Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0368/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт У.Э-т холбогдох эрүүгийн 1818007070428 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт У.Э /РД: /, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас У.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны орой гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.М-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хэсгийн зулгаралт, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим би нөхөр болох У.Э-тэй “надад хэлэлгүйгээр охин Гэгээлэнг хөдөө авч явлаа” гэж маргалдсан. У.Э нь намайг гурил элддэг гулууз модоор толгой руу 4 удаа, зүүн талын мөр лүү 1 удаа, зүүн гарын булчин орчим руу 2 удаа цохисон... Надад энэ хүнд гомдол, санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй гэх хохирогч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- У.Э миний эцэг бөгөөд Г.М нь манай аавтай сүүлд суусан эхнэр нь юм. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.М эгч над руу үхлээ хатлаа гэж утсаар орилохоор нь яваад очсон. Намайг очиход Г.М эгчийн духнаас цус гарсан байдалтай байсан гэх гэрч Э.Б-ын мэдүүлэг /хх-ийн 18/

- Г.М, У.Э нар хамт амьдраад 10 гаруй жил болж байна. ...Г.М-аас юу болсон талаар асуухад “У.Э надтай холбоо барихгүйгээр хүүхдээ хөдөө дагуулж яваад ирэхээр нь би уурлаж, бид маргалдаад намайг ганжингаар зодсон” гэж хэлсэн гэх гэрч Т.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- ...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр Г.М нь “надад хэлэлгүйгээр хүүхэд хөдөө авч явлаа” гээд дахин хэрүүл хийгээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд гурил элддэг гулууз модоор Г.М-ийн толгой руу 2 удаа, зүүн талын мөр болон булчин луу нь тус бүр нэг удаа цохиход надаас зугтаагаад орц руу гарсан... гэх шүүгдэгч У.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/,   

- Г.М-ийн биед тархи доргилт, дух хэсгийн зулгаралт, зүүн бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу юм мөргөх, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 921 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/,

 - Г.М-ийн дух, толгойн орой, дагз хэсгээр хуруун дардасны шинж илэрнэ, хамрын таславчинд баруун тал руу муруйлт үүссэн. Лор болон гэмтлийн эмчийн зөвлөгөө авах, шаардлагатай бол гавал тархины тодосгогчтой MRI хийлгэх саналтай гэх Дархан-уул аймгийн “Саран-Элит” клиникийн эмнэлгийн рентген оношилгоо /хх-ийн 26, 28/,

- Г.М нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бусдад зодуулсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч У.Э, хохирогч Г.М нар нь 2008 оноос хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч Э.Б, Т.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Э-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.М-ийн биед тархи доргилт, дух хэсгийн зулгаралт, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.М-ийн бичсэн ...У.Э бид 2 эвлэрсэн. Миний хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 70/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч У.Э-ийн хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч У.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, .......... аймгийн ............... сумын .....-р багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1561 дугаартай албан бичиг /хх-ийн 41/, .......... байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/132 дугаартай тодорхойлолт /хх-ийн 73/, ............. дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 74/ зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч У.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.Э-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар У.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР