Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0034

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Ц.Цогт

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалын “Н б О” ХХК олгосон 8,8 га газрын ”Ч” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай 1,34 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ”Ч” ХХК-д 3,9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг даалгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0607 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0607 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3, 5-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалын “Н б О” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 8,8 га газрын нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 1,34 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 3,9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ”Ч” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дахин шинэ акт гаргахгүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. ““Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4. Нэг. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Учир нь “Ч” ХХК нь 2016 оноос хойш хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай маргаан үүсгэж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 125 дугаар магадлалаар тус компанийн хүсэлт гаргасан 3,9 га газраас “Г п” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхацсан 1,34 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож, тус компанийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгаж шийдвэрлэсэн.

5. Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанийн гаргасан 3,9 га газар ашиглах тухай хүсэлтийн асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, нөгөө талаар шүүх хариуцагч захиргааны байгууллагад “зохих журмын дагуу шийдвэрлэх”-ийг даалгаснаар сайд өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, зохих журмын дагуу шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй”-г шүүх харгалзаж үзээгүй. Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 125 дугаартай магадлалаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул ЗХШХШТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар заасан ч шүүх үүнийг зөрчиж өмнө шийдсэн асуудлыг дахин шийдсэн.

6. Нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтүүдэд тухай бүрд нь хариуцагч захиргааны байгууллагаас хариу өгч байсан, нэхэмжлэгчээс уг хариуг эс зөвшөөрч зохих байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй нь тогтоогдсон ба энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхээр байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол гэж заасныг зөрчсөн, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

7. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 3,9 га газрын асуудлыг шүүх зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаснаар хариуцагч захиргааны байгууллага хуулиар тогтоосон эрх үүргийн хүрээнд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид Баруун дэлгэрийн аманд орших 5,0 га газрыг олгосон, энэхүү газрын асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй нь уг газар ашиглах эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутагт 2 байршилд газар ашиглах эрх олж авсан гэж дүгнэгдэж байгаа.

8. Хоёр. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж, 107.5-д “Тогтоох хэсэгт...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа...-г заана, мөн хуулийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал:

9. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...”Ч” ХХК-ийн газар ашиглуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг Сайдын А/554 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна...” гэж, мөн анхан шатны шүүхийг...“нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд өмнө нь хүсэлтээ гаргасан гэж үндэслэлтэй дүгнэсэн байна гэсэн атлаа тухайн газарт 2 этгээд хүсэлт гаргасан байхад шууд “Н б О” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна...”, “Гэхдээ маргаан бүхий актад “Н б О” ХХК-д “....8.8 га газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгосугай” гэснээс үзвэл, тус газарт аялал жуулчлалын зориулалтаар хэрэгжиж байсан төслийг үргэлжлүүлэн гуравдагч этгээд хэрэгжүүлэхээр газар ашиглах эрхийг олж авсан байж болохоор байх бөгөөд тухайн төсөл нь 8.8 га газарт хамаарах иж бүрэн цогцолбор байхаар анхнаасаа төлөвлөсөн бол түүнээс 1.34 га газрыг салгаж болох эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн ашиглах хүсэлт гаргаж буй 3.9 га газарт хэрэгжүүлэх төсөлд хамаарах талбайгаас мөн адил 1.34 га газрыг салгаж болох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, үүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

10. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж тодорхойлж буй асуудал нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудал бөгөөд нөгөө талаар уг асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд илэрхий нотлогдон тогтоогдож байгаа асуудлууд болно. Тухайлбал, маргаан бүхий захиргааны актад тухайн газрын зориулалтыг тодорхой болгох үүднээс “...аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох...зориулалтаар барьсан орон байрыг зохих журмын дагуу ашиглах эрх олгосугай” гэж заасан болохоос хэн нэгний өмнө нь хэрэгжүүлж байсан төслийг үргэлжлүүлж байгаа асуудал биш, энэ талаар хэргийн оролцогчдын хэн нь ч маргаагүй, нөгөө талаар энэ үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

11. Гэтэл давж заалдах шатны шүүх “...8,8 га газарт анхнаасаа иж бүрэн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бол...мөн 3,9 га газраас 1,34 га газрыг салгаж болох эсэх,...асуудлыг тодруулахаар, уг асуудлыг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

12. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сард маргаан бүхий 3,9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгох хүсэлтийг хариуцагчид гаргаж, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8/6376 тоот албан бичгээр “...эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандартад нийцэж байгаа тул...байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй” гэж, мөн яамны Ерөнхий шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6/6504 тоот албан бичгээр ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүргүүлсэн атал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан газрын 1,34 га газарт давхцуулан “Г п” ХХК-д 8,8 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.   

15. Нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн 3,9 га газрын 1,34 га газарт давхцуулан “Г п” ХХК-д 8,8 га газар олгосонтой холбогдох маргааныг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 891 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаар магадлалаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Г п” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон хэсгийн нэхэмжлэгчийн 1,34 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ч” ХХК-ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

16. Шүүхийн уг шийдвэрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн аманд аялал жуулчлал зориулалтаар 5 га газар ашиглах эрх олгох замаар биелүүлсэн гэж хариуцагч маргаж байгаа боловч нэхэмжлэгч уг газрыг  ашиглах хүсэлт гаргаагүй, нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гараагүй байхад гарсан захиргааны актыг шүүхийн шийдвэр биелүүлж гарсан захиргааны шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

17. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Н б О” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 8,8 га газар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохдоо нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газраас 1,34 га газрыг давхцуулан олгосон нь ойлгомжгүй байна.

18. Хариуцагчаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах эрх олгосон шийдвэр нь анхнаасаа нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан газартай давхцалтай байсан талаар талууд маргадаггүй, “...нэхэмжлэгч нь маргаан бүхий байршилд газар ашиглах хүсэлтээ цаг хугацааны хувьд “Н б О” ХХК-иас өмнө гаргасан байхад энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр гуравдагч этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгосон нь хууль бус, …хариуцагчаас газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харьцуулан үзэхгүйгээр шууд “Н б О” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс  “...нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журамд нийцүүлэн дүгнээгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан үзээгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тус хуульд нийцсэн гэж үзэж, газар ашиглах эрх олгохыг даалгах боломжгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан газраас давхцал бүхий 1,34 га газрыг төсөл хэрэгжүүлэхдээ салгаж болох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, тухайн асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт  “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэнтэй нийцсэн байна. 

20. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН