Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0358/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч А.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч А.О, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт А.О, Б овогт Д.О нарт холбогдох эрүүгийн 1818005490388 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б овогт А.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Б овогт Д.О/РД: /, Сэлэнгэ аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, дулааны шугам сүлжээний засварчин мэргэжилтэй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.О нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн А.Ө-ыг найз Д.О-тай маргалдан зодлоо хэмээн нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.О нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн Б.М-тай маргалдан улмаар хавсарч унаган цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын тохой, шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.О-ын өгсөн: ...Тэр үед Хайбраа /Г.О/ ухаан алдаж унасан байсан. Тэгэхээр нь би биеэс нь татахад сэрэхгүй байсан. Гэтэл нөгөө талаас Б Д хоёр гарч ирсэн. Цаана нь А.Ө Д.О-ын дээр гарч суугаад цемент мөргүүлж байсан. Тэгэхээр нь би очоод болиоч гээд А.Ө-ыг татсан. Гэтэл А.Ө намайг цохисон. Намайг цохихоор нь би зөрүүлээд А.Ө-ыг өшиглөсөн... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.О-ын өгсөн: ...Тэр үед би Б.М ахыг хавсарч унагасан. Б.М ах бид хоёр дээр, доороо ороод ноцолдож байтал Г.О “Юу болоод байгаа юм” гэж хэлээд салгах гэж оролдсон. Гэтэл А.Ө ирж Г.О-ын нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл Г.О ухаан алдаж унасан. Тэр үед  Б.М бид хоёр ноцолдож байгаад салаад Г.О дээр очих гэтэл А.Ө намайг бариад авсан. А.Ө бид хоёр унахдаа зэрэгцэж унасан. Гэтэл А.Ө намайг газарт мөргүүлсэн. Тэгэхээр нь би гараас нь татаад “хөөе” гээд чанга дуугаар орилсон. Гэтэл нэг хүний хөл орж ирээд А.Ө-ы нүүр лүү хоёр удаа өшиглөсөн. Хэн түүнийг өшиглөснийг би хараагүй... гэх мэдүүлэг,

Хохирогч А.Ө-ы өгсөн: ...Б.М нь Д.О-ыг хүзүүгээр нь тэврээд цэнгээний газраас гарсан. Намайг тэр хоёр дээр очиход Д.О надтай маргалдсан. Би нэг мэдэхэд газар унаж, миний дээрээс хүн өшиглөсөн. Би хохиролд 990.000 төгрөгийг А.О-оос авсан. Эхлээд манай эхнэрийн данс руу 450 000 төгрөгийг шилжүүлээд, дараа нь миний данс руу 540.000 төгрөг шилжүүлсэн. Эрүүний хугарлаас болж гурван шүдээ авахуулсан. Одоо эмчилгээний болон замын зардлын 93.600 төгрөг болон шүд хийлгэх зардал болох 7.500.000 төгрөгийг А.О-оос нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.М-ын өгсөн: ...Д.О, А.Ө 2 маргалдаж эхэлсэн. Би болиулах гэсэн боловч болиогүй. Тэгсэн миний араас Д.О-ын найз нарын нэг нь ирээд намайг хавсарч унагаад зодсон. Хэн намайг зодсоныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Г.О-ын өгсөн: ...Б.М, Д.О нар нь уулзаад арк руу явчихсан. Би Д.О-ыг ирж байгаа эсэхийг харах гээд арк руу очтол Б.М нь Д.О-ыг газарт унагаад дээр нь гараад заамдчихсан байж байсан. Би очоод салгах гэхэд Б.М-тай хамт явж байсан А.Ө нь миний зүүн хацар луу өшиглөөд би ухаан алдаж унасан. ...Я.Д надад хэлэхдээ “А.Ө нь Д.О-ыг газарт унагаад дээр нь гараад толгойг нь цементэн газарт мөргүүлж байхад нь О ирээд А.Ө-ы эрүү рүү 1, 2 удаа өшиглөсөн” гэж хэлсэн гэх мэдүүлэг /15-16/,

Гэрч Я.Д-ын өгсөн: ... Цэнгээний газарт сууж байхад Б.М-тай хамт явж байсан А.Ө нь бид нар луу муухай хараад байсан. Яагаад муухай харсныг мэдэхгүй. Д.О, О, Г.О, Б бид нар цэнгээний газраас гараад тамхи татаад зогсож байхад Б.М ирээд Д.О-тай юм ярьж байснаа маргалдаад тэр 2 аркаар байшингийн хойно гарсан. Араас нь Б.М-тай хамт явж байсан А.Ө явсан. Тэгээд Г.О араас нь очсон. Удалгүй чанга дуугаар муудалцах чимээ гарахаар нь Б бид 2 араас нь очсон. А.Ө нь Д.О-ыг толгойгоор нь цементэн газарт цохиж байхад О ирээд А.Ө-ыг болиулах гэтэл А.Ө нь О-ын нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл О уурлаад А.Ө-ыг эрүү хэсэгт нь 2 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 23/,

Гэрч Б.Б-ын өгсөн: ...А.Ө нь бид нарын сууж байсан ширээний урд ирээд муухай хараад, гараа халаасандаа хийгээд янз бүр болоод байсан. Бид нар гараад тамхи татахаар гарахад Б.М, А.Ө нар гадаа зогсож байсан. Б.М нь Д.О-тай уулзаад маргалдсан. Тэр 2 аркаар гараад явсан. Араас нь А.Ө явсан. Удалгүй Г.О “юу болж байгаа бол” гээд араас нь очсон. Тэгтэл хүмүүс орилоод байхаар нь Оргил, Я.Д бид 3 араас нь очсон. Биднийг очиход А.Ө нь Д.О-ын дээр суугаад толгойг нь цементэн газарт мөргүүлж байсан ба А.О нь А.Ө-ы нүүр лүү өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 718 дугаартай “А.Ө-ы биед доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. А.Ө-ы биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, 719 дугаартай “Б.М-ын биед тархи доргилт, баруун гарын тохой, шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.М-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.О-ын 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн А.Ө-ыг найз Д.О-тай маргалдан зодлоо хэмээн нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.О-ын 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвд байрлах “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн Б.М-тай маргалдан улмаар хавсарч унагаан цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын тохой шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын биед тархи доргилт, баруун гарын тохой шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би гомдолгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/-ээр нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ө-ы биед доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч А.О нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 990.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан А.О-оос хохирлын мөнгө 450.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 54/, шүүх хуралдаанд хохирогч А.Ө-ы өгсөн “...Би хохиролд 990.000 төгрөгийг А.О-оос авсан. Эхлээд манай эхнэрийн данс руу 450.000 төгрөгийг шилжүүлээд, дараа нь миний данс руу 540.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ө нь шүүгдэгч А.О-оос эмчилгээний болон замын зардал 93.600 төгрөг, эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий гэмтлийг эмчлэх явцад 3 шүд авахуулсан ба 3 ширхэг имплант шүд хийлгэхэд шаардлагатай зардал 7.500.000 төгрөг, нийт 7.593.600 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Дэнта фарм” ХХК-ийн “Саян дент” шүдний эмнэлгийн эмчийн магадалгаа, төлбөрийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаар 3 ширхэг имплант шүд хийлгэх зардал 7.500.000 төгрөг болох нь нотлогдож байгаа боловч хохирогч А.Ө-ы биед учирсан эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий гэмтлийг эмчлэх явцад 35, 36, 37 дугаар шүдийг авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч А.О-оос эмчилгээний болон замын зардал 93.600 төгрөг гаргуулж хохирогч А.Ө-д олгох үндэслэлтэй ба шүд хийлгэх зардал 7.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.О нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч 93.600 төгрөгийг төлсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.О, Д.О нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.О-ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч А.О, Д.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 88/-аар, хохирогч Б.М, А.Ө нь Д.О-ыг газарт унагаан дээр нь гарч толгойг нь газарт мөргүүлсэн, түүнийг болиулах гэсэн А.О-ыг хохирогч А.Ө нь цохиж зүй бус үйлдэл гаргасан болох нь гэрч Я.Д, Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн “...А.Ө нь Д.О-ын толгойг газарт мөргүүлж байхаар нь А.О очоод болиулах гэтэл А.Ө нь А.О-ын нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь А.О нь А.Ө-ы эрүү рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/-ээр тус тус нотлогдож байна.

 Шүүгдэгч А.О нь хохирогч А.Ө-ы зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч А.О нь “......................” ХХК-д тээрмийн инженерээр ажилладаг гэх боловч энэ байдлаа нотолсон баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүгдэгч А.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Д.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь “..........................” ХК-д ............... ажилтай болох нь хэрэгт авагдсан 29342 дугаартай ажлын үнэмлэх /хх-ийн 65/-ээр нотлогдож байх бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.О-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч А.О-од оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.О-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.О-од мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-ад мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О, Д.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР