Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 499

 

С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар магадлалтай, С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт холбогдох 1918007670587 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдол болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, байлдааны машины буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тасгийн захирагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт С.О,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-д ээлжийн монтёр ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Ц,

 

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид механик жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Г.Б,

 

4. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Дархан Нүүдэлчин” эмнэлэгт сувилагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Я.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр” шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.О, Б.Ц, Г.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3, 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Эрдэнэсувдад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б нар тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд болон шийтгэх тогтоол, магадлалд хохирогчоор тогтоогдсон хууль сахиулагчид албан үүргээ биелүүлэхдээ тухайн үед шүүгдэгч нарын хууль зөрчсөн яг ямар үйлдэлд, ямар шаардлагыг хэн, хэнд, ямар байдлаар тавьсныг нь хэн, хэн хэрхэн яаж шаардлага эсэргүүцсэн, ямар үндэслэлээр эрүүлжүүлэх байр руу хүргэх арга хэмжээ авсан, баарны дотор болж байгаа үйл явдал гэмт хэргийн шинжтэй байсан эсэх, аль эсвэл барны гадаа эрүүлжүүлэх байр руу хүргэнэ гэсэн шаардлага тавьсныг эсэргүүцсэн нь гэмт хэрэг гэж үзсэн эсэх ойлгомжгүй. Хууль сахиулагчид буюу хохирогч нар нь Цагдаагийн албаны тухай хууль, дүрэм, журмаа баримталж чадаагүй үйл баримт хэргээс харагддаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шаардлага тавих эрхтэй, тухайн шаардлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчөөгүй байх, Эрүүлжүүлэх журмыг зөрчөөгүй байх ёстой. Эрүүлжүүлэх ажиллагааны зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ болохоос хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон үйл ажиллагаа биш юм. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хууль хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч тус бүрийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй яллах дүгнэлт, тогтоол, магадлал нь ойлгомжгүй шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэсэн нь хангалттай тогтоогдоогүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч С.О, Б.Ц, Г.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг өөрчилж тус бүр 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх ба харин шүүгдэгч Я.Эрдэнэсувдад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 -д зааснаар ялаас чөлөөлсөн эсхүл тэнссэн алин болох нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна. Иймд магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл гаргав” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Я.Э, С.О, Г.Б, Б.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийг тусгаагүй, тодорхойгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдол, Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.О, Б.Ц, Г.Б, Я.Э нарыг нарыг бүлэглэн хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийг тус бүр 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан С.О, Б.Ц, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг өөрчилж, тус бүр 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх бөгөөд Я.Эрдэнэсувдад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн эсхүл тэнссэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй шийдвэрийг гаргажээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг нэрлэн заасан ба эдгээрийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчилдөг.

 

Давж заалдах шатны шүүхийн дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлүүдийн нэгт тооцогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгох талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь хууль сахиулагчид хууль, журмаа баримтлаагүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул тэдгээрийг цагаатгуулахыг хүссэн гомдлыг шат шатны шүүхүүдэд гарган маргасаар ирсэн байх боловч шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлчилгээний газрын ажилтнуудтай маргалдах явцад дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцэж, тэдний биед халдаж, хэл амаар доромжилсон зэрэг хууль бус үйлдлүүдийг хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 905, 906 дугаартай дүгнэлт, автомашины хойд гуперыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх, эдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал болно.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж С.О, Б.Ц, Г.Б нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт хэрэглэж, Я.Эрдэнэсувдад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн байдалд нийцсэн байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

       2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН