| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0374/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\406 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018\ШЦТ\406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0374/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогч Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.Э-т холбогдох эрүүгийн 1818004100334 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ч.Э /РД: /, Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 4, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, “Алтан жолоо” авто сургуулийн хашаанд найз Д.Э-ын хамт өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай Маз загварын тээврийн хэрэгслийн кабиныг сөхөж засвар үйлчилгээ хийх явцад кабиныг өргөх зориулалт бүхий шахуургын гол төмөр хугарч иргэн Д.Э нь тээврийн хэрэгслийн кабинд даруулж эрүүл мэндэд нь хэл доорх ясны хугарал, доод эрүүний зөрүүтэй хугарал, зүүн хоншоор ясны хугарал, баруун, зүүн гайморын хөндийн цөмөрсөн бяцарсан хугарал, баруун, зүүн нүдний ухархайн бяцарсан хугарал, зүүн нүдний алимны цүлхийлт, баруун хацар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун дал ясны бяцарсан хугарал, баруун 5 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол учирсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Э-ийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн машинд засвар хийж байхад машины бүхээг найз Д.Э-ын дээр унаад биед нь хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед миний найзын эрүүл мэнд, нүүр ямар байсан яг тэр хэвэнд нь болгож өгнө. Би хохирол төлбөрийг чадлаараа төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Э-ын өгсөн: Шүүгдэгч нь “машиныхаа радиаторыг авчихлаа. Хамт тавилцаад өгөөч” гээд “Алтан жолоо” авто сургуулийн дадлагын хашаанд хүрээд ир гэж дуудсан. Ч.Э радиатороо засуулчхаад ирэхээр нь бид хоёр радиаторыг нь цуг суурилуулах гэж байгаад ийм зүйл болсон. Радиаторыг байрлуулчихаад бүхээгээ буулгах гэхэд араа нь таарахгүй байсан. Тэгээд би арааг нь тааруулах гээд мотор, бүхээг хоёрын завсар орчихсон байхад бүхээг миний дээрээс унасан. Тэгээд би цаашаа юу болсныг мэдээгүй. Би мэс засалд орж, нүүрний яс, шанааны яс, нүдний ухархайндаа хагалгаа хийсэн. Би одоо хоол сайн идэж чадахгүй байгаа. Дахиж хагалгаанд орж хадаасаа авахуулах ёстой учир он гараад дахиж хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хойшид гарах эмчилгээний бүх зардал 5 сая төгрөг болох учраас би нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Н.Б-ийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 16-ны орой манай нөхөр Ч.Э намайг дуудсан. Намайг гэрээсээ гарч ирэхэд краны хажууд Д.Э хэвтэж байсан бөгөөд түүний амнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би гэр лүү ороод арчуур аваад амных нь цусыг арчиж өгсөн. Эмнэлгийн машин 20 минутын дараа ирээд Д.Э-ыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн******* дугаартай “Д.Э-ын биед хэл доорх ясны хугарал, доод эрүүний зөрүүтэй хугарал, зүүн хоншоор ясны хугарал, баруун, зүүн гайморын хөндийн цөмөрсөн бяцарсан хугарал, баруун, зүүн нүдний ухархайн бяцарсан хугарал, зүүн нүдний алимны цүлхийлт, баруун хацар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун дал ясны бяцарсан хугарал, баруун 5 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн дарагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Ч.Э-ийн эзэмшлийн КС3577 маркийн******* улсын дугаартай авто кран нь холбогдох хууль, дүрмийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд техникийн хувьд бүхээгийг дээш өргөх үед аюулгүй байдлыг хангах зориулалтын босоо түгжээгүй, ослоос хамгаалах хэрэгслүүд нь салхины хурд хэмжигчгүй, ачааны өндөр хязгаарлагч механизм төгсгөлийн унтраалгагүй, дэгээ түүний тоноглол хэвийн бус эвдрэл гэмтэлтэй, краныг ашиглах зөвшөөрөлгүй, техникийн туршилт магадалгаанд хамрагдаагүй байна. Краны бүхээгийг краны сумны ачааны дэгээнээс оосорлосон нь осол гарахад нөлөөлсөн” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Э-ийн ******* улсын дугаартай Маз загварын тээврийн хэрэгслийн кабиныг сөхөж засвар үйлчилгээ хийх явцад кабиныг өргөх зориулалт бүхий шахуургын гол төмөр хугарсны улмаас иргэн Д.Э тээврийн хэрэгслийн кабинд даруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ын биед хэл доорх ясны хугарал, доод эрүүний зөрүүтэй хугарал, зүүн хоншоор ясны хугарал, баруун, зүүн гайморын хөндийн цөмөрсөн бяцарсан хугарал, баруун, зүүн нүдний ухархайн бяцарсан хугарал, зүүн нүдний алимны цүлхийлт, баруун хацар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун дал ясны бяцарсан хугарал, баруун 5 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.606.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээ, сувилгааны зардалд шүүгдэгчээс өгсөн тооцоо, баримт /хх-ийн 91-92/-аар, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн хохирогч Д.Э нь эм тариа авсан зардал 318.200 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 4.681.800 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд 318.200 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Харин цаашид хэзээ, хаана, хэдэн төгрөгийн үнэ бүхий эмчилгээ хийлгэх талаар нотлох баримт гаргаж өгөөгүй ба хохирлын тооцоо хийх боломжгүй байна. Мөн хохирогч цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс 318.200 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болох 4.681.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 318.200 төгрөгийн хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохиролд 1.000.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, нийгмийн даатгалын тэтгэвэрт хамрагддаг, ХААН банканд 2.241.690 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1490 дугаартай албан бичиг /хх-ийн 32/, нийгмийн даатгалын ........ дугаартай дэвтэр /хх-ийн 36/, 0150578 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 37/, ХААН банкны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/581 дугаартай албан бичиг /хх-ийн 38/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Э-т кран барих эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид 11.3 дугаар зүйлийн 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар 1-т зааснаар кранистаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Ч.Э-т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ийг кранистаар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Э нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР