| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/03415/И |
| Дугаар | 210/МА2023/00122 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/00122
| 2023 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2023/00122 |
А, В нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03666 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: А, В нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г, Д- нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буянхишиг, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А, В нар нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний 333333 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Б- дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2 гудамж 000 тоот газрыг өмчилж авсан. Гэтэл хариуцагч Б- дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2 гудамж 93 тоот хаягийн өмчлөгч Г, Д- нар нь 000 тоот газар руу хашаагаа оруулан барьсан байх бөгөөд утсаар холбогдож болон биечлэн уулзахад зөрчлөө арилгахгүй, газрыг чөлөөлж өгөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дүүргийн газрын албаны хариуцсан байцаагчид өргөдөл гаргахад тус асуудал нь эд хөрөнгөтэй холбоотой тул хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг хангаж 1680803668 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 193 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Гол асуудал нь газрыг хэмжилгүйгээр, барагцаагаар хуваасантай холбоотой. Манай хашааны хэмжээ 80 гаруй м.кв болчихоод байгаа бөгөөд үүний 63 м.кв-д үл хөдлөх хөрөнгө буюу байшин байдаг. Түүнээс 20 гаруй м.кв үлдчихээд байгаа. Хариуцагч нар нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраас 110 м.кв газрыг авсан. Хашаагаа хэмжиж үзвэл 410 м.кв талбайтай байгаа байх. Анхнаасаа хашаа барьсан гээд байгаа. Хэрвээ хариуцагч нар хашаагаа хэмжиж үзвэл зарим хэсэг нь хасах байсан байх. Манай зүгээс хариуцагч нарын ашиглаж байгаа 110 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Нэхэмжлэгч нарын хувьд одоо байгаа эргэлтийн цэгээ тогтоолгосон зүйлээрээ л газраа чөлөөлүүлж авахыг хүсэж байна гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид уг Б- дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2 гудамжны 93 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг байшингийн хамт 2011 онд хүнээс худалдаж авсан. Уг газар дээрээ өдийг хүртэл амьдарч, хууль ёсоор өмчилж байгаа. Бид уг газар дээрх хашаагаа ямар нэгэн байдлаар сунгаж, өөрчилж, нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг түүний газар луу оруулж барьсан зүйл байхгүй. Манай хашаа болон нэхэмжлэгчийн хашаа нь анх авахад ямар байсан, яг тэр чигээрээ байгаа. Манайх 300 м.кв, нэхэмжлэгчийнх 200 м.кв газрыг өмчилдөг. Нэхэмжлэлд дурдсанаар бол нэхэмжлэгч нар биднийг өөрийн өмчлөлийн газрын 193 м.кв талбайг авсан учир энэ хэмжээгээр чөлөөлүүлэхээр шаардсан гэж харагдаж байна. Хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаачлан манайх тэдний 193 м.кв газрыг нь авчихсан юм бол энэ айл 7 м.кв газар дээр байгаа гэсэн үг болж таарна. Гэтэл яг газар дээр нь очоод харвал манайхаас дутахгүй хэмжээний газартай, байшинтай байгаа. Иймд нэхэмжлэгч нар нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв уг газрууд нь ямар нэг байдлаар давхацсан гэж үзвэл энэ нь захиргааны акттай холбоотой маргаан болох юм. Түүнээс биш иргэн Г, Д- бид хүний газар дээр хашаагаа хатгасан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр Г, Д- нарын газар нэхэмжлэгч нарын газар руу орсон, давхацсан, ямар нэг байдлаар хашаа руу нь нэвтрэн орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г, Д- нарын хууль бус эзэмшлээс 110 м.кв өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А, В нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн газрын кадастрын зураг, хариуцагчаас гаргаж өгсөн газрын кадастрын зураглалуудын солбилцол хэмжилтүүд хоорондоо давхцаагүй тус тусын газар байсныг үнэлж чадаагүй. Хариуцагч нарын 300 м.кв талбайтай газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 110 м.кв кадастрын зураглал, солбицлоор хоорондоо хамааралгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын газар нэг өмчлөлийн газар байсныг 2 салгаж худалдахдаа кадастрын зураглалын дагуу хашаалж зараагүйгээс маргаан үүссэн. Хариуцагч нар хашаалсан газрын дагуу өөрийн өмчлөлийн газар гэж тайлбарладаг. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулья гэсэн хүсэлт гаргасныг шүүгч шийдвэрлээгүй. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нараас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч А, В нар хариуцагч Г, Д- нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраас 110 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу олгогдсон хэмжээгээр газраа өмчилж эзэмшиж байгаа гэж тус тус тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч А, В нар нь Б- дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2 гудамжны 000 тоот хаягт байрлах нэгж талбарын 1680803668 дугаартай 193,29 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205001053 дугаартай гэрчилгээг, хариуцагч Г, Д- нар нь Б- дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-2 гудамжны 93 тоот хаягт байрлах нэгж талбарын 18640312836630 дугаартай 300 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205000607 дугаартай гэрчилгээг тус тус авсан болох нь тогтоогдож байна. /хх. 5, 25/
Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг талуудын гаргасан хийгээд шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх учиртай. Гэтэл нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр маргаантай хэвээр үлдээж шийдвэрлэлгүй орхигдуулсан байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Учир нь маргааны зүйл нь газрын давхцал гэж тайлбарлаж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан байхад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу талуудын маргаж байгаа газарт хэмжилт хийж тодруулсны үндсэн дээр шүүх уг хэргийг шийдвэрлэх байжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР