Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/287

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818005700326 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, - , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, -, урьд: 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, О.М- .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч О.М- нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Баяр супермаркетын гадна зогсоол дээр байсан*******улсын дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгслийн цонхоор иргэн М.А- эзэмшлийн LG Q6 загварын гар утсыг хулгайлж, 740,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М- нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэр, Баяр супермаркетын гадна зогсоол дээр байсан ******* улсын дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон цонхоор иргэн М.А- эзэмшлийн LG Q6 загварын гар утсыг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын Өргөө баг, Баяр супермаркетын урд байрлах авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай машинаа зогсоогоод эхнэр, ач хүү ******* нарын хамт ороод удалгүй гараад ирэхэд миний машины цонх онгорхой арын суудал дээр байсан LG Q6 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүрээс гараад машиндаа очтол машины арын суудал дээр байсан LG Q6 маркийн гар утас алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

“Капитал зууч” ХХК-ийн “LG Q6 маркийн гар утас 740,000 төгрөг- гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30/

Шүүгдэгч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...урд талын зогсоол дээр хардуу өнгийн автомашины арын хаалганы шил онгорхой, дотор нь хүнгүй тээврийн хэрэгсэл зогсож байсан. Очоод харахад цонхоор арын суудал дээр гар утас байгаа харагдсан. Тэгээд хаалгыг нь татахад хаалга нь онгорхой байсан бөгөөд арын суудал дээрээс саарал өнгийн гадартай гар утсыг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд О.М-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.

Шүүгдэгч гэм буруу, хохирлын хэмжээ, зүйлчлэлийн талаар маргаагүй, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч М.А- нь мөрдөн байцаалтын шатанд утсаа хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

О.М-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Прокурор 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх боловч шүүх тэнсэх хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.М-  бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан О.М-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2.5, 4 дэх хэсэгт зааснаар О.М-ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч О.М-аас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД