Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Баттулга,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Э.Б- түүний өмгөөлөгч Л.Амартогос

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Х овогт Э-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805030110843 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, охины хамт ......... дүүрэг ... дугаар хороо ...........гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн Б-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б Х” ХХК-ны Ай ти инженерээр ажиллаж байхдаа 6.175.000 төгрөгийн үнэ бүхий бараа болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ “Би тус компанид 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаандаа яллах дүгнэлтэд дурдагдсан эд зүйлийг хууль бусаар авсан. Одоо хохирогч талтай харилцан тохирч, гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хохирлоо хэсэгчлэн төлөхөөр болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-мэдүүлэхдээ “Би тус компанид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд орсон. Шүүгдэгч Б- нь надаас өмнө тус компанид ажилд орон ажиллаж байсан. Би ажилд орсоноосоо хойш тус компаний эд зүйлийг тоолж, бүртгэж эхэлсэн. Тухайн барааг өмнөх захирал Гэрэлтулга хүлээлгэж өгсөн байсан бөгөөд буцаан хүлээж авахдаа би Цэцэгдарь гэдэг няравын хамтаар дэлгүүрийн барааг тоолоход бараа дутсан болохыг олж илрүүлсэн. Тиймээс захирлууд болон нягтлан нярав нар хуралдаад Б-тэй харилцан тохиролцож, Б-д хохирлоо эргэн төлөх боломж олгосон боловч хохирол төлбөрөө төлөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хохирлын тухайд яллах дүгнэлтэд дурдагдсан 5 эд зүйлийг дутсан байснаас “Инста нано”, “Осма” тогтворжуулагч хоёрыг буцаан авсан. Бусад эд зүйлсийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний “Дрон “Spark Slfie” 1.567.500 төгрөг, дрон “Mavic pro” 2.660.000 төгрөг, тоглоом “Play station-4 slim” 950.000 төгрөг, камер “Intsta 360 nano3 522.500 төгрөг, ухаалагч тогтворжуулагч “Osmo mobile” 475.000 төгрөг”-өөр тус тус үнэлсэн  тайлан. /хэргийн 51-52 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунтуяагийн “Би Б Х ХХК-нд 2018 оны 02 дугаар сараас одоог хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг. Хэргийн талаар гэвэл манай компанид 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Ай ти инженерээр ажилд орсон Э.Б- гэдэг залуу Дижи ЭЛ дэлгүүрийн барааг хариуцан онлайнаар худалдаалдаг байсан ба компаний барааг хариуцан худалдаалж байх үедээ зарж байсан бараанаас 1.650.000 төгрөгний үнэ хүхий Spark Slfie дрон спарк дрон камерыг фэйсбүүк зар дээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тавьж зарсан. Дараа нь Ps4/slim загварын 950.000 төгрөгний үнэ бүхий тоглоомыг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк зарын групп дээр тавьж зарсан. Энэ  фэйсбүүк зар дээр тавьсан он, сар, өдрөөр нь авсан өдрийг нь би тогтоож байгаа. Бусад барааг хэзээ авсан өдрийг нь мэдэхгүй байна. Гэхдээ 2018 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд алга болсон.

“Intsta 360 nano3 550.500 төгрөгний үнэ бүхий селфи камер, “Osmo mobile” ухаалагч тогтворжуулагч 900.000 төгрөгийн үнэ бүхий селфиний гар зэргийг авч баригдаад Б- өөрөө 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр надад буцааж авч ирж өгсөн”

... Манай компани дээрх хохирлыг нөхөн төлүүлж хохирлоо барагдуулж авбал ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай компани Э.Б-гээс  Spark Slfie дрон спарк дрон 1 ширхэг, PS4/ slim загварын 950.000 төгрөгний үнэ бүхий тоглоом 1 ширхэг, Мавик про /Mavic pro/ загварын 2.800.000 төгрөгний үнэ бүхий нисдэг дрон 1 ширхэг эд зүйлийн үнэ болох 5.177.500 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63 дугаар хуудас/

Э.Б-гээс мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Миний бие ажилд орох зар харж байтал “Б Х” ХХК-нд “Ай ти” инженер ажилд авна гэсэн зар байхаар нь энэ зарын дагуу очиж тус компанид хүсэлт гарган, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж байгаад захирлын тушаал гарган ажилд орсон. Б Х ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд Хермес төвийн замын зүүн талд “Q” центр караоке паб гэсэн 4 давхар барилга байдаг, энэ нь зочид буудал караоке паб мөн 2 давхартаа оффис нь байдаг ба эндээ камер, машины албадан асаагч, дрон камер, аялалын хөргөгч, агааржуулагч зэрэг зүйлүүдийг зардаг борлуулдаг бөгөөд зарж байгаа энэ зүйлүүдийг би худалдан авагч нарт нь тайлбарлаж хэлж зардаг байсан.

Ингээд энэ компанид ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын дунд үеэр байх одоо өдрийг нь сайн санахгүй байна, би зарж байгаа бараанаас Spark slfie дрон спарк дрон 1.650.000 төгрөгний үнэ бүхий камерыг эхлэж хулгайлан аваад фэйсбүүк зараар орж байгаад 950.000 төгрөгөөр зарсан. Дараа нь Мавик про /Mavic pro/ загварын 2.800.000 төгрөгний үнэ бүхий нисдэг дрон хулгайлан авч мөн л фэйсбүүк дээр байдаг зарын групп дээр хаягаар нь зар тавьж байгаад 1.300.000 төгрөгөөр зарсан. Ps4/slim загварын 950.000 төгрөгний үнэ бүхий  тоглоомыг хулгайлан авч фэйсбүүкийн зарын групп дээр зар тавьж байгаад 600.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Э.Б-гийн үйлдэл нь дээрхи дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө ... завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас нийт 6.175.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд завшсан эд зүйлсээс “Intsta 360 nano3 522.500 төгрөг, ухаалагч тогтворжуулагч “Osmo mobile” 475.000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсийг шүүгдэгч нь “Блу Хоорс“ ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунтуяагийн “Intsta 360 nano3 селфи камер, “Osmo mobile” ухаалагч тогтворжуулагч селфиний гар зэргийг авч баригдаад Б- өөрөө 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр надад буцааж авч ирж өгсөн” мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх эд зүйлсийн үнэ нийт 5.177.500 төгрөгийг шүүгдэгч Э.Б-гээс гаргуулж хохирогч байгууллага болох “Блу Хоорс” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

  

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын тодорхой хэсгийг буцаан төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас гаргасан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хөнгөрүүлж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө ... завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 500 цаг нийтэд тустаж ажил  хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Э.Б-гээс нийт 5.177.500 /таван сая нэг зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж “Б Х” ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ