Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 870

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас М овогт Б-ийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805002591006  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............ХХК-нд үйлчилгээний ажилтан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..........аймгийн .............. сум ......баг .....оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-ийн А-

 

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудалд иргэн С.У-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь /зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, эрүү, баруун гарын чигчий хуруу, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралттай, баруун гуянд цус хуралт/ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- нь мэдүүлэхдээ: “Би хохирогч болох найзтайгаа 2011 оноос эхлэн найзалж байна. Тухайн үед би нөхөртэйгөө хотод ирсэн байсан бөгөөд хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө уулзсан юм. Тэгтэл тэр үед манай найзыг Отгоо гэдэг хүүхэн ирээд аваад явсан. Маргааш өдөр нь манай найзын нөхөр нь надруу залгаад эхнэрээ хаана байгааг нь асуухаар нь би өчигдөр Отгоо гэдэг цагаан өнгийн машинтай хүнтэй хамт явсан тухай хэлсэн. Гэтэл хэрэг болдог өдөр нь манай найзтай хамт байсан хүн болох Сүхээ гэдэг залуугийн утаснаас залгаад намайг буудалд хүрээд ир гэсэн. Би тухайн буудалд нь очтол манай найз “чи манай нөхөрт элдэв юм ярьсан байна” гээд уурласан. Учир нь тухайн өдөр манай найзыг аваад явсан цагаан машинтай хүүхэн нь “янхан” зардаг хүн байсан гэсэн. Тэгээд манай найз болон хамт байсан залуу хоёр надад архи шахаад “чи гэр бүл салгалаа” гээд намайг дарамтлаад байсан. Тиймээс би найзынхаа нөхөррүү нь залгаад “эхнэрээ ирээд ав” гэтэл манай найз “намайг өөр залуутай байхад нөхөр дуудлаа” гээд надруу орилоод дайрсан. Бид хоёр зодолдохдоо тухайн гэмтлүүд үүссэн байх” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч С.У-ийн “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй зочид буудал, караокед найз Сүхээгийн хамт 21 цагийн орчимд хамт орсон. Тэгээд караокед нэгээс хоёр цаг дуулаад 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 шилийг уугаад буудал орсон. Буудал орох завсраараа дэлгүүрээс ундаа, тамхи аваад нэмж 2.5 литрийн пиво аваад уугаад сууж байхад 23 цагийн орчим надруу миний өөрийн 91213198 дугаарын утасруу манай найз Б.А- 86281008 дугаарын утаснаас залгаад “юу байна, миний хөгшин хаана байгаа юм бэ, уулзах гэсэн юм” гэхээр нь би тухайн үед буудалд хүнтэй байсан учраас завгүй байна, Сүхээ гэх залуутай байна чи танина гэхэд маргааш очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би тухайн өдрөө буудалдаа найзтайгаа хоноод 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Б.А- ирсэн. Тухайн үедээ Б.А- манай өрөөнд орж ирээд найзыгаа уучлаарай, найз нь чамаас уучлалт гуйх гээд ирсэн юм. Өмнө нь бид хоёр /надад мэдэгдэхгүйгээр манай хамтран амьдрагчтай утсаар нэг удаа, хоёр удаа захидал явуулсан/ маргалдаж байсан. Тухайн үед би өнгөрсөн зүйл гэж илүү дутуу юм яриагүй, одоо болъё гэхэд хажууд байсан манай найз Сүхээ гэх залуу Азжаргалаа чи одоо явчих, бид хоёр тайван баймаар байна гэхэд Азжаргал явахгүй надтай хэрүүл хийж манай нөхөр Мөнгөнхүү рүү залгаж “Чи Тэргэл” төв рүү хүрээд ир гэхэд удалгүй Мөнгөнхүү орж ирсэн. Тэгээд Б.А- намайг шууд нэг удаа нүүррүү цохисон. Тэгээд үсдэж доошоо дарж миний нүүррүү самардаж маажаад, шилэн аяга, үнсний сав авч шидсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн  8-10 дугаар хуудас/

          “... Би урьд нь гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа нэмж ярих зүйл байхгүй. ... Би 2011 оноос Б.А-тай найзалж байна. Найз нөхдийн холбоотой. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Бид хоёр найз нөхдүүд хоорондоо учраа ололцсон. Бие биенээ уучилсан. Эмчилгээний зардал 300.000 төгрөг болсон. Үүнийгээ бүрэн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

          Гэрч С.Мөнгөнхүүгийн “Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хувийн ажлаар гадуур явж байхад 15 цагийн орчимд хамтран амьдрагч Уранцэцэгийн найз Азжаргал гэх эмэгтэй утсаар залгасан. Уранцэцэгтэй хамт ГССҮТ-ийн хажуугийн Тэргэл зочид буудалд хамт байна гэж дуудсан. Тэгээд би 16 цагийн үед очтол буудлын өрөөнд Уранцэцэгийг Азжаргал нь үсдээд дарчихсан, түүний голоор нэг залуу салгах гээд зууралдаад байж байхаар нь би орж салгаад Уранцэцэгийг тэр буудлаас аваад гарсан. Намайг буудлын өрөөрүү ороход Уранцэцэгийн хувцас урагдсан, нүүр ам нь маажуулсан, Азжаргал үснээс нь зулгааж доош дарсан, Уранцэцэг нь орилж хашгирсан байдалтай байсан. Архины шил, тамхины үнсний сав хагарсан, өрөөний дэвсгэр их муухай болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 673 дугаартай:

          “1. С.У-ийн биед зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун хацар, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, эрүү, баруун гарын чигчий хуруу, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралттай, баруун гуянд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.       3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

          Б.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би С.У-ийн биед дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Уранцэцэгийн үснээс нь зулгааж зууралдах үед дээрх гэмтлүүд учирсан байх. Уранцэцэгийн нөхөр надруу байн байн залгаад Уранцэцэгийг асуугаад байхаар нь Отгоо гэх хүүхэнтэй хамт явсан гээд хэлчихсэн чинь Уранцэцэг надруу залгаад чи нөхөрт хэлчихсэн байна гээд хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан юм. ... Би Уранцэцэгээс  уучлалт гуйн эмчилгээнийх нь зардалд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул надад холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна, Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн  59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч С.У- мөрдөн шалгах явцад “..Бид хоёр найз нөхдүүд хоорондоо учраа ололцсон. Бие биенээ уучилсан. Эмчилгээний зардал 300.000 төгрөг болсон. Үүнийгээ бүрэн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй болсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ