Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00098

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00098

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00098

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02523 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э к- ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би байр авахаар Э к- ХХК-ийн Хаан банк ХХК-ийн 000000 тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр дахин 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсэн гол шалтгаан нь тус компани өр барагдуулах албаны ажилтан Ө.Б- нь энэ данс руу мөнгөө хий, удахгүй байрны гэрээг хийнэ, та байртай болно гэсний дагуу итгэж шилжүүлсэн. Би Э к- ХХК-аас байр аваагүй бөгөөд уг шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Э к- ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Тухайн үед Ө.Б-тэй хамтын амьдралтай байсан нь үнэн, Н.Б-ын дансанд 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн гээд байдаг боловч 40,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй, нэхэмжлэгчид шилжүүлсэн 150,000,000 төгрөгт 120,000,000 төгрөг нь машины мөнгө, 30,000,000 төгрөг нь тавилгын мөнгө байсан. Иймд хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.Б- бус Ө.Б- нь манай компанитай гэрээ байгуулсан. Уг мөнгийг нь компани аваагүй буцаагаад өгчихсөн. Энэ орон сууцыг манай компанитай хятад иргэн худалдан авахаар гэрээ байгуулсан боловч боломжгүй боллоо гээд н.Б- гэдэг хүн рүү гэрээгээ шилжүүлж, н.Б- нь бас Ө.Б- рүү худалдах худалдан авах гэрээгээ шилжүүлсэн гээд гэрээ байгуулсан. Н.Б-аас 40,000,000 төгрөг орон сууцны үнэд орж ирсэн нь үнэн, гэхдээ уг орон сууцыг худалдаж аваагүй, мөн л үлдэгдэл мөнгийг нь төлж чадахгүй болсон тул байрны үнэд төлсөн бүхий л мөнгийг нь буцаан өгсөн. Нэхэмжлэлдээ урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэдэг боловч байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Н.Б- хариуцагч нарын хоорондын хүрээнд энэ харилцаа үргэлжилсэн, манай компаниас бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Э к- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны үнэд шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би байр авах зорилгоор Э к- ХХК-д 2 удаагийн гүйлгээгээр нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч байраа авч чадаагүй төдийгүй мөнгөө ч авч чадалгүй өнөөдрийг хүрээд байна. Мөн хамтын амьдралтай байсан Ө.Б-ээс мөнгө шилжиж орсныг тус компани өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрчээр оролцсон Ө.Б- нь тус байрыг зарсан Э к- ХХК-д ажилдаг Ө.Б-тай садан төрлийн холбоотой бөгөөд бид таарамжгүй харилцаанаас болж салсан баримт хэрэгт авагдсан. Үүнийг гол баримт болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Ө.Б-ээс нэхэмжлэгчид шилжүүлсэн 150,000,000 төгрөгийн асуудалд маргаан үүссэн. Уг 150,000,000 төгрөгт Н.Б-аас Э к- ХХКд шилжүүлсэн 40,000,000 төгрөг, мөн тавилга, засвар, бусад холбогдох зардлууд орсон гэж тайлбарлан 2 гэрчээр дамжуулан нотолдог. Нэхэмжлэгч талаас тухайн 150,000,000 төгрөгийг 120,000,000 төгрөг нь машин, 30,000,000 төгрөг нь засвар үйлчилгээ гэж тайлбарласан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 30,000,000 төгрөгийг засвар үйлчилгээтэй холбоотой гэх ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтууд нь хэрэгт авагдаагүй. Ө.Б- нь хэргийн үйл баримтыг мэдэж байсан бөгөөд тухайн үед 40,000,000 төгрөгийг ямар шалтгаанаар шилжүүлсэн болохыг нотлох зорилгоор гэрчээр асууж, хэргийн үйл баримтыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Э к- ХХК-д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Э к- ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны урьдчилгаанд 40,000,000 төгрөг шилжүүлсэн боловч орон сууцыг худалдан аваагүй тул буцаан гаргуулах гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Н.Б-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул түүний шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлсэн гэж тус тус тайлбарласан.

4. Н.Б- нь Э к- ХХК-ийн дансанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх. 3/

5. Нэхэмжлэгч Н.Б-тай хамтран амьдрагч Ө.Б- нь Э.Б-оос Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил 121 байр 209 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг орон сууцны үнэд 5511 УБН улсын дугаартай Лексус /Lexus RX/ маркийн автомашиныг 120,000,000 төгрөгт тооцож, 40,000,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдов.

Хариуцагч Э к- ХХК-ийн дансанд шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан авсан болох нь гэрч Ө.Б-ийн ...Байрны үлдэгдэл тооцоогоо дуусгаагүй тул буцаасан, Н.Б-д 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг буцааж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Ө.Б-ээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банк ХХК-ийн 5866148899 дугаартай, нэхэмжлэгч Н.Б-ын дансанд 150,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх. 47, 91-93/

Маргааны үйл баримтад хамааралтай гэрч Ө.Б-ийн мэдүүлэг нь шууд нотолгоо болох бөгөөд гэрчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар давхар нотлогдож байгаа, мөн хууль тайлбарлан авсан гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан журмыг зөрчөөгүй тохиолдолд хэрэгт ач холбогдол бүхий шууд нотлох баримт болно.

Анхан шатны шүүх гэрч Ө.Б-ийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь бусдын захиалгын байрыг худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн боловч гэрч Ө.Б-ээр дамжуулан мөнгөө буцаан авсан зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь зөв.

7. Нэхэмжлэгчийн ...120,000,000 төгрөг нь автомашины мөнгө, үлдэгдэл 30,000,000 төгрөг нь тус байранд тавилга болон засвар үйлчилгээний хөлс гэдгийг миний бие төлөөлөгчөөрөө дамжуулж тайлбарласан гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

8. Дээр дурдсан үндсэлэээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР