Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00099

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00099

 

П.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/02358 дугаар шийдвэртэй, П.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХБ- ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн шимтгэлд төлсөн 1,030,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /НОСЗБГ/№2001/181115 дугаартай нөхцөлт орон сууц зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 601 байр 000 тоот бүхий 52.6 м.кв, улсын бүртгэлийн 111111, №000683222 дугаар бүхий орон сууцыг 147,280,000 төгрөгөөр тооцож 103,096,000 төгрөг жилийн хүү 8 хувийн хүүтэй, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2038 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай гэрээг байгуулсан. Харин тухайн үед банк нь зээлийн шимтгэл гэж 1,030,096 төгрөг авсан. Банк тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний нөгөө талдаа ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээр суутган авах эрхийг өөртөө олгосон нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд зээлийн шимтгэл 1 хувьд төлсөн 1,030,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч П.Ө- нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-тай №НОСЗГ2001/181115 тоот нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 103,096,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай авсан. Гэрээний 3.4.1-д зээлдэгч нь зээл олгосны шимтгэлд зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг банкинд төлнө. Уг шимтгэлийг зээлдэгчийн банк дахь зээлийн данс руу шилжүүлсэн. Зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна эсхүл зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээс төлсөн байна. 7.2.12-д "Зээлдэгч нь зээл олгосны шимтгэлд зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг банканд төлнө. Уг шимтгэлийг зээлдэгчийн зээлийн данс руу шилжүүлсэн зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутгуулах эсхүл зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлсөн байх. Зээлийн данс руу шилжүүлсэн зээлийн мөнгөн дүнгээс суутгуулах тохиолдолд зээлдэгчээс тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ гэрээ нь зөвшөөрлийг илэрхийлнэ гэж талууд тохиролцов гэж тодорхой заасан. Дээрхээс дүгнэвэл, банк нь орон сууцны зээлийн шимтгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож, зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээндээ тусгаж өгсөн байгаа тул гэрээний дагуу зээлдэгч П.Ө-аас 1,030,960 төгрөгийн зээлийн шимтгэл авсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу харилцагчид үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд банк нь шимтгэл, хураамж авах, түүнийхээ хувь хэмжээг өөрөө тогтоох эрхтэй. Банк нь зээлийн судалгаа, шинжилгээ хийх зардлаа зээлдэгчээс шимтгэл хэлбэрээр төлүүлэн авах эрхтэй гэж хуулиар нарийвчлан зохицуулаагүй гээд шимтгэл авах эрхгүй гэж үзэх нь учир дутагдалтай. Уг шимтгэлийг ямар журмаар, ямар үйл ажиллагаанд, ямар хэмжээгээр зарцуулахыг банк дотоод үйл ажиллагаагаараа өөрсдөө шийдэх эрхтэй бөгөөд хууль тогтоомжид нэг бүрчлэн заах боломжгүй гэж үзэж байна. Гэрээний 7.2.12-д заасны дагуу зээлдэгч П.Ө- нь зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй шимтгэлийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээ байгуулах үедээ энэхүү үүргээ биелүүлэн шимтгэлээ төлсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд энэхүү хугацаа дуусгавар болсон байна. Иймд Улаанбаатар хотын банк ХХК-ийн зүгээс зээлдэгчид үйлчилгээ үзүүлснийхээ хариуд авбал зохих шимтгэлийг тооцож авсан нь хуулийн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь шимтгэлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй шимтгэл болох 1,030,960 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХБ- ХХК-аас 1,030,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ө-ад олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 29,272 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХБ- ХХК-аас 29,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ө-ад олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17, 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэрт дурдсантай адил харилцагчаас авах шимтгэлийн хэмжээ ямар байхыг тухайн банк харилцагчтай байгуулах гэрээндээ тодорхой тусгахыг үүрэг болгосон хэм хэмжээ биш. Иймд анхан шатны шүүх хууль, түүнд нийцүүлэн зохицуулагч байгууллагаас гаргасан журмын шууд тодорхой заасан зохицуулалтад зааснаар бус, тухайн холбогдох зохицуулалтуудыг өөрийн үзэмжээр буруу тайлбарлан, дээрх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Банк зээл олгох нөхцөл болзлыг хуулийн дагуу өөрөө тогтоох эрхтэй ба ийнхүү банк орон сууцны зээлийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоохдоо зээлийн дүнгийн 1 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтоох үүрэгтэй бөгөөд зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээнд тусгаж өгөх хуулийн зохицуулалттай. Энэхүү зохицуулалтад нийцүүлэн Улаанбаатар хотын банк ХХК /одоо ХХБ-тай нэгдсэн/ нь тухайн үед мөрдөгдөж байсан орон сууцны зээлийн шимтгэлийг 1 хувь байхаар гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, нийтэд мэдээлсэн бөгөөд ийнхүү тогтоосон шимтгэлийн нөхцөлийг зээлийн гэрээнд тусгасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1, 7 дугаар зүйлийн 7.2.12-д тус тус зааснаар банк нь орон сууцны зээлийн шимтгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож, зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээндээ тусгаж өгсөн байгаа тул гэрээний дагуу зээлдэгч П.Ө-аас 1,030,960 төгрөгийн зээлийн шимтгэл авсан нь хуулийн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан зарчимд харшилж байна гэжээ. Үүнийг банкны зүгээс эс зөвшөөрч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар харилцагчид үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд банк нь шимтгэл, хураамж авах, түүнийхээ хувь, хэмжээг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн дурдсанаар өөрөө өөртөө эрх олгосон явдал байхгүй. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт гэрээний стандарт нөхцөл нь хууль ёсны зарчимд нөлөөлсөн бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэдэг зохицуулалт байхгүй.

Түүнчлэн, банк нь зээлийн судалгаа, шинжилгээ хийх зардлаа зээлдэгчээс шимтгэл хэлбэрээр төлүүлэх авах эрхтэй гэж хуулиар нарийвчлан зохицуулаагүй гээд шимтгэл авах эрхгүй гэж үзэх нь учир дутагдалтай.

Мөн талууд хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан бөгөөд гэрээнд зээлдэгчээс авах зээлийн шимтгэлийн талаар тодорхой тусгасан. Гэтэл энэхүү шимтгэлээ буцаан төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн дотор гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах ёстой байсан. Тус гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ба уг нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт зээл олгохтой холбоотой гарсан зардлын хэмжээг тухайн тохиолдолд бодитойгоор тодорхойлоогүй хэрэв шүүх үнэхээр нотлох боломжтой гэж үзэж байсан бол тухайн зээлийн шимтгэлийг хэрхэн юунд зарцуулсан талаар нотолсон баримт банкнаас гаргаж өгөхийг шаардаж болох байсан. Гэтэл шүүх банкнаас уг баримтыг шаардалгүйгээр хэргийг шууд хянан шийдвэрлэсэн.

Мөн ХХБ- ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-д заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хүлээж авалгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн. Нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан журмаар харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл хэмжээг банк тогтоохоор заасан боловч банкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний нөгөө талаас ямар үйлчилгээнээс авч байгаа нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.1 дэх заалтад заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Банкны судалж байгаа зээлийн шимтгэл адил 1 хувь бөгөөд задаргааг гаргаж чадахгүй байгаа тул хариуцагч хариу тайлбараа дэмжиж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч П.Ө- нь хариуцагч ХХБ- ХХК-д холбогдуулан 1,030,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал, маргаантай нөхцөл буюу өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

4.а. Нэхэмжлэгч П.Ө- нь хариуцагч ХХБ- ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №НОСЗГ2001/181115 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ХХБ- ХХК нь 103,096,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

4.б. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний 3.4.1-д заасны дагуу зээл олгосны шимтгэлд зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэл 1,030,960 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд уг шимтгэл нь өөртөө эрх олгосон хэлбэр, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн, хууль ёсны зарчимд харшилж байгаа гэж үзэж шимтгэлд төлсөн 1,030,960 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан гаргуулаар шаардсан.

5.а. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох процессын нэг хэсэгт үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх ажиллагаа хамаарна.

 

5.б. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно.

5.в. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй, ийнхүү хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэл тохирч байсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээний харилцаанд агуулгаараа хамаарна.

6.а. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний шимтгэлийг нэг хувиар тогтоожээ.

6.б. Шимтгэл авах тухай гэрээний нөхцөл нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх зорилгоор урьдчилан тогтоосон шинжтэй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл мөн.

Гэвч хэрэгт байгаа баримтын хүрээнд зээлийн шимтгэлийн зохистой хэмжээ тогтоогдоогүй байхад зардлыг нөгөө талдаа хохиролтой тогтоосон гэж дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн энэ дүгнэлт үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцоо нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэх үндэслэлгүй тул талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч П.Ө- нь дээрх хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгааг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч тал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ХХБ- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн шимтгэлд төлсөн 1,030,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/02358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан үндэслэлээр хариуцагч ХХБ- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн шимтгэлд төлсөн 1,030,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,293 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР