Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0382/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А овогт М.Э-т  холбогдох эрүүгийн 1818005280443 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овогт М.Э /РД: /, Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө, мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Б.У-тэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны булчин, зүүн тохойн зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...М.Э намайг хаагуур явсан юм бэ? гээд миний хоолойг гараараа боож өргөөд орны толгой руу шидсэн. Би орны толгой мөргөж унахдаа толгойгоо орны толгойд цохиод толгой хагараад цус гарсан. Өглөө нь буюу 2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 7 цагт босоход Э гараад явсан байсан. Би 14 цагийн орчим найзтайгаа утсаар ярихдаа “Э намайг хамаатан, садан найз нөхөдтэй чинь хамт бөөд хэлж хараалгуулна” гэнэ гэж яриад инээж байгаад хаалгаа онгойлгоод гарах гэсэн чинь хаалганы цаана М.Э зогсож байсан. М.Э шууд миний утас, түлхүүрийг булааж аваад хаалга дотроос нь түгжсэн. Тэгээд намайг үстэж газар унагаагаад миний нүүр лүү алгадаад, хөлөөс бариад газар чирсэн. Тэгэхэд урд шөнө нь шалбарсан байсан толгойноос цус гараад шалан дээр цус болсон. Өмнө нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр намайг зодож байсан гэх  хохирогч Б.У-ийн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Манай аав ээжийг зоддог. Миний хажууд бол хэд хэдэн удаа зодож байсан. Мөн намайг унтсаны дараа ч гэсэн зоддог байх гэх насанд хүрээгүй гэрч Э.А-ийн  мэдүүлэг /хх-ийн 14/

- 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай эгч Б.У миний гар утас руу залгаад М.Э намайг урд шөнө орны толгой мөргүүлээд толгойноос цус гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийгээ нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт биеийг нь үзүүлэхэд миний харснаар толгой нь хагарсан, хүзүү нь хумсны оромтой байсан юм  гэх гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...Б.У-ийг би өдөр хэнтэй хаагуур явсан юм, хүүхдийн хадгаламжийн мөнгийг яах гэж авсан юм гэж хэрүүл хийж байгаад Б.У-ийг түлхээд унагаасан. Б.У унахдаа орны толгой мөргөөд унасан. ...Маргааш өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд Б.У гэрээс гарах гэж байсан. Тэгэхээр нь би утас түлхүүрийг нь булааж аваад Б.У-ийг гэрт оруулаад чи намайг дахиад цагдаад барьж өгөөд үзээрэй, чи миний хоёр хүүхдийг өнчрүүлж байж санаа чинь амрах гээд байна уу гэж хэлээд алгадаж унагаагаад нүүр рүү нь 2-3 удаа алгадсан... гэх шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/,   

- Б.У-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны булчин, зүүн тохойнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 689 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/,

 - Б.У-ийн зулай дагзны хэсгийн 1 см язарсан шархтай. Зүүн чамархай хөндүүр эмзэглэлтэй. Дээд уруул зүүн талдаа хавдаж хөхөрсөн. Хүзүү цээжний урд, ар хэсэгт улайсан боолтын оромтой гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч н.Энхбаатарын тодорхойлолт /хх-ийн 22/,

- Б.У нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчид үзүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 23/

- Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлтийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Эрхэмзаяагийн 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10:10 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 6 оноо буюу бага түвшинд тогтоогдсон” гэх үнэлгээ /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Э, хохирогч Б.У нар нь 2009 оноос хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон насанд хүрээгүй гэрч Э.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Б.У-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны булчин, зүүн тохойнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.430.000 төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.У-ийн бичсэн “...М.Э бид 2 эвлэрсэн...” гэх баталгаа /хх-ийн 61/, “...М.Э нь 1.430.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн... гэх хүсэлт /хх-ийн 63/, шүүгдэгч М.Э-ын Хаан банк дахь 5127028596 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-65/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч М.Э нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч М.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, .......... багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2378 дугаартай албан бичиг /хх-ийн 34/ зэргээр нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурор 500 тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Э нь “............” ХХК-д ажилд ороод удаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.У-ийн “...Энэ хугацаанд М.Э нь “..........” ХХК-д ажилд орж, тогтвортой ажиллахаар болж байгаа...” гэх өргөдөл /хх-ийн 61/-өөр тогтоогдож байх бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт М.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР