Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018\ШЦТ\398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0373/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Э.Т-т холбогдох эрүүгийн 1718000830437 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Э.Т /РД: /, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Т нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух өөрийн найз Б.Б-ны гэрт 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хонох үедээ авдраас нь иргэн Ч.Ц-ийн эзэмшлийн монетон ээмэг, бөгж, кулон бүхий 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинж бүхий 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Т-ийн өгсөн: 2018 оны 7 дугаар 22-ны өдөр хохирогч Ц-ийн гэрт найзуудын хамт хоносон. Шөнө авдрыг нь онгойлгож эд зүйлийг хулгай хийсэн. Маргааш нь Улаанбаатар хот явж 300.000 төгрөгөөр Хар хорин зах дээр уг эд зүйлүүдийг зарсан. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ч.Ц-ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Мухархужиртаас гэртээ ирэхэд миний гоёл чимэглэлийн хайрцагт байсан эд зүйлс алга болсон байсан. Том хүү Б.Б-аас гэрт хүн ирсэн талаар асуухад О.Т, Б.Б, Б.М, Э.Т гэх найзууд нь 2017 оны 7 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ирж хоносон гэж хэлсэн. Өөр гадны хүн манайд орж ирээгүй, хаалга, цонх ямар нэг байдлаар эвдрээгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Б.Б-ы өгсөн: ...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б, Т, М, Ту нартай 00 цагийн үед гэртээ орж ирсэн. Бид хоол хийж идчихээд Ту, М бид 3 унтахаар зочны өрөөнд орсон, Б булангийн өрөөнд компьютер тоглоод үлдсэн, Т голын өрөөнд ганцаараа унтахаар орсон. Б өглөө болтол унталгүй компьютер тоглосон. Ту бид 2 унтахаар хэвтсэн боловч өглөө 07 цаг болтол унталгүй гар утсаа оролдсон. М унтсан ба өглөө ажилтай байсан тул түүнийг 07 цагт сэрээчхээд Ту бид 2 унтсан. Ту 09 цагийн үед сэрээд явахад Б компьютер тоглож дуусаад миний хажуугаар унтсан. Харин Т энэ үеэр ээжийн өрөөний хажуугийн өрөөнд ганцаараа байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Б.Б-ын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б-ы гэрт М, Ту, Т бид нар хоносон. Би 03 цагаас 08 цаг хүртэл 00-ийн өрөөний хажуугийн жижиг өрөөнд ганцаараа компьютер тоглосон ба М, Б 2 намайг тоглож байхад өрөөнд орж гараад байсан. М 07 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Би компьютер тоглож байгаад 08 цагийн үед Ту, Б 2-ын унтаж байгаа өрөөнд орж унтсан. Харин Т үе үе цуг байсан өрөөнөөс алга болоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч З.М-ын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* гэрт Ту, Т, Б бид нар хоносон. Би ядраад байсан тул зочны өрөөнд унтсан. 03 цагийн үед хоол идээрэй гээд сэрээхээр нь би босож хоол идчихээд өглөө 08 цагаас ажилтай шүү гээд унтсан. Өглөө 07 цагийн үед ******* намайг сэрээсэн ба намайг сэрэхэд Чука, Б 2 унтаагүй байсан. Ту миний хажууд унтаж байсан. Т цаад өрөөнд унтсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч И.Э-ийн өгсөн: Төгөлдөртэй 2017 оны 9 дүгээр сарын үед Баянгол дүүргийн Гэмтлийн эмнэлгийн ойролцоо 50 дугаар байрны гадна уулзахдаа “чи хулгай хийсэн байна. Чамайг хүмүүс хайгаад байна шүү” гэж хэлэхэд “за ээжээ. Би өөрөө уулзана аа” гэж хэлээд надаас 10.000 төгрөг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн Ч.Ц-ийн гэрээс хулгайд алдагдсан Солонгос улсад үйлдвэрлэсэн монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, гар хийцийн монетон бөгж /6.8 гр/ 1 ширхэг, ээмэг, бөгж, кулон, гинж 4 хослол бүхий 1 хос зэрэг эд зүйл нь 2.150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Мэдүүлэг шалгуулагч Э.Т-ийг эд зүйл хулгайлж авсан газраа зааж өгч чадах уу? гэхэд зааж чадна гээд Дархан сумын 9 дүгээр багийн баг 4.2 дугаар байрны 162 тоот бол манай найз ******* гэр юм. Тухайн өдөр миний унтаж амарсан жижиг өрөөний зүүн талын өрөөний хаалганы баруун талд хуучны модон авдар байсан... гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Т-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух өөрийн найз Б.Б-ы гэрт 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хонох үедээ авдраас нь иргэн Ч.Ц-ийн эзэмшлийн монетон ээмэг, бөгж, кулон бүхий 1 хос, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинж бүхий 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ц-т 2.150.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай гэрээгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Э.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргажээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Э.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Э.Т-т оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР