Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/Ма2019/0044

 

“Э Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлоор, “Э Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, -т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э Э Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”-ийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40 1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын холбогдох заалт. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналыг тус тус үндэслэн “Э Э Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж 12.1 дэх хориглолтын заалтыг аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулдаггүй гэж, 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.6-д “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно”, 2.6.1-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд", 2.6.2-д “нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд”, 2.9-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.9.1-д “мод бут огтлох”, 2.9.2-д “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах” гэж заалтын бүсэд хамаарч байхад. нэхэмжлэгчийн ашигладаг газар нь Туул голоос нэлээдгүй зайтай, зүүн болон хойд талаараа адилхан хороололтой гэж нотлох баримтыг буруу үнэлсэн, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны 323 дугаар мэдэгдлийг үнэлээгүй зэргээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй. хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

“Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Э Э Т” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 0.5 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ий өдрийн А/76 дугаар тушаалын холбогдох заалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл “Дархан цаазат газарт энэ хуулийн 1О,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1/-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 2/-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Э Э Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг дээрх хуульд заасны дагуу дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, маргаан бүхий актын үндэслэл болсон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн “...усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй” гэж үзсэн аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч “Э Э Т” ХХК ороогүй, мөн шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй байгалийн унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, “...нэхэмжлэгчийг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байхад нь хариуцагчаас байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий гэж хийсвэр дүгнэлт хийж маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэхгүй” гэж үзсэн нь зөв байна.

Харин хариуцагчаас “нэхэмжлэгч нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий актын үндэслэлээ нэмж тайлбарласан, анхан шатны шүүхээс уг үйл баримтад холбогдуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э Э Т” ХХК-ийг “Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон атлаа актад заагаагүй шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган маргаж буй нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх актын үндэслэлд дурдаагүй асуудалд дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгээс холбогдох хуулийн заалтыг хасах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 2-д заасныг баримтлах ёстой байтал хуулийн заалтыг орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0724 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э Э Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН