Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0380/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Иргэний нэхэмжлэгч Т.О,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.П-д холбогдох эрүүгийн 1818005480402 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.П /РД: /, Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хар морьтын хөтөл гэх газар Дархан Сэлэнгийн төв зам дээр 85-43 УБЦ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-т заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.1-т заасан жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/-ын өмнө тэр чигт яваа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 10-39 УБЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас зам тээврийн осол гарч 10-39 УБЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Н-д 3.426.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.П-гийн өгсөн: Миний жолоодож явсан машины урд хоёр машин явж байсан. Эхний машин гүйцэж түрүүлэхээр баруун гар тийшээ дохио өгөхөөр нь би дагаж дохио өгсөн. Гэтэл нөгөө машин огцом эгнээ рүүгээ буцаж орсон. Би дагаж эгнээ рүү орж чадалгүй Н-ийн машиныг шүргэсэн. Тэр үед Н-ийн машин замын эсрэг тал руу орсон юм гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.О-ийн өгсөн: Би зам тээврийн осол болсноос хойш эмчийн үзлэгт хамрагдаж рентген зураг авахуулахад зүгээр гэж гарсан. Гэхдээ томографийн зураг авахуул гэж хэлсэн учраас би Улаанбаатар Төмөр Замын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Мөн тархи доргилтдоо эмчилгээ хийлгэсэн гээд нийт 160.000 төгрөгийн зардал гарсан. УБТЗ-ын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хугарал алга байна гэсэн тодорхойлолт гарсан учраас шүүгдэгчид “160.000 төгрөгийн эмчилгээний зардал гарч байна. Та замын зардалтай нь нийлүүлээд 200.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Б.П 200.000 төгрөгийг өгсөн. Гэтэл сарын дараа миний толгой өвдсөн. Мөн миний нуруу осолд орсноос хойш илүү их өвддөг болсон. Нуруу их өвдөөд байсан учраас” Чулуунаа” гэх эмнэлэгт үзүүлж, нийт 2.184.300 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба 884.500 төгрөгийг төлөөд 1.229.800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд би шүүгдэгчээс үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Б-гийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар луу явж байхдаа Хар морьтын хөтөл гэх газарт миний сууж явсан машины өөдөөс 2 машин урсгал сөрөөд гараад ирсэн. Тэр 2 машины урд нь явж байсан машин нь буцаж өөрийнхөө эгнээ рүү ороод ард явж байсан 85-43 УБЦ гэсэн дугаартай цэнхэр өнгийн приус маркийн машин нь буцаж урсгал руугаа орж амжилгүй миний сууж явсан 10-39 УБЭ дугаартай приус маркийн машинтай толиороо шүргэлцсэн. Тэгтэл миний бууж явсан машин замын хажуугийн ховилд хүчтэй цохигдоод замын хажууд гараад зогссон. Ингэж цохигдох үед би дээшээ доошоо шидэгдсэн. Тэгээд түргэн тусламж ирээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очоод нуруугаар өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь нурууны сэртэн яс хугарсан байсан. Би Сэлэнгэд гэртээ ирээд хэвтрийн дэглэм барьж 3 сар эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 124/,

Иргэний нэхэмжлэгч Э.Н-гийн өгсөн: 2018 оны  дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар луу 4 зорчигч тээвэрлээд явж байтал Харморьтын хөтөл рүү өгсөж явж байтал замын эсрэг урсгалд 3-4 машин ар араасаа цуваад явж байсан. Тэгтэл нэг машин нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр нь би гэрлээрээ дохиход тэр машин буцаад эгнээ рүүгээ орсон. Тэгээд цааш хурдаа хасаад явж байтал гэнэт эсрэг талын цуваанд явж байсан 85-43 УБЦ улсын дугаартай цэнхэр өнгийн приус машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэр машин миний машинтай их ойрхон зайд гараад ирсэн. Тэгээд би тэр машинтай мөргөлдөхгүйн тулд жолоогоо нөгөө тийш нь дарж зайлсан боловч зүүн талын толиороо тэр машинтай шүргэлцсэн. Би жолоогоо буцаж дараад зам руугаа орох гэхэд замын хажуугийн сул шороонд гулгаад зам хөндлөн гараад замын эсрэг талын жалгаар харайгаад зогссон гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,

Насанд хүрээгүй гэрч П.Х-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр аав П, ээж Г, аавын найз Б ах бид нар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу яьж байсан. Манай аав П машин жолоодоод явж байсан бөгөөд би жолоочийн хажуугийн суудалд гар утсаа оролдоод явж байтал манай машин зүүн талаараа нэг машинтай шүргэлцэх шиг болсон. Тэгээд хартал шүргэлцсэн машин нь замын эсрэг талын хажуу руу ороод зогсчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 134/,

Насанд хүрээгүй гэрч Э.С-гийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгээс хот руу ээж Б, эгч Б нарын хамт нэг машинд суугаад явсан. Замдаа явж байтал нэг машинтай шүргэлцсэн. Тэгээд манай ээжийн бие өвдсөн гэх мэдүүлэг /хх-ийн 136/,

Гэрч Ц.Г-ийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нөхөр П, охин Х, найз Б-ын хамт Хөвсгөл аймаг руу явахаар замдаа Амарбаясгалан хийд үзэх гээд Сэлэнгэ аймгийн чигт явж байсан. Замдаа яв байхад урд явж байсан Сэлэнгэ аймгийн дугаартай машин гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөөд эсрэг урсгалд ороход нь манай нөхөр тэр машиныг дагаад гүйцэж түрүүлэх үйлдэл бас хийсэн. Тэгтэл урд явж байсан машин гүйцэж түрүүлэх үйлдлээ болиод буцаад эгнээндээ орохоор нь манай нөхөр бас эгнээ рүүгээ буцаж орох гэж байтал өөдөөс ирж байсан машин манай машины зүүн толийг шүргээд өнгөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,

Гэрч Н.Б-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр найз П, түүний эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймаг руу явах гээд Дарханд орж ирээд Сэлэнгэ аймаг руу явж байсан. Би машины арын суудалд зүүрмэглээд явж байтал нэг машинтай шүргэлцэх шиг болсон... гэх  мэдүүлэг /хх-ийн 140/,

Гэрч Н.Б-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Сэлэнгээс Улаанбаатар хот руу явахаар нэг приус машинд суусан. Замдаа явж байтал бидний сууж явсан машины өөдөөс 2 машин урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгээд урд нь явж байсан машин нь буцаад өөрийнхөө эгнээ рүү орж амжсан ба арын машин нь эгнээндээ орж амжилгүй бид нарын сууж явсан машинтай шүргэлцсэн. Тэгсэн бидний сууж явсан машин замын эсрэг талын хажуу руу яваад орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 142/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 2-9/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 709 дугаартай “Г.Б-гийн биед сээрний 11, 12 дугаар нугаламын битүү хугарал, баруун шилбэний зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 706 дугаартай “Т.О-ийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны өвдөгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79/, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 711 дугаартай “Э.С-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83/, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаартай “Н.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 267 дугаартай “Э.Н-гийн жолоодож явсан Тоёота приус-20 маркийн 10-39 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 3.426.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-94/,

Тоёота приус маркийн 85-43 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1.б, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг, Тоёота приус маркийн 10-39 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Н нь дээрх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.б-д заасныг тус тус зөрчсөн гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн тэмдэглэл /хх-ийн 98/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Жолооч Э.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.б-д заасан Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Б.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-т заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.1-т заасан жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/-ын өмнө тэр чигт яваа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө гэж заасныг зөрчсөнөөс осол гарсан. Цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын гаргасан үзлэгийн тэмдэглэл үндэслэлтэй байна. Хоёр тээврийн хэрэгслийн тормосын мөр илрээгүй тул тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй. Шинжилгээний явцад өөр ямар нэг зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 99/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Тоёота приус-20 маркийн 10-39 УБЭ, Тоёота приус-20 маркийн 85-43 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг шалгахад тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд анги хэвийн ажиллагаатай, зам тээврийн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлтүүд /хх-ийн 105-109, 113-117/,

“Фрэндшип Наран” оношилгооны төвийн “Г.Б-гийн сээрний 11, 12 дугаар нугалмайнуудын их биеийн дээд гадаргуу бага зэрэг шахагдан нягтрал ихэссэн хугаралттай” гэх компьютер томографийн шинжилгээний бичиг /хх-ийн 46/,

Г.Б-гийн нуруу хөшнө, Т.О-ийн нуруу бүсэлхийгээр өвдөнө гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 20183731, 20183729 дугаартай хуудас /хх-ийн 165, 168/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.П-гийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хар морьтын хөтөл гэх газар Дархан Сэлэнгийн төв зам дээр 85-43 УБЦ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1, 7 дугаар бүлгийн 7.1 дэх заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалаар явж 10-39 УБЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь 10-39 УБЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Б-гийн эрүүл мэндэд  учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Н-д учирсан 3.426.000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-гийн биед сээрний 11, 12 дугаар нугаламын битүү хугарал, баруун шилбэний зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч Э.Н-д 3.426.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч Г.Б-д 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Б-гийн бичсэн “...буруутай жолоочоос 1.400.000 төгрөг авсан нь үнэн болно. Гомдол саналгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 27/, “...Б.П-гээс эхлээд 1.400.000 төгрөг, дараа нь 600.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан нь үнэн болно. Тиймээс миний бие хохирлоо барагдуулсан учраас гомдолгүй” гэх өргөдөл /хх-ийн 179/, Г.Б-гийн ХААН банк дахь ........... дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 180-181/-аар, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн эмчилгээний зардлын нөхөн төлбөрт 200.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Т.О-ийн бичсэн “...Миний бие өөрөөс зарцуулсан эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг Б.П-гээс авсан...” гэх тодорхойлолт /хх-ийн 29/-оор, иргэний нэхэмжлэгч Э.Н-гийн хохирол төлбөр болон тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд 3.556.000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны ............ дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 177-178/-аар болон шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.О нь зам тээврийн осолд орсноос хойш нэг сарын дараа толгой өвдсөн, нуруу өмнөхөөсөө илүү их өвддөг болсон. ”Чулуунаа” гэх эмнэлэгт нуруугаа үзүүлж, нийт 2.184.300 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба 884.500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.229.800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна хэмээн “Чулуунаа” гэх эмнэлгийн нэхэмжлэл, холбогдох баримт /хх-ийн 62-71/-ыг хэрэгт хавсаргажээ.

Гэвч иргэний нэхэмжлэгч Т.О-ийн “Чулуунаа” эмнэлэгт эмчилгээ хийлгэх болсон шалтгаан, онош тодорхойгүй тул Т.О-ийн эмчилгээ хийлгэх үндэслэл болсон өвчин зовуур нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б, иргэний нэхэмжлэгч Э.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн 1.229.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Т.О-ийн 1.229.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс шаардах иргэний нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно.

 2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нарт эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохиролд нийт 2.602.315 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн орлогын баримт, иргэний нэхэмжлэгч нарын бичсэн өргөдөл болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байгааг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.П-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.П-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.П-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.П-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Т.О-ийн 1.229.800 /нэг сая хоёр зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР