Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 486

 

К.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч К.С- /цахимаар/ болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалтай, К.С-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт К-ны С-.

К.С- нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” загварын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард иргэн З.О-д 1,380,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.С-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ээс 1,380,000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

шүүгдэгч К.С-ийн эзэмшлийн ХОҮ 38-34 дугаартай “Toyota pruis” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.С- түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч К.С- болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...К.С-ийг Ховд аймгийн Жаргапант сумын Рашаант багийн Засаг даргаар ажиллаж байгаагийнх нь хувьд түүний албан хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli" загварын мотоциклыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас К.С-д хүлээлгэн өгснөөр уг мотоцикл нь орон нутгийн өмч болсон байна”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь /хх-19, 20, 21/ хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын дарга Д.Ариунбилэг мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг дангаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, хавсралтын хамт /хх-81, 82/ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн тамга дарагджээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэх хуулийг зөрчсөн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүх нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас мотоциклыг К.С-д хүлээлгэн өгснөөр уг мотоцикл нь орон нутгийн өмч болсон байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 24 дугаартай магадлалд “...Иймээс Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэгийг энэ хэрэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь “тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн талаар” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч К.С-ийн өмгөөлөгч нарын тухайн мотоцикл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн улсын өмч, эсхүл орон нутгийн өмч болох нь тогтоогдоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна’’...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Хувийн хэрэг дээр гарын үсэг зур, та нар асуудалд орох нь гэж би гарын үсгийг нь зуруулсан. Тухайн үед нярваасаа хувийн хэрэг нээсэн талаар асуухад хувийн хэрэг нээгээгүй байсан. Хувийн хэрэг гэдэг бол хөрөнгийн элэгдлийг бүртгэдэг бүртгэл юм. Тухайн эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг жил бүр бүртгэнэ гэсэн заавар байхгүй. Миний хувьд Тамгын газрын дарга болсноосоо хойш машин, компьютер, мотоцикл зэрэг эд хөрөнгө дээр хувийн хэрэг нээж ажиллаж эхэлсэн. Манай өмч хамгаалах зөвлөлийнхөн жилд 2 удаа эд хөрөнгө тоолдог. Хүн компьютер дээрээ ажлаа хийж байгаа нь харагддаг. Харин мотоциклоо унаж байгаа эсэхийг байнга асуугаад байх шаардлагагүй тул амаар тооллого хийсэн гэж манай өмч хамгаалах зөвлөлийнхөн хэлж байсан”... гэж мэдүүлсэн байна.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.3-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө, мөн 6 дугаар зүйлийн 2-т төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Энэ талаар хавтаст хэрэгт төрийн болон орон нутгийн өмч гэж нотолсон эх сурвалж болох нотлох баримт байхгүй байхад хохирогчоор тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын Засаг даргыг тогтоосон нь эргэлзээтэй байна.

Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай тогтоол гарахаас өмнө хавтаст хэргийн 56 дугаар хуудаст Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Калман С-ийн ХААН банкны Ховд төв тооцооны 5845357001 тоот дансанд 2018 оны 12 сарын 25-ны өдөр 14:03 минутанд 5863022721 дугаарын данснаас 99038297 дугаарын утаснаас орлого орсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 1-т орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ, мөн 82 дугаар зүйлийн 1-т Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас давсан эрх хэмжээ Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад байхгүй бөгөөд 2018 оны 09 сард тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн талаар” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр орон нутгийн өмч гэж дүгнэсэн нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эд хариуцагч К.С-ийн эд хөрөнгийн бүртгэлийн 7 дугаарт мотоцикл амаар тоолсон гэх баримт, машины тодорхойлолт 2018 оны 08 сарын 02-ны өдөр үйлдвэрлэсэн Ховд аймаг дахь салбараас “Hongli нэртэй БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн, ...мотоцикл туршилтын км-47, паспорт ашигласан явсан км 49” ...гэх нотлох баримт, Сумдын ЗДТГ-н балансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг яллагдагч К.С-ээр Ховд аймаг дахь Цагдаагийн газар шалгуулж байхад нь нөхөж гарын үсэг зуруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглох хуулийг зөрчсөн нотлох баримтуудыг үнэлсэнд гомдолтой байна.

Бодит байдалд БНХАУ-д үйлдвэрлэсэн тус мотоциклыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооход ач холбогдолтой хэдэн онд, ямар албан тушаалтны шийдвэрийн дагуу 1 ширхэг мотоциклыг хэдэн төгрөгөөр худалдан авалт хийсэн нь эх үүсвэр нь тодорхойгүй байх тул улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг хянаж үнэлнэ”, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйд гомдолтой байна.

Гурав. Монгол улсын Үндэсний автотээврийн газрын Ховд аймаг дахь салбараас Hongli нэртэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, LTDPCML87J8631611 гэх арлын дугаартай, 163FML j8631611 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикл нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах аливаа баримтат мэдээллийг нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тодорхойгүй, бүрэн гүйцэд шалгаагүйд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт гэрч З.О- мэдүүлэхдээ”...би 2018 оны 01 сарын 01-ний өдрийн хавьцаа С- гэх хүнээс улаан өнгийн “хунгли" гэх мотоцикл худалдаж авч байсан” ...гэжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг дарга Калманы С- нь мотоцикл албандаа унаж чадахгүй талаараа Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ганданповронд хэлсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга Ганданповрон нь эмэгтэй хүн өвөл мотоцикл унах боломж багатай, үндсэн хөрөнгийн жагсаалтанд бүртгэлгүй тул боломжийн машин болгож унах талаар зөвлөгөө, зааварчилгааг Ховд аймгийн Жаргалант сумын 7 хоног болгон зохион байгуулдаг сонсгол мэдээллийн цагийн сургалтанд өгсөн байна. Улмаар К.С- нь машин болгож унаж албандаа хэрэглэж байгаа тухайгаа мэдүүлэгтээ хэлжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг шалгалгүй орхигдуулж хэргийг хэтэрхий яллах талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрчээр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан Ганданповронг асууж хэргийн бодит байдлыг тогтоолгох, дээрх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 7 хоногийн сонсгол мэдээллийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байна. Дээрх асуудлыг мэдэх гэрч Ховд аймгийн Жаргалант сумын нярав Өлзийсайхан, тооллого хийсэн Э.Саранцэцэг, болон Баатархайрхан багийн Засаг дарга Г.Насанжаргал, Алагтолгой багийн Засаг дарга Б.Нямсүрэн, Бугат багийн засаг дарга Б.Түмэндэлгэр нарыг гэрчээр асуухгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тав. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...К.С- нь тухайн мотоциклыг хүлээн авснаар бусдын эд хөрөнгийн итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ”... давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, К.С- нь тухайн мотоциклыг хүлээн авснаар бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Багийн засаг дарга нарын хувьд ажил үүрэг нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг бөгөөд улс төрийн албан тушаалтан учир “Батламжийн гэрээ” байгуулдаг. Батламжийн гэрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд заасан багийн засаг дарга нарын 21 эрх үүрэг байдаг бөгөөд түүний орхигдуулсан хэсэг болон түүнийг дэлгэрүүлж улс төрийн албан хаагч нар хоорондоо байгуулдаг. Харин бусад харилцааг нь хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг"...гэж мэдүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.

Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 135.3 Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна, мөн хуулийн 4-д ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхийг тодруулж хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэн хариуцсан этгээдийн эрх үүссэн эсэхэд дүгнэлт өгөхөд зайлшгүй хэрэгтэй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл “Батламжийн хөдөлмөрийн гэрээ"-г хавтаст хэрэгт хавсаргаагүй байтал итгэмжлэн хариуцсан этгээд гэж анхан, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д Мөрдөгч, прокурор нотлох баримтыг талаас бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Зургаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал “...К.С-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байх тул түүнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна”.... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.С-ийг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулсан байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Тухайн мотоцикл ямар эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгө гэдгийг тодорхойлоогүй. Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн учир хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй. Прокурор шүүхийн шатанд 165 хуудас баримт гаргаж өгөөд шүүхээр үнэлүүлнэ гэдэг байдлаар хандсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9, 10, 11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Прокурорын гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлэхгүй гэж үзсэн боловч дараа дараагийн шүүхэд үнэлэгдэх, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй бөгөөд шүүх хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байгаа. К.С- тухайн мотоциклыг ямар хууль тогтоомжийн дагуу итгэмжлэн хариуцсан гэдгийг бүрэн нотлоогүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Мөн К.С-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй баримтаар яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч К.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн мэдүүлж буй сумын Засаг дарга зарах талаар өгсөн чиглэл, тухайн мотоцикл ямар эх үүсвэрээр орж ирсэн талаарх нотлох баримт, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэх эсэх асуудлыг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

К.С-ийг албан хэрэгцээний зориулалтаар өөрт нь хариуцуулан олгосон мотоциклыг бусдад худалдан борлуулж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх болон хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн бичмэл нотлох баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авахдаа хуульд заасан үндэслэл журмын шаардлагыг хангаагүй, түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг дарга нарын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг тул албаны хэрэгцээнд мотоцикл ашиглах боломжгүй бодит нөхцөл байдлыг харгалзан, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар удаа дараа яригдаж зөвлөмж, чиглэл өгсөн гэх хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий байж болох нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй орхигдуулжээ.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, шүүхийн шийдвэрт ач холбогдолтой байж болох гэрч нараас мэдүүлэг аваагүй, мөн нотлох баримтыг цуглуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд баримтлаагүй, үйл баримтанд хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Үүний зэрэгцээ, К.С-ь албан хэрэгцээний мотоциклыг бусдад худалдан борлуулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх, хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүний эрхэлж буй албан тушаал хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг шалгаж, зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах” тухай шүүх хуралдаанд хэлсэн прокурорын дүгнэлт болон шүүгдэгч, түүний  өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, К.С-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч К.С-д холбогдох хэргийг прокурорт очтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

                                 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН