Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2016/ДШМ/011

 

С.Од  холбогдох 
эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09  дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, С.Од холбогдох эрүүгийн 201604000141 дугаартай хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А, шүүгдэгч С.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С, прокурор Т.С нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1972 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 45 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, **********регистрийн дугаартай, К овогт Сн О нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу аймгийн Хөгжимт драмын  театрын урд байрладаг хот хоорондын авто тээврийн зогсоолд С.О болон А.А нар хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, А.Аын зүй бус харьцааны улмаас С.О нь А.Аын бүсэлхийн зүүн хажуу талруу хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч К овогт Сн Оыг “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч С.Оы эзэмшлийн ***** улсын дугаартай, УАЗ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, хохирогч А.Аын цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, Галакси-эс 3 маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч С.Оаас 404794 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5641150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ. 

Хохирогч А.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу хохирогчийн нэхэмжлэлийн бодит болон олох ёстой байсан орлогын хохирлыг хэрэгсэхгүй болгосныг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага,  иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэх, хохирлын хэмжээ, түүнийг арилгах, арга, үндэслэл, нөхцөлийг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлсон журмыг баримтлах гэснийг тус тус шүүхээс анхаараагүй байна. 
Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд би өөрийн гэртээ очиж, тэндээ эмнэлгээр явсан. Миний Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот орсон онгоцны тийз эх хувиараа бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан. Би аль ч газрын эмнэлгээр үзүүлж харуулах нь миний эрхийн асуудал бөгөөд хэн нэгэн шүүгчийн шийддэг зүйл биш байх. 
2. А.А би эмчилгээний хугацаанд тээвэрт явах хуваарьт өдөр таарсан бөгөөд тухайн ажилдаа явж чадаагүй тул тэр хугацааны цалин хөлсийг авч чадаагүй. Би Баян-Өлгийгөөс Улаанбаатар, Улаанбаатараас Баян-Өлгий аймаг явах 2 удаагийн рейст бусдын хийсэн гэмт хэргийн улмаас явж чадаагүй. Иргэний хуульд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэмт хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. 
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргахаар заасан хэдий ч дээрх бодит хохирол, олох ёстой байсан орлого хоёрыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. 
3. Шүүхээс хохирогч, шинжээч нарын эд мөрийн баримтаар хураагдсан өмд, фудболк, галакси-3 маркийн ухаалаг гар утасны үнийн санал, дүгнэлт нь эрс өөр өөр байх тул гэсэн мөртлөө ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, дахин шинжээч томилох, үзлэг, туршилт, таньж олуулах зэрэг үнийн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байж  эд мөрийн баримтыг устгахаар даалгасан нь үйлдэл, дэс дарааллыг алдагдуулсан эсрэг зохицуулалттай шийдвэр болсон гэж үзэж байна. 
4. Шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсоор шаардлага хангуулж бүрдүүлсэн. 
Шүүхээс цугласан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй орхигдуулсан. 
Иймд бодит хохирол болох Баян-Өлгийгөөс Улаанбаатар хот орсон онгоцны тийз 329900 төгрөг, зорчигч тээвэрлэлтийн ажил хөдөлмөрийн үр дүнд тохирсон олох ёстой байсан орлого 5280000 төгрөг бүгд 5609900 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураагдсан өмд, фудболк, галакси-3 маркийн ухаалаг гар утасны үнийн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа явуулж, гарсан үнийн хохирлыг тус тус ялтан С.Оаас гаргуулан, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 
 
Өмгөөлөгч Я.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч С.Од холбогдох хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй. 
Хохирогч А.Аын давж заалдсан гомдлын гол үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн талаар дурджээ. Энэ нь эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүхэд холбогдолгүй асуудал гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэлт өгөх асуудал нь иргэний шүүхийн эрх хэмжээний асуудал. Анхан шатны шүүх улсын яллагчийн бодитой хохирол гэж  тогтоосон яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. 
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Аын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч С.О нь  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу аймгийн хөгжимт драмын  театрын урд байрладаг хот хоорондын авто тээврийн зогсоолд С.О болон А.А нар хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, А.Аын зүй бус харьцааны улмаас С.О нь А.Аын бүсэлхийн зүүн хажуу талруу хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К овогт Сн Оыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч С.Оаас 404794 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5641150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хохирлын баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч А.Аын “С.Оаас тийзний үнэ 329900 төгрөг, олох ёстой байсан орлого 5280000 төгрөг бүгд 5609900 төгрөг гаргуулан өгч, хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү.“ гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалбал: Анхан шатны шүүхээс онгоцны зардал 329900 төгрөгийн онгоцны тийз нь  нотлох баримтын шаардлага хангаагүй, автобусаар олох байсан орлого 5280000 төгрөгийн баримт автобусны хуваарь, Х банкны дансны хуулга зэрэг баримтаар олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй байна. Учир нь: Хохирогч А.А нь олох байсан орлого гэх 5280000 төгрөгийн орлогоо бусад нотлох баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэлээ. 

 Иймд хохирогчийн  давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ӨМИРБЕК


        ШҮҮГЧИД                    М.НЯМБАЯР


                                            Д.КӨБЕШ