Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0381/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Х-д холбогдох эрүүгийн 1818006400406 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д.Х /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүйгээр хашаандаа орхиж явсны улмаас 2018 оны 8 дугаар сарын 07-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 7 дугаар гудамжинд 4 настай Р.Ө нь Д.Х-гийн эзэмшлийн 2 нохойд хазуулж эрүүл мэндэд нь баруун хонгоны шарх, зүүн хонго, баруун хонго, баруун хөлийн гуя, шилбэний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Х-гийн өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу яваад уг асуудлыг мэдээд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр буцаж ирсэн. 2 нохойгоо хүзүүвч нь нарийн уяатай гинжээр уяад явсан боловч уяа нь сулраад алдуурсан байна. Хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р-гийн өгсөн: Манай хүүхэд 1 дүгээр сургуулийн талбайд тоглохоор явж байгаад нохойд хазуулсан. Ахынхаа 5 дугаар ангийн хүүхдэд хүүхдээ даатгаад ажилдаа явсан. Хүүхэд маань маш их сорвитой болсон. Манай хүүхэд одоо нохой харахаар маш их айж уйлдаг. Цаашид эмчилгээний зардалд 1 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй хохирогч Р.Ө-ын өгсөн: Намайг сургуулийн талбай руу тоглохоор ганцаараа явж байхад 2 нохой гарч ирээд миний хөл, бөгснөөс хазаад намайг сэгсэрсэн. Хүн гарч ирээд намайг нохойноос салгаж аваад гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч Д.Б-ын өгсөн: Би гэртээ байж байтал 19:40 цагийн үед хойд гудамжинд жаахан хүүхэд орилох шиг болсон. Намайг гэрээс гараад харахад хар өнгийн, 4 нүдтэй, жижгэвтэр биетэй болон боровтор өнгийн, жижгэвтэр биетэй 2 нохой Майхантын 8-115 тоотод амьдардаг хүүхдийг 2 хөлөөс нь зуучихсан ертөнцийн зүгээр урд зүг рүү буюу Майхантын 7-107 тоотын чиглэлд чирч явж байсан. Тэгээд би нөгөө 2 нохойг орилж хөөгөөд хүүхдийг гэрт нь хүргэж өгсөн. Тэр 2 нохой Д.Х гэх эмээгийн нохой байсан. Д.Х нь гэртээ байхаасаа байхгүй нь их бөгөөд гэртээ байх үедээ нохойгоо уяад, байхгүй үедээ нохойгоо сул тавьчихдаг гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч Ө.О-ын өгсөн: Манай багийн нутаг дэвсгэрт хашаандаа нохой тэжээдэг 600 гаруй өрхийн бүртгэл судалгаа байдаг. Д.Х нь бүртгүүлсэн бол энэ талаар бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Дархан-Уул аймгийн ИТХ-аас нохой, муур тэжээх журам баталсан байдаг ба уг журамд нохойг хэдэн цагаас хэдэн цагийн хооронд уяатай байлгах, мөн хашаанаасаа гаргахгүй байлгах зэрэг асуудлыг журамласан байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч А.Н-ийн өгсөн: ...гадаа нэг хүн Н эгчээ гэж дуудахаар нь гараад харахад Т гэх залуу Р.Ө-ыг тэвэрчихсэн зогсож байсан. Юу болсон талаар асуухад Р.Ө-ыг нохойд хазуулчихлаа гэж хэлсэн. Хүүгийн өмдийг тайлаад харахад бөгс, хөлийг нь нэлээн их талбайг хамарч хазсан байсан. Ээж К.Р-г дуудаад эмнэлэгт хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч Д.Ү-ын өгсөн: ...Миний мэдэхээр Д.Х-гийнх 3 нохой тэжээдэг. Д.Х-гийнх эзэнгүй байхад нохойнууд нь сул байж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Г.А-ийн өгсөн: ...Д.Х 2 зээгийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд нь амрахаар 2 зээгээ аваад Улаанбаатар хот руу олон хоногоор явдаг. Тэр үед нь 3 нохой нь уяагүй сул байж байдаг гэх  мэдүүлэг /хх-ийн 41-42/,

“Хэрэг олсон гэх газар нь Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Майхантын 7 дугаар гудамжны ертөнцийн зүгээр урд талд 107 гэсэн тэмдэглэгээтэй, ногоон өнгийн хашаа байв. Хашаан дотор халтар цайвар, халтар шаргал зүсмийн нохойнуудын зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газраас боловсруулсан “Нохой, муур тэжээх журам” /хх-ийн 10/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нохойтой өрхийн судалгаа /хх-ийн 11-15/,

Насанд хүрээгүй хохирогч Р.Ө нь нохойд хазуулах үедээ 4 нас 7 сар 21 хоногтой байсан гэх түүний насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээ /хх-ийн 16-17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 854 дугаартай “Р.Ө-ын биед баруун хонгоны шарх, зүүн хонго, баруун хонго, баруун хөлийн гуя, шилбэний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Р.Ө-ын биед учирсан шарх, зулгаралт нь бүсэлхийнээс доош их талбайг хамарсан байх ба цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/,

Р.Өын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 4881 дугаартай өвчний түүх /хх-ийн 47-53/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Х-гийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн эзэмшлийн 2 нохойг зохих хамгаалалтгүй байлгасан үйлдэл нь 4 настай Р.Өын эрүүл мэндэд  учирсан хүндэвтэр хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Р.Ө-ын биед баруун хонгоны шарх, зүүн хонго, баруун хонго, баруун хөлийн гуя, шилбэний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р нь хохирогчийн цаашдын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р-гийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р-гийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нохойд хазуулсны улмаас насанд хүрээгүй хохирогч Р.Ө-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс шаардах иргэний нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдох ба хохирол төлбөрт 500.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Д.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х нь сар бүр 299.380 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн түүний 0004413 дугаартай тэтгэврийн дэвтрээр нотлогдох бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Х-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Х-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Р-гийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР