Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00176

 

 

 

 

 

     

 

 

С--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/03544 дугаар шийдвэртэй С--ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох зуучлалын гэрээний үүрэгт 15,967,993 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь үл хөдлөх зуучлалын компани болох С--ийн гүйцэтгэх захирал Ж.Б-тай2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо,  Г  21 нэртэй 1 блок 000 айлын орон сууцыг худалдан борлуулахад зуучлуулахаар дугаартай онцгой нөхцөл бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэрээг байгуулсан. С ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр Г ХХК-ийн санхүүжилт зогссон, компанийн хувьцааны хяналтын багцыг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр болсон талаар мэдэгдэж, зуучлуулагч талын санаачилгаар зуучлалын гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн. Талууд гэрээний дагуу нийт 17 орон сууц худалдан борлуулсан бөгөөд үүнээс 10 орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлсийг авсан. Үлдсэн 7 орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлс 9,629,776 төгрөгийг төлөөгүй. ОХ-2021/001 тоот зуучлалын онцгой гэрээний 4.5-т заасны дагуу ажлын хоёр хоногийн дотор зуучлалын хөлсийг төлөх үүрэгтэй. Маркетингийн ажилд эх бэлтгэл, хулдаасан хэвлэл, бичиг хэргийн материалын зардал болон бусад зардлыг зуучлагч буюу С- гаргасан. Иймд хариуцагч С ХХК-аас маркетингийн зардал 2,982,000 төгрөг, зуучлалын хөлс 9,629,776 төгрөг, алданги 3,356,217 төгрөг /худалдан авагч Ц.П-ийн зуучлалын хөлс 1,050,360 төгрөг, алданги 362,347 төгрөг, худалдан авагч Б.А-ийн зуучлалын хөлс 1,457,632 төгрөг, алданги 521,832 төгрөг, Л.Т-ийн зуучлалын хөлс 1,454,632 төгрөг, алданги 558,273 төгрөг, худалдан авагч Ц.С-ийн зуучлалын хөлс 1,457,632 төгрөг, алданги 558,273 төгрөг, Б.М-ийн зуучлалын хөлс 1,821,600 төгрөг, алданги 566,517 төгрөг, Д.О-ийн зуучлалын хөлс 1,126,352 төгрөг, алданги 344,663 төгрөг, Д.Ц-ийн зуучлалын хөлс 1,258,600 төгрөг, алданги 444,285 төгрөг нийт 15,967,993 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас Б.А, Б.Мр, Л.Т нараас бусад 4 орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой зуучлалын хөлс төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Орон сууц захиалагч нар нь гэрээнд заасан 30 хувийг хугацаандаа гүйцэтгээгүй болох нь санхүүгийн баримтаар тогтоогдсон тул Б.А, Б.М Л.Түвшинтөр нарын зуучлалын хөлсийг төлөхөөс татгалзаж байна. Гэрээний 10.1, 10.2-т зааснаас бусад тохиолдолд нөгөө тал нь ажлын 10 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно гэж заасан. Мөн Гэрээний 10.3.2-д талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Гэрээний дагуу С ХХК-иас С--д цаашид зуучлалын ажил хийх боломжгүй, гуравдагч этгээдэд хувьцааг шилжүүлж байгаа учир гэрээг хугацаанаас өмнө дуусгах тухай у албан бичгийг хүргүүлсэн. С- нь албан бичгийг хүлээж аваад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7 орон сууцны зуучлалын хөлсөнд 9,629,776 төгрөгийн нэхэмжлэлийн хамт илгээлээ гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. Гүйцэтгэсэн ажлын тайланг мэдэгдсэний үндсэн дээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх ёстой. 7 орон сууцны гэрээг өгөөгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх боломжгүй. Маркетингийн зардал болон алдангид хууль зүйн үндэслэл байхгүй. Онцгой нөхцөл бүхий гэрээнд зуучлагч нь маркетинг болон зар сурталчилгааны зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дуусгавар болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 орон сууц болон маркетингийн зардал, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажлаа дүгнэж байж бид хөлс төлөх ёстой, нөгөө талаас 7 орон сууцны гэрээг манайд шилжүүлж өгөөгүй. Мөн Б.А, Б.М, Л.Т нар гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир хугацаа хожимдож төлсөн гэж татгалзаж байна гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: С- нь манай компанид Геологи-21 нэртэй пэйжийг нээж, хөгжүүлж, гэрээ дуусгавар болсны дараа манай компанид үлдээхээр аман тохиролцоо хийсэн. Гэтэл С- манай пэйж хуудсыг бидний зөвшөөрөлгүйгээр хааж мөн манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдан иргэдэд сөрөг коммент бичсэн. Пэйж хуудас хаасны улмаас дахин пэйж хөгжүүлэх шаардлагатай байснаас иргэн н.-тай гэрээ байгуулан 6,000,000 төгрөг төлсөн. Мөн манай компанийн орон сууц худалдан авах гэрээг С- нь хүлээлгэн өгөөгүйгээс гэрээний мэргэжилтэн авч ажиллуулсан ба сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээг шинэчлэх ажлыг хийлгэж нийт 4,500,000 төгрөг төлсөн. Манай компани гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ тооцоо нийлж ажлаа хүлээлгэн өгөхийг хариуцагч компаниас шаардсаy тул С--ийн буруутай үйл ажиллагааны улмаас бид шинэ пэйж хуудас хөгжүүлэх, гэрээг шинэчлэн байгуулах зэрэг нийт 10,500,000 төгрөгийн зардал гарсан тул төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: С ХХК-д пэйж хуудсыг шилжүүлэн өгөхөөр амаар болон бичгээр тохирсон нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагч гэрээгээ цуцалсан зүйлгүй. Манай компаниас үүрэг зөрчсөн зүйл байхгүй . Хариуцагч талын энэ хэрэгт холбогдолгүй гуравдагч этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заасныг баримтлан С ХХК-иас 11,291,416 төгрөгийг гаргуулан С--д олгож, нэхэмжлэлээс 4,676,577 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С--иас 10,500,000 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,128 төгрөгийн 237,789 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 34,339 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С ХХК-иас 195,613 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С--д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдэрлэсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Шүүхээс иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 1,273,980 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд онцгой эрх бүхий зуучлалын гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 10.2-т заасны дагуу хугацаанаас өмнө талууд нөгөө талдаа мэдэгдэн гэрээг цуцлахаар зохицуулсан байх ба хариуцагч компаний зүгээс 2 удаагийн албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээг цуцлаагүй бөгөөд нөгөө талдаа гэрээнд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэн гэрээгээ дуусгавар болгосон болох нь тогтоогддог. Гэтэл шүүх 7 орон сууцны захиалгын гэрээний алдангийг тооцохдоо дээрх нөхцөл байдлыг дүнээгүй. Тус гэрээ нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. н.П, н.О н.Сүрнээ, н.Ц нарын алдангийг 30 хувь төлсөн өдрийн дараагийн 3 дахь өдрөөс эхлэн гэрээг цуцлах өдөр хүртэл тооцох ёстой байхад шүүх 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон. Дээрх үндэслэлээр алдангийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 410,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзах эрхээ хариуцагч тал алдсан гэж дүгнэж, алдангийг нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож тогтоосон нь үндэслэлтэй. Гомдлын үндэслэл болгож буй 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй. Харин өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг өгнө үү гэх албан бичгийг явуулсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гэрээг цуцлах албан бичигт багцаа худалдаж байна гэж хэлсэн. Гэтэл багцаа худалдаагүй бөгөөд тухайн албан бичгээр нэхэмжлэх маягт явуулсан. Мөн гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С- нь хариуцагч С ХХК-д холбогдуулан маркетингийн зардалд 2,675,000 төгрөг, 7 орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлсөнд 9,629,776 төгрөг, алдангид 1,900,845 төгрөг, нийт 14,205,621 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангид 1,455,372 төгрөг, маркетингийн зардалд 307,000 төгрөг, нийт 1,762,372 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 15,967,993 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч 4 орон сууцны зуучлалын хөлс төлөхийг хүлээн зөвшөөрч, 3 орон сууцны зуучлалын хөлс болон маркетингийн зардал, алдангийг эс зөвшөөрч, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 10,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Зохигчийн хооронд онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулагдсан болох, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.1 дэх хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээгээр хариуцагч С ХХК нь гэрээний хугацаанд Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, Г-210 хотхоны орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах онцгой буюу давуу эрхийг нэхэмжлэгч С--д олгох бөгөөд нэхэмжлэгч С- нь хариуцагч С ХХК-аас олгосон онцгой бүрэн эрхийн хүрээнд түүний ашиг сонирхлын төлөө хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлд сурталчлан байршуулах, үл хөдлөх хөрөнгийг сонирхогч этгээдэд газар дээр нь очиж танилцуулах, шаардлагатай мэдээллээр хангах, худалдан авах сонирхол бүхий гуравдагч этгээдтэй холбож өгөхөөр, хариуцагч С ХХК нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогын нийт үнийн дүнгээс 1.6 хувиар тооцож зуучлалын ажлын хөлсийг төлөхөөр тус тус тохиролцсон нь тогтоогджээ.

Талууд гэрээний дагуу борлуулсан орон сууцны тоо, хэмжээ, хугацааны талаар, түүнчлэн төлөх хөлсний нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчаас зуучлалын хөлс 9,629,776 төгрөг, маркетингийн зардал 387,660 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

4. Харин хариуцагч алдангийг гэрээ цуцлах өдөр хүртэл бус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцсон нь буруу гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрээр алдангид гаргуулахаар шийдвэрлэсэн 1,273,980 төгрөгөөс 410,275 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул энэ хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

Хариуцагч нь компанийн хяналтын багцыг гуравдагч этгээдэд худалдсан гэх үндэслэлээр гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 10, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд мэдэгджээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлд гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар зохицуулсан байх ба хариуцагчийн мэдэгдэлд дурдсан дээрх үндэслэл нь гэрээний 10.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байна. Гэрээний 10.2-т зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 10.1-д зааснаас бусад үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. Хариуцагчийн гэрээ цуцлах мэдэгдлийн хариуд нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр барагдуулах тухай 2022/001 дугаартай албан бичиг хүргүүлсэн байх ба уг албан бичигт ... зуучлуулагч гуравдагч этгээдэд хяналтын багцыг шилжүүлээгүй бөгөөд зуучлалын гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй ... талаар дурдаж зуучлалын хөлсийг шаардсанаас үзэхэд талууд гэрээ цуцлах талаар харилцан тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай болно. Иймд гэрээний 10.3.2-т заасан гэрээний талууд харилцан тохиролцсон нөхцөл бий болсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч төлбөр барагдуулах тухай дээрх албан бичгийг хүргүүлсэн өдрөөр гэрээ дуусгавар болсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Энэ талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг анхан шатны шүүх хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

5. Ийнхүү алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр тогтоож, нэхэмжлэгч алдангид 1,273,980 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/03544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.БЯМБАСҮРЭН