Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2023/00001

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18-ны өдөр            226/МА2023/0001                                    Хэрлэн сум

 

 

 

 

Ш.Э-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.О-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2023/00001

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/,    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00514 дүгээр шийдвэртэй Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О-т холбогдох, “12.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан “№1708 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   

Нэхэмжлэгч Ш.Э-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.О-тай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож С4110Т57А загварын тракторыг 28.000.000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 20.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 8.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа 3.000.000 төгрөгийг, 15 хоногийн дараа 2.000.000 төгрөгийг, үлдэгдэл 3.000.000 төгрөгт тухайн үеийн ханшаар өвс өгөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй ба хариуцагч нь утсаа авахгүй, холбоо барихгүй, таг чиг болж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэгт 8.000.000 төгрөг, мөн хуулийн 232.6, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.        

                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ш.Э-нь хариуцагч Ц.О-тай 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож С410Т58 загварын тракторыг 28 сая төгрөгөөр худалдсан байдаг. Тухайн үед хариуцагч Ц.О- нь 19.900.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 8.000.000 төгрөг дээр хариуцагч Ц.О- нь  7 хоногийн дараа 3.000.000 төгрөгийг, 3 хоногийн дараа 2.000.000 төгрөгийг, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг малын өвсөөр тооцож өгье хэмээн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэлийг бүрэн хангасан, нотариатаар баталгаажуулсан тул үнийн тал дээр талууд маргаангүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн үнийн дүн 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа мөнгө зээлсэн байдлаар гаргасан байсан боловч сөрөг нэхэмжлэл гаргасны дараа тракторын асуудал яригдаж эхэлсэн. Тракторыг худалдах, худалдах худалдан авах гэрээ байгуулан 20.000.000 худалдаж авсан нь үнэн, энэ тал дээр маргадаггүй. Тухайн тракторыг худалдан авахад эд ангийн доголдолтой байсан гэдэг. Тухайн үед эд ангийн доголдолтой байна гэж хэлсэн боловч буцаах боломжгүй, хил гааль дээр энэхүү эд ангиуд нь ирж байгаа 14 хоногийн дараа өгнө та сэлбэгээ авахдаа 8.000.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн боловч одоо болтол уг сэлбэгийг өгөөгүй байгаа. Зээлийн гэрээ нь худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ байна. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Ш.Э, Ц.О- нарын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохиролцсон мөнгөө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ. Гэтэл зээлдүүлэгч Ш.Э-нь зээлдэгч Ц.О-ын  Хаан банкны 5941005333 тоот дансанд зээлдүүлж буй 8.000.000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхээр зээлийн гэрээ хийсэн боловч тухайн 8.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээлдэгч Ц.О-ын Хаан банкны 5941005333 тоот дансанд шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Ц.О- нь 8.000.000 төгрөгийг Ш.Э-с хүлээж аваагүй байх тул Ц.О-д Ш.Э-ын өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй. Мөн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1708 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул 1708 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь өөрийн танил дүү болох М.Г-ний нэр дээр 2021 оны 8 дугаар сард БНХАУ-д үйлдвэрлэсэн тракторыг оруулан ирж Ц.О-т 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг. Ц.О- тухайн үед надад 19,900,000 төгрөг байна үүнийг шилжүүлье гээд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр трактор 904 гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулъя гэсэн саналыг өөрөө тавьж 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр зээлийн гэрээ байгуулж, 7 хоногийн дараа 3,000,000 төгрөг, 15 хоногийн дотор 2,000,000 төгрөг, үлдэгдэл 3,000,000 төгрөгт тухайн үеийн ханшаар өвс өгнө гэж зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинж бүхий гэрээг байгуулсан байна. Тэгээд үлдэгдэл 8,000,000 төгрөг дээрээ дээрх зээлийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд трактороо өөрөө авч яваад өдийг хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд харин үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөг дээр Ц.О- нь төлбөрийн боломжгүй байна зээлээр авъя гэдэг саналыг тавьж уг зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэдэг хуулийн зарчимтай зөрчилдөөгүй бөгөөд Ц.О- нь нэхэмжлэгчээс авсан трактороо өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаагаас харж болно. Хариуцагч Ц.О- нь өөрөө нэхэмжлэгчид санал тавьж нотариатаар баталгаажуулж хийсэн гэрээгээ үгүйсгэж мөнгө аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд гэрээний зүйл нь заавал мөнгө биш төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс, хөрөнгө ч байж болох бөгөөд бодитойгоор өгсөн авсан зүйлийг нотариатаар гэрчилсэн нь хуулийн хэлбэрийн шаардлага зөрчөөгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/000514 дугаартай шийдвэрээр: “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О холбогдох 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч талын гаргасан 2021 оны 8 дугаар срын 21-ний өдрийн 1708 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б миний бие шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17008 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж, зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч, холбогдох гэрчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс шүүх хуралдаанд оролцуулж, гэрчийн мэдүүлгээр нотлох ажиллагааг хийлгэсэн. Гэтэл шүүхээс талууд гэрээний үнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь ямар учраас 8.000.000 төгрөгийн гэрээний үүрэг үүссэн болон нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хэрэгт авагдсан талаар талуудын гаргаж буй тайлбарт дүгнэлт хийгээгүй, зөвхөн өмнөх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд анхаарсан нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Учир нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17008 дугаартай 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хэрэгт авагдсан, гэрч М.Г-ний мэдүүлгээр “...нэхэмжлэгч анхны худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдан авагч Ц.О-тай 28.000.000 төгрөг гэж тохиролцсон ба 20.000.000 төгрөг авсантай маргахгүй, үлдэгдэл 8.000.000 төгрөгийн үүрэг үлдсэн тул зээлийн гэрээ байгуулагдсан...” гэж бичгийн нотлох баримтын үйл явдлыг гэрчилсээр байтал энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж, үүрэг бодитой үүссэн хүчин төгөлдөр гэрээ хэлцлийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийж чадаагүйтэй шууд холбоотой юм. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд анх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдгийг зөв тогтоосон боловч үлдэгдэл төлбөр дээрээ 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17008 дугаартай зээлийн гэрээ нэртэй зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинж бүхий гэрээ байгуулсан нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар хүсэлт зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэдэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулж Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ учраас хэсэгчлэн төлөх үүргийг тус гэрээндээ тусгасан ба өмчлөлийг уг үүрэг дуусгавар болсноор шилжүүлж авах эрх үүснэ гэж тодорхой тайлбарласан.  

Төлбөрөө бүрэн төлсөн худалдан авагч төлбөрийн үлдэгдэлгүй бол өмчлөлөө  шилжүүлэн авахад саадгүй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь чухал юм. Эд хөрөнгийн доголдол бол худалдан авагчид бус худалдагчид холбогдох тусдаа бие даасан шаардлага байхад энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийлгүй, харин эд хөрөнгийн доголдолтой нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна гэж тайлбарласан нь хэрэгт ач холбогдолгүй өөр шаардлагын талаарх үйл баримтыг дүгнэж шийдвэрээ гаргасныг илтгэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...зээлийн гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй илүү нийцэж байна. Учир нь холимог төрлийн гэрээ тул үнийг чимээгүй хүлээн зөвшөөрөх замаар тохиролцож төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр заасан байна.  Уг үүргийн эцсийн үр дагаварт худалдан авагч өмчлөлөө саадгүй шилжүүлж авах эрх үүснэ, уг эрхийг худалдан авч эдэлж чадахгүй байгаа баталгаа нь одоо ч өмчлөлөө шилжүүлж аваагүй өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байна...” гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасаар байтал энэ талаар дүгнэх бус зээлийн гэрээний шинжээр дүгнэсэн нь гол ач холбогдол бүхий гэрээ хэлцлийн талаар эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйтэй холбоотой юм.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00514 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17008 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 8.000.000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Э-нь зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, бүгд 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан, харин  хариуцагч тал Ш.Э-нь Ц.О-т 8.000.000 төгрөг шилжүүлээгүй,  Ш.Э-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй тул №1708 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Зохигчдын тайлбараар Ш.Э, Ц.О- нарын хооронд трактор худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, Ц.О- тракторыг өөртөө шилжүүлэн авсан, төлбөрт 20.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин тракторыг худалдахаар тохирсон үнийн дүн болон 2021-08-21-ны өдрийн №1708 дугаартай зээлийн гэрээний талаар маргажээ.

 

  • Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “хүлээн авагч/импортлогч хэсэгт “...ПД83102674 дугаарын регистртэй, М.Ч-гийн барааны нэр төрөл-трактор дугуйт...” гэсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-59/,  “Би Хятад Улсын Бээжин хотоос машины тоног төхөөрөмж оруулж ирдэг. Трактор миний нэр дээр хилээр орж ирсэн, миний нэр дээр байдаг. Надад тракторын гаалийн бичиг байгаа, гэрчилгээ аваагүй...” гэж М.Г-ны анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 80,82/  хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

 

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээний шинжийг тодорхойлсоноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх байдлаас дүгнэхэд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн аливаа этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах, мэдүүлэх, шаардах эрх хуулиар үүсэх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ш.Э-ын эрх ашиг хэрхэн зөрчигдсөн, тэрээр М.Г-ны нэрийн өмнөөс яагаад нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Ш.Э-нь М.Г-ны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш,  хуулиар түүнд шаардах эрх үүсээгүй байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн  баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг  Ш.Э нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш  гэж агуулгын хувьд өөрчилж, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдлийг зөв байна гэж үзлээ.  

 

  • Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

            Анхан шатны шүүх талуудын хооронд №1708 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан боловч мөнгө зээлэх зорилгоор гэрээг байгуулаагүй гэж  зохигчдын хэн аль нь тайлбарласан, гэрээний үндсэн дээр бодит үйлдлээр зээлдэгчид мөнгө буюу 8.000.000 төгрөг шилжээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

             Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар  өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус  хэлцэлд хамаарах тул  2021 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн №1708 дугаартай зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус учир хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй,  шийдвэр зөв байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, гэрээ хэлцэлд ач холбогдол бүхий дүгнэлт хийгээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156/ШШ2022/00514 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ГАНЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                                    Б.ДЭНСМАА

                                                                                            Г.БОЛОРМАА