүхий Д.Т******* гэх ажилчид дотогш оруулахгүй эсэргүүцэл үзүүлж байсан. Дээрх үйлдлийг таслан зогсоох буюу Захиргааны ерөнхий хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагааг цагдаагийн болон мэргэжлийн байгууллага туслалцаа үзүүлнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллагын ажилтнуудыг байлцуулан гүйцэтгэх захирлын өрөө болон захирлын туслахын цоожийг солиулж орсон. Мөн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдөр захиргааны хэсэг, үйлчлэгчдийн өрөөний хаалганы цоожийг дур мэдэн сольж хүн оруулахгүйгээр хаалгыг цоожилсон байсан тул цагдаагийн байгууллагын ажилтнууд онгойлгож цоожийг дахин сольж дотогш нэвтрэн орсон. Хүний нөөцийн ажилтан байсан Д.Т******* болон эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан н.Э******* нар нь манай байгууллагын холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхөөс татгалзаж, өрөөндөө оруулдаггүй гэх үйлдлүүдийг удаа дараа давтан гаргаж байсан. Эдгээр хүмүүс өрөөндөө орж суун шинэ гүйцэтгэх захиралтай хамтран ажиллахгүй гэдэг байсан. Бүх ажилчдын хурал зарласан ч үл тоомсорлож, хуучих захирал эргэн ирнэ гэх зэргээр албан үүргээ биелүүлэхгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын салбар хяналтын байцаагчаар шалгалт хийлгэх гэсэн боловч Д.Т******* тэргүүтэй хүмүүс байцаагчид холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхгүй зөрчлүүдийг гаргаж байсан тул Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3.4 дэх хэсэгт заасан удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй зөрчсөн гэж үзсэн. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Т*******ийн хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тушаалын 01 дэх заалтад түүний гаргасан зөрчлүүдийг тодорхой дурдсан. Нэхэмжлэгчид тухайн ажлаас чөлөөлөх тушаалыг гардуулж өгсөн атал өөрөө гардаж аваагүй гэх тайлбарыг өгдөг гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Д.Т*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Т*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа элэгний эмгэг эмчлэх Монгол эмнэлэг, төвийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар дотроо өөр албан тушаалын ажилд шилжүүлэх буюу ажилд шинээр авах тухай тушаал, Нийслэлийн уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар албан хаагчийг ажилд авах, албан тушаалд томилох тухай тушаал, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар тэмдэглэл, Д.Т*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.Д*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/116 дугаар тушаал, итгэмжлэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаар А.Д*******ыг ажилд томилох тухай даргын тушаал, ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хөдөлмөрийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 519 дугаар хүсэлт гаргах тухай албан тоот, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны даргын 30е-4-2/4803 дугаар албан тоот, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30е-4-2/5042 дугаар албан тоот, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25/77 дугаар хуулийн этгээдийг өөрчлөх байгуулах тухай тогтоол, Нийслэлийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/824 дугаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэгтгэсэнтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай захирамж, итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 2025.04.25-ны өдрийн 10-13-01/016/134 дугаар стандарт, тушаал, журмын хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага ,

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв /РД: 9077553/-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаарх түүхчилсэн лавлагаа болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025.10.27-ны өдрийн 30е-4-2/5835 дугаар албан тоот, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Д.Т*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системд ажлаас чөлөөлсөн тушаалыг баталгаажуулсан эсэх, байгууллагын тушаалын бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн эсэх талаарх баримт, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын Д.Т*******ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн дуудлага, дуудлагын бүртгэлийн жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн 250800967 дугаартай хэргээс Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаарх түүхчилсэн лавлагаа болон хуулийн этгээдийн мэдээлэл, мөн 2025 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв болон А.Д*******аас гаргасан дуудлага, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тухай дотоод журам, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд ажиллаж байсан ажилчдыг Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт нэгтгэхдээ ажилчдыг хэрхэн шилжүүлж томилсон тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг, Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичиг,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх

үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2.    Нэхэмжлэгч Д.Т*******аас хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн

эмнэлэгт холбогдуулан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.1.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3.    Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа:... Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг татан буулгаж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэсэн тул хариуцагчийг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг хариуцагчаар оролцуулах болсон. Иймд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өмнө нь эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Т*******аас хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дүрэмд зааснаар байгууллагын хэвийн үйл ажиллагаанд явуулахад саад учруулж, шинээр томилогдсон захирал нарыг ажлын байранд нэвтрүүлдэггүй, ажил хүлээлцэх ажиллагаанд саад учруулж байсан тул цагдаагийн байгууллагаар ажлын байранд ажил хүлээлцсэн. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгахад бичиг баримтыг гаргаж өгөхгүй, Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалтаар ирсэн улсын байцаагчийн шаардсан бичиг баримтыг гаргаж өгөөгүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Одоо Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэгдсэн, тухайн эмнэлэгт хүний нөөцийн мэргэжилтний сул орон тоо байхгүй. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ нэгтгэгдэхэд шилжиж ирсэн бичиг баримтад Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дотоод журам байгаагүй, мөн Д.Т*******ийн хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа элэгний эмгэг эмчлэх Монгол эмнэлэг, төвийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №15 дугаартай тушаалаар Д.Т*******ийг эмийн цехэд ургамал бэлтгэгчээр ажилд томилжээ. /1х-5х/.

4.2. Нийслэлийн уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай тушаалаар Д.Т*******ийг хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон байна. /1х-6х/

4.3. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №Б/02 дугаартай тушаалаар Д.Т*******ийг....байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан тул хүний нөөцийн мэргэжилтний ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /1х-157-160х/

4.4. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/179 дугаартай тушаалаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирал Х.Г******* ажлаас чөлөөлжээ. /1х-80х/

4.5. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар А.Д*******ыг томилсон байна./1х-23х, 44-45х, 82х/

4.6. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №25/77 дугаартай хуулийн этгээдийн өөрчлөн байгуулах тухай тогтоолоор....Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг хариуцлагыг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэгтгэн өөрчлөн байгуулахаар....шийдвэрлэжээ. /1х-54х/

4.7. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/824 дугаартай захирамжаар.... Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтцэд нэгтгэсэнтэй холбоотой үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг болгож, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн бүртгэлтэй эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна. /1х-55х/

4.8. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №Б\383 дугаартай бүтэц орон тоог нэгтгэн авах тухай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоонд энэхүү тушаалын хавсралтад тусгагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд шилжүүлэн авч нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталгаажуулж, холбогдох санхүүжилтийг өөрийн төсөвт нэгтгэхийг санхүү хангамжийн албанд, бүтэц орон тоо, төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг хүний нөөц хөгжлийн албанд...үүрэг болгосон байна. /1х-213-239х, 2х-1-26x/

Ийнхүү Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэгтгэж, бүтэц орон тоо, эд хөрөнгө, хүний нөөц эмч, ажилтнууд шилжиж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэгтгэж дууссан байна.

4.9. Ийнхүү нэхэмжлэгч Д.Т*******аас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хариуцагчаар татсан боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хариуцагчаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг татаж, уг хэргийн хариуцагчаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

5.    Нэхэмжлэгч Д.Т*******аас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын

клиник төвийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №Б/02 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, урьд эрхлэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдлыг гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай хуралдааны тэмдэглэл эх хувиар авагдсан байна. /1х-7-9х/.

Уг хурлаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул ажиллагааг дуусгавар болгож, шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрхийг тусгаж өсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т*******аас гомдлоо Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулсан байна.

 

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийг хугацаанд нь гаргасан байна.

 

6.    Нэхэмжлэгч Д.Т*******аас Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт

холбогдуулан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэхэмжлэлийг шаардлагыг гардуулж хариу тайлбарыг авсан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа дээрх дурдсанаар шүүхэд гаргасан.

6.1. Хариуцагчаас Д.Т*******ийг хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг, нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж мэтгэлцдэг.

 

7.    Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан

хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т*******аас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь доорхи баримтаар тогтоогдож байна.

7.1. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазартай нэхэмжлэгч Д.Т******* 2024 онд Хөдөлмөрийн гэрээг хүний нөөцийн мэргэжилтэн ажил, албан тушаал дээр хугацаагүй байгуулжээ. /1х-46-50х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасантай нэхэмжлэгч Д.Т*******ийн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазартай 2024 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нийцэж байх бөгөөд хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээ байна.

Уг хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т Шууд харьяалах удирдлага болон нэгжийн удирдлага болон бусад ажилтанд худлаа ярих, худал мэдээлэл өгөх, байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх эсвэл байгууллага болон төрийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хуурамч мэдээ материал өгөх гэж, 5.1.8-т өгсөн үүрэг даалгавыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй байх гэж, 5.1.18-т байгууллагын үйл ажиллагаанд саад болох, хохирол учруулсан гэж, 5.1.25-т нийтээр дагах ёс зүйг зөрчсөн, ТАХ ёс зүйн, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм гэж, 5.1.26-т ажилтны үүрэг зөрчсөн гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан байна.

7.2. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэхэд баримт бичгийн хүлээлцсэн жагсаалтад Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байгууллагын дотоод журам байгаагүй гэж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 788 дугаартай албан бичгээр шүүхэд хариу ирүүлсэн. /1х-212х/

7.3. Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-4/961 дугаартай албан бичгээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хувийн хэргийн материалыг шүүхэд ирүүлсэн. /1х-70-142х/

Уг хувийн хэргийн материалд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн 1997 оны Нийслэлийн засаг даргын дэргэдэх элэгний эмгэг эмчлэх Монгол эмнэлгийн дүрэм, 2000 оны Нийслэлийн засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрэм гэсэн 2 дүрэм ирсэн байна. Эндээс үзэхэд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн 2000 оноос хойш байгууллагын дотоод журмыг өөрчлөөгүй 2000 оны Нийслэлийн засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрэм хүчин төгөлдөр байна гэж үзэхээр байх тул шүүхээс 2000 оны Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрмийг нотлох баримтаар шинжлэн судласан болно.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрмийн 4.2-т Захирал байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна гэж зааснаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирал энэхүү байгууллагын хэвийн ажиллагааг хангаж, өдөр тутмыг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, харьяалах албан хаагчдад үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг эдлэхээр байна.

Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар томилогдсон А.Д******* нь ажлын байранд орж чадахгүй, ажлаа хүлээлцэж авч чадахгүй байсаар 2025 оны 3 сард албан өрөө тасалгаанд орж, ажил хүлээлцсэн үйл баримт тогтоогдсон.

7.4. Гэрч У.Б******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/37 дугаартай тушаалын хавсралтаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар томилогдсон А.Д*******т ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон.

Гэрч У.Б******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:... Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын хавсралтаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар томилогдсон А.Д*******т ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж, А.Д******* захирлын ажлыг хүлээлцэхээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв дээр 2025 оны 02 дугаар сард тушаал гарснаас хойш очиход намайг болон ажлын хэсгийн гишүүд, шинээр томилогдсон А.Д******* захирлыг ажлын байр руу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э*******, хүний нөөцийн мэргэжилтэн Т******* нараар толгойлуулсан эмч ажилтнууд болох хэсэг хүмүүс оруулаагүй, бөөн хэл ам болж хууль бус томилгоо гэж хэрүүл маргаан өрнүүлсэн. Ингээд тэр өдөр ажлын байр руу орж чадаагүй, дараа нь 3 сард захирал А.Д*******ын ажилд томилсон тушаалыг захиргааны журмаар биелүүлэхээр цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр ажлын байр руу орсон, хаалганы түлхүүрийг өгөөгүй тул хаалганы гол, цоожийг сольж захирал А.Д*******ын ажлыг хүлээлцүүлсэн. Өмнөх захирал Х.Г******* Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын ажлаас чөлөөлж, 2024 оны 12 дугаар сард А******* гэж хүнийг захирлаар томилж, би бас ажлыг хүлээлцүүлэх гээд очиход мөн л эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э*******, хүний нөөцийн мэргэжилтэн Т******* нараар толгойлуулсан хэсэг эмч, ажилтнууд оруулаагүй хөөж тууж, хэл ам хэрүүл шуугиан өрнүүлж бид нар ажил хүлээлцэж чадахгүй буцаж байсан. Тэгээд захирлаар томилогдсон А******* би ийм хэл амтай газар ажиллахгүй гээд хүсэлтээ өгөөд захирлын ажлаас чөлөөлөгдсөн. А.Д*******ыг захирлаар томилсон нь 2 дахь удаагаа юм...гэх, гэрч Х.А******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:...Намайг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар 2024 оны 12 дугаар сард томилсон, ингээд ажил хүлээлцэх гээд Б******* захирлын хамт ажлын байранд очиход хэсэг эмч, ажилтнууд ажлын байр руу оруулаагүй, бөөн хэл ам болоод ажлын байр руу орж чадахгүй буцсан, тэдний дунд гол хариуцаад байсан 2 эмэгтэйг Э*******, Т******* гэсэн нэр сонсогдож байсан. Би тэгээд ийм айхтар хэл амтай газар ажиллахгүй гээд хүсэлтээ өгөөд явсан...гэх мэдүүлгүүдээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлаар хуулийн дагуу томилогдсон Х.А*******, А.Д******* нарыг ажлын байранд оруулахгүй ажил хүлээлцэх боломжгүй нөхцөл байдалд оруулж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг нэхэмжлэгч Д.Т******* алдагдуулсан болох нь тогтоогдож байна.

7.5. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т*******аас .... А.Д******* захирал томилогдож ирсэн, гэтэл Х.Гүрбазар захирал халагдаагүй байсан нөхцөл байдлын улмаас 2 захиралтай ойлгомжгүй байдал үүссэн.... А.Д******* захирал А.Б******* даргатай цагдаагаас хүн дагуулж ирээд өрөөний цоожийг эвдлээд орсон. Би захирал чинь болсон бичиг баримт өгөөрэй гэдэг асуудлуудыг ярьсан. Би 2 захиралтай учраас яахаа мэдээгүй... А.Б******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиргаа удирдлагын газрын дарга гэдгийг нь мэднэ...гэх тайлбараас үзэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/179 дугаартай тушаалаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирал Х.Г******* ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг нэхэмжлэгч мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн Х.Гүрбазар захирлаас хойш 2024 оны 12 дугаар сард захирлаар томилогдсон Х.А*******г ажлын байранд нэхэмжлэгч Д.Т******* оруулаагүй гэдгийг хариуцагч талаас болон гэрч нар шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна. /2х-27-36х/

7.6. Мөн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э*******, хүний нөөцийн мэргэжилтэн Д.Т******* нараас ажлын байранд захирлаар томилогдсон Х.А*******, А.Д******* нарыг ажлын байранд оруулаагүйтэй холбоотой хэрүүл маргаан өрнөж байсан талаар Э*******гийн гомдлоор цагдаагийн байгууллагаас ирж ажиллаж байсан талаарх баримтыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлснээс үзэхэд хариуцагч болон гэрч нарын мэдүүлэг, тайлбарт дурдсан ажлын байранд оруулаагүйтэй холбоотой маргаан зохигчдын дунд болж байсан нь тогтоогдож байна. /1х-108-200х/

7.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******аас....Би захирлын ажилд томилогдож, ажил хүлээлцэхэд ажлын хэсэгтэй ирэхэд ажлын байранд намайг Д.Т******* оруулахгүй гэж хэл ам маргаан хийсэнтэй холбоотой 2025 оны 02 дугаар сард ажлын байранд орж чадаагүй, 2025 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр ажлын байранд өрөөний цоожны голыг сольж орж ажлаа хүлээж авсан. Ажил хүлээн авснаас хойш хүний нөөцийн мэргэжилтэн Д.Т******* байгууллагын захиргаа, хүний нөөцтэй холбоотой баримт гаргаж өгөхийг даалгахад удаа дараа тавьсан шаардлага биелээгүй, мөн шалгалтаар ирсэн улсын байцаагчид материал гаргаж өгөхгүй байсан тул бичиг баримтыг шаардлага тавьж, өөрөө биеэр оролцож байгууллагын захиргааны материалыг шалгалтаар улсын байцаагчид өгч байсан.... гэж тайлбар гаргадаг.

7.6. Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10-13-01/016/134 дугаартай албан шаардлагаар тухайн байгууллагын болон хүний нөөцийн мэргэжилтэн Д.Т*******ийн ажил үүрэгтэй нь хамааралтай асуудлаар хэрэгжилт хангуулах улсын байцаагчийн шаардлага Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд ирсэн байна. /2х-40-43х/

7.7. Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэдэг боловч дээрх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар Д.Т******* нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.4, 5.1.8, 5.1.18, 5.1.25, 5.1.26-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

7.8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэж, 42.2.7 дахь хэсэгт ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх гэж, 42.2.9 дэх хэсэгт ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах гэж, 42.2.12 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т*******аас Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргээ биелүүлж ажиллаагүй гэж шүүхээс дүгнэв.

 

8.    Шүүхээс нэхэмжлэгч Д.Т*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар

зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн тул түүний Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар

зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД