Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0350/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт А.Б-д холбогдох эрүүгийн 1818002250434 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт А.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 18 дугаар байр, 3 дугаар орцын зоорийн давхарт иргэн Б.Г-тэй маргалдан сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хуйхны шархнууд, зүүн гарын шуу, зүүн мөр дал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Б-ийн өгсөн: Б.Г нь хэрэг болохын өмнөх өдөр манай дүү нарыг ахтайгаа мэндэлсэнгүй гээд байсан. Харин маргааш нь хамт архи ууж байгаад өмнөх өдрийн асуудлыг ярьж маргалдсан. Б.Г нь Л-ыг хавсраад унагахаар нь би модон сандлаар Б.Г-ийг цохисон гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Г-ийн өгсөн: ...Архи ууж байхдаа А.Б нь шоронд байсан гэж томроод байхаар нь би “би ч бас наад зүйлийг чинь үзсэн шүү дээ. Чи хаанахын шоронд байсан юм бэ” гэж хэлээд маргаан намжсан. Тэгтэл А.Б нь миний ард байсан улаан шаргал өнгийн модон сандлаар миний толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед Л дундуур орж салгасан. Миний толгойноос цус олгойдоод гарч байхад манай салсан эхнэр М гаднаас орж ирээд эмнэлэг дуудсан. Надад нэхэмжлээд байх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Л.У-ийн өгсөн: ...Архи ууж сууж байгаад юу болсныг сайн ойлгоогүй. Б.Г, А.Б нар нь шоронд байсан тухайгаа яриад нэг нэгэндээ томроод хэрэлдээд байсан. Маргалдаж байснаа А.Б нь улбар шар өнгийн модон жижиг сандлаар Б.Г-ийн толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхэд Б.Г-ийн толгой хагарч их хэмжээний цус гарсан  гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч С.Л-ын өгсөн: ...Б.Г, А.Б нар нь хоёулаа шоронд байсан гээд нэг нэгэндээ томроод маргалдсан. Тэгээд А.Б нь улбар шар өнгийн жижиг модон сандлаар Б.Г-ийн толгойг нь цохиж хагалсан. Би тэр хоёрын дундуур орж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Х.М-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхар луу ороход шал нь нэлээн их цус болчихсон. Б.Г-ийн дагзнаас, толгойн оройноос цус гараад тогтохгүй байдалтай, орон дээр сууж байсан. А.Б нь Б.Г-ийн хажууд эвдэрхий мебель шар өнгийн модон сандал барьчихсан зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай “Б.Г-ийн биед хуйхны шархнууд, зүүн гарын шуу, зүүн мөр дал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Г-д биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,

Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13:50 цагийн үед хүнд зодуулсан хэмээн үзлэг хийлгэсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 33/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.Б-ийн согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 18 дугаар байр, 3 дугаар орцын зоорийн давхарт иргэн Б.Г-тэй маргалдан сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хуйхны шархнууд, зүүн гарын шуу, зүүн мөр дал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед хуйхны шархнууд, зүүн гарын шуу, зүүн мөр дал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад нэхэмжлээд байх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А.Б нь урьд 5 удаа ял шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүгдэгчийн оршин хаягийн дагуу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нь “ажил хийгээд эхний цалингаараа торгуулийн ялыг төлж барагдуулах тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаггүй болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт түр оршин суудаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар А.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР