Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батжаргал,

шүүгдэгч А.Д түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Б овогт А-гийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004200215 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1982 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт .................... дүүргийн ...... дугаар хороо ...................... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд  Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгнай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт А-гийн Д.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Д нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг метамфетамины агуулж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд иргэн Б.Б-тай маргалдан хутгалж түүний биед баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би намайг хар тамхи хадгалсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хар тамхи хадгалсан зүйл байхгүй. Миний байсан зочид буудлын өрөөнд Ууганбаярын С- гэх охин гуурс, соруул гэх зэргийг авч ирсэн. Би түүнийг эмэгтэй хүн бас өөр хэрэгт холбогдсон болохоор нь өрөвдөөд тухайн хар тамхийг минийх гэж хэлсэн. Би тэр зочид буудалд хар тамхи авч ороогүй. Гуурс, соруул, хар тамхи зэргийг С- авч орж ирсэн” гэв.

 

Шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч А.Д нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг метамфетамины агуулж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “SKA” гэсэн зочид буудал байх ба ... 813 тоот хаягтай хаалга байх ба уг хаалгаар ороход 1 ортой өрөө байв. ... ширээний тавцаны дээд хэсэгт 1,7х3 см хэмжээтэй гялгар уутны дотор мөс мэт тунгалаг өнгийн бодис хийсэн байсныг жинлэхэд 0.11 грамм жинтэй байх ба Trunarc багаж ашиглан шалгахад “methamphetamine”-ны агууламжтай гэж хариу гарсныг №18 гэж хаяглан шинжээч томилохоор хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-10 дугаар хуудас/

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын ресепшн ажилтай Д.Шийрэвдоржийн гэрчээр өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагт би ресепшн Цолмонгэрэлээс ээлжээ хүлээн авч хэдэн өрөө хүнтэй байгаа талаар мэдээллийг авахад 813 тоот өрөөнд Д- гэх эрэгтэй ганцаараа өмнөх өдөр буюу 23-ны орой 20 цаг 15 минутын үед орсон ба намайг ээлжээ хүлээн авах үед ахин нэг хоногоор сунгасан байсан. ... 21-22 цагийн үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирэх үед 813 тоот өрөөнд байсан эмэгтэй гадуур хувцасгүй гарч үүдэнд тухайн цагдаа нартай таарч түүний байрлаж байгаа өрөөг асууж хамт орсон. Түүний дараа цагдаагийн байгууллагаас тухайн өрөөнд хэргийн газрын үзлэг хийж манай үйчлэгч Байгалмаа эгч бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж эд зүйл хураан авсан. ... Д- гэх хүн нь 8 давхарын 813 тоот нэг өргөн ортой люкс 62.000 төгрөгийн үнэтэй өрөөнд орсон, хоёр өдрийн төлбөрөө өдөр, өдөрт нь бэлнээр өөрөө төлсөн. ... Д- ЧМ82082313 регистрийн дугаараар бүртгэж оруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 15-16 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс №10115 дугаатай дүгнэлтээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ны агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон 1.7х3 см хэмжээтэй гялгар уутны хамт 0.11 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис, 15 см-ийн  урттай хуванцар гуурс, амыг нь тайрсан тарианы шил зэргийг хэргийн газрын үзлэгээр хураагдсан толгойг нь эвдэж зассан цэнхэр өнгийн асаагуур, 4 ширхэг тарианы уусмал зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол. /хэргийн 25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9991 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 15 см-ийн урттай хуванцар гуурс, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил мэт зүйл, 18 гэж дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйл 0.6966 граммыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 15 см-ийн урттай хуванцар гуурс, дотроо цайван өнгийн зүйлээр бохирлогдсон амыг нь тайрсан тарианы шил мэт зүйл, 18 гэж дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

3.Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 35-36 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9995 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Д- 2018.09.25” гэж хаягласан шээс, “2018.09.24 2355 Ууганбаярын С- /УШ92042501/” гэж хаягласан шээс бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн  “Д- 2018.09.025” гэж хаягласан шээс, “2018.09.24 2355  Ууганбаярын С- /УШ92042501/” гэж хаягласан шээс бүрт метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-40 дүгээр хуудас/

А.Дгийн сэжигтнээр өгсөн “... 24-ний өдөр болсон ба би өглөө буудлаасаа гараад зүс таних нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзаж 0.2 грамм жинтэй мөс гэх мансууруулах бодис авч буудалдаа эргэж орсон. Ингээд буудалд байх үедээ С- надтай уулзаж мөнгө авахаар ирэхээр нь би өөрт байсан мөс гэх бодисоо гаргаж ирээд хамт  хэрэглэж эхлээд цагдаагийн байгууллагад баригдсан. Буудлын өрөөний ширээн дээр байсан гялгар ууттай мөс нь миний хүнээс авсан мөс байгаа юмаа. С- энэ хэрэгт ямар нэгэн холбоо байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48 дугаар хуудас/

А.Дгийн яллагдагчаар өгсөн “... Би буудлын өрөөнд мөс гэх нэршилтэй хар тамхи мансууруулах бодисыг хадгалсан хэрэглэсэн нь үнэн. Энэ хэргээ хурдан шуурхай шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт хамаардаг тул нийгмийн хор аюулын хувьд их юм.

Шүүгдэгч А.Д нь өөрийн хууль бус үйлдэл хийж байгааг ойлгож ухамсарласан, өөрөө тухайн үйлдлийг хүсэж хийсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Шүүгдэгч А.Д нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чикаго бааранд иргэн Б.Б-тай маргалдан хутгалж түүний биед баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэсгэрт Баянбүрдийн тойргийн зүүн урд талд Чикаго нэртэй баар байна. ... Хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрүүлэхээр ажиллахад “текний баруун урд талд хэсэг газар улаан хүрэн өнгийн зүйл болсон” байх бөгөөд баарны зохион байгуулагч нь “уг газарт хутгалуулсан хүн салфетка байна уу гээд суугаад байсан тэгэхдээ цус мэт зүйл болгосон байх” гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 123-125 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар “нэг ширхэг хутга”-ыг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 129 дүгээр хуудас/

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 02 цаг өнгөрч байхад Банзрагч, Билгүүн, Энхсайхан нартай бүжгийн талбай дээр бүжиглэж байхад би ард талд байсан нэг залуутай бүжиглэх явцдаа бага зэрэг шүргэлцсэн. Тэгэхээр нь  эргэж хараад уучлаарай гэх гээд харсан чинь цаашаа харсан байхаар нь за за гээд эргээд нөгөө тийшээ хараад бүжиглэж байгаад хажуу тийшээ харах үед түрүүний бөгсөөрөө шүргэлцсэн залуу хажуу талд хальт суух шиг болоод биед хүрсэн. ... гараараа үзсэн чинь баруун талын гуянаас  цус гарч байсан. Тэгэхээр нь мэдээд хажууд байсан Банзрагчид цус  гараад байна хутгалуулчихсан юм шиг байна гээд нойлын өрөө хамт  орсон. Би нойлын өрөөнд ороод харахад баруун талын гуя хутгалуулчихсан байсан бөгөөд үүнийг харсан Банзрагч цагдаа дуудна гээд гараад явсан. Би нойлд байж байгаад хутгалуулсан гэдгээ мэдээд тамхи татах санаатай баарны үүд рүү гарсан чинь намайг түрүүн хутгалдаг халзан залуу ... дахин намайг хутгалах гэж оролдоод толгой руу ар дагз хэсэгт зүсчихсэн. Би толгойгоо зүсүүлчихлээ гэж бодоод л эргээд харсан чинь араас зүүн талын гар руу дахиад хутгаараа чичиж хутгалсан. Тэгэхээр нь шууд зугтааж баарны хаалга руу ороод суусан. ... Намайг хутгалсан халзан залуу цагдаагийн газарт баригдсан байна лээ тэр залуу намайг хутгалсан юм. ... Баруун талын гуя, зүүн талын гарын булчин, толгойн ар дагзандаа оёдол тавиулаад байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 133 дугаар хуудас/

“Миний бие А.Дтэй уулзаж учир зүйгээ олсон. Надад учирсан хохирлыг барагдуулж, буруугаа хүлээсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 134 дүгээр хуудас/

Гэрч Б.Банзрагчийн “ ... Хөгшиндүү ах Ганболд, Билгүүн нартай муудалцаж байж байсан. Тэр хөгшин хүнд би найзыгаа аваад явна чи зүгээр бай гэхэд би зүгээр хутгалчихдаг хүн шүү миний дүү гэж хэлсэн. ... Би Балжиннямтай зогсож байсан чинь Балжинням надад хандан би цахилгаан бороохойгоор цохиулсан гээд гараа харуулах үед гар нь цус болсон байхаар нь хоёулаа нойл ороодхоё гэж хэлээд дагуулж ороод өмдийг нь тайлаад харсан чинь баруун талын гуян дээрээ хутгалуулчихсан байхаар нь чи наанаа байж бай гээд баарнаас гарч цагдаа дуудсан. Би гадаа цагдаа дуудчихаад эмнэлэг дуудаад зогсож байхад ... цээж хэсгээрээ шивээстэй, халзан залуу гартаа жижиг 10 орчим см урттай хутга барьчихсан зогсож байсан. ... Эмнэлэг ирсэний дараа Балжиннямыг үзүүлээд боолгох үед зүүн тал булчин, толгойны ар хэсэгт хутгалуулсан шарх бий болсон байсан. Миний бодож байгаагаар сүүлд нэмээд хутгалчихсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 135 дугаар хуудас/

Гэрч Ц.Мөнхбаярын “...Балжинням, Банзрагч бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Банзрагч, Балжинням хоёр 00 өрөө рүү явахаар нь би хойноос нь 00 өрөө рүү ортол Банзрагч Балжиннямын өмдийг тайлаад хартал Балжиннямын баруун гуянаас цус гарч байсан. Би буцаад бүжгийн талбай дээр хүмүүс бүжиглэж байсан. ... Нэг нь халзан толгойтой, хоёр гарандаа шивээстэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 141 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8371 дугаартай:

“1. Б.Б-ын биед баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн  шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 149 дүгээр хуудас/

А.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би бүжгийн талбайд эхлээд Балжиннямыг хутгаараа баруун ташаа орчим нь хальт хатгасан. Тэгээд гадаа гарсан хойноо дахиад хүзүү болон зүүн дал хавьд нь хэд хэдэн удаа хальт хатгасан. Түүнээс би хутгаар тэр хүнийг дүрсэн зүйл бол байхгүй. Тухайн гэмтлүүдийг учруулсан нь үнэн. Би Б.Б-ын хохирлыг барагдуулж уучлалт гуйн, сайн дураар эвлэрсэн. Бид хоорондоо учраа олсон. Одоо хэргийн талаар болон хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 164 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.    

Иймд шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Б-ыг хутгалж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ойлгож ухамсарласан, өөрөө тухайн үйлдлийг хүсэж хийсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цуглуулсан дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн нотолж байх тул хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах явцад “Миний бие А.Дтэй уулзаж учир зүйгээ олсон. Надад учирсан хохирлыг барагдуулж, буруугаа хүлээсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 134 дүгээр хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.Дгээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би намайг хар тамхи хадгалсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хар тамхи хадгалсан зүйл байхгүй. Миний байсан зочид буудлын өрөөнд Ууганбаярын С- гэх охин гуурс, соруул гэх зэргийг авч ирсэн. Би түүнийг эмэгтэй хүн бас өөр хэрэгт холбогдсон болохоор нь өрөвдөөд тухайн хар тамхийг минийх гэж хэлсэн. Би тэр зочид буудалд хар тамхи авч ороогүй. Гуурс, соруул, хар тамхи зэргийг С- авч орж ирсэн” гэв.

Шүүгдэгч А.Д нь сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан нь тухайн зочид буудлын 813 тоот өрөөнд А.Д нь байрлаж байсан болохыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг, түүний байрлаж байсан өрөөнөөс хэргийн газрын үзлэгээр хурааж авсан сэтгэцэд нөлөөт бодис, хурааж авсан бодисоос сэтгэцэд нөлөөт “метамфетамин”-ны агууламж илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт, уг бодисыг А.Д нь хэрэглэсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “Мансууруулах бодисыг Д- хадгалаагүй ба түүний байрлаж байсан зочид буудлын өрөөнд С- гаднаас авчирсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүллээ. Хэрвээ С- тухайн мансууруулах бодисыг Д-гийн байрлаж байсан зочид буудлын өрөөнд авч орсон бол Д- хадгалсан байх боломжгүй юм. Д-гийн тухайн үед зочид буудлаас гарсан эсэхийг буудлын ресепшнгээс мэдүүлэг авах, камерын бичлэгийг шалгах боломжтой. Мөн Д- нь тухайн үед С- юм уу, өөр хэн нэгний дансанд мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох ёстой. С-гийн хувьд тухайн бодисыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худалдаалах зорилгогүй хадгалсан уу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдан борлуулах зорилготой хадгалсан уу гэдгийг тогтоох шаардлага гарна. Мөн тухайн үед С-, Д- нараас мэдүүлэг авах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Тиймээс энэ мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг нотлоход эргэлзээтэй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч А.Дгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд С- гэх хүнтэй  холбоотойгоор шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тул өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авах боломжгүй юм.

  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  гялгар уутны хамт 0.11 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис, 15 см-ийн урттай хуванцар гуурс, амыг нь тайрсан тарианы шил, цэнхэр өнгийн асаагуур, 4 ширхэг тарианы уусмал, 19.5 см урттай 8.5 см ажлын хэсэгтэй 2.5 см өргөнтэй улаан хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүх А.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний урьд ял шийтгэл эдэлж байсан хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногоор тогтоож уг ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Дд оногдуулсан 2 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  гялгар уутны хамт 0.11 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис, 15 см-ийн урттай хуванцар гуурс, амыг нь тайрсан тарианы шил, цэнхэр өнгийн асаагуур, 4 ширхэг тарианы уусмал, 19.5 см урттай 8.5 см ажлын хэсэгтэй 2.5 см өргөнтэй улаан хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. А.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. А.Д-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 48 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ