Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02043

 

 

 

 

 

 

 

 

2022 11 25 210/МА2022/02043

 

О.О-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/03750 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.О-гийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,205,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Б-тэй 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн хүүтэй алданги тооцохоор тохиролцсон. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэй зээлмээр байна гэж хүссэн. Ингээд зээл авах хүсэлтээ фэйсбүүк хаяг руу явуулж, өмнөх зээлийн хүү 60,000 төгрөгийг хасаад 1,440,000 төгрөгийг явуулж өгнө үү гэсэн чатыг илгээсэн. Нийт 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Сар бүр 120,000 төгрөгийн хүүг төлж байгаад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн болон 03 дугаар сарын 15-ны өдрийн хүүг шилжүүлээгүй. Ингээд 2-3 сарын хүү 240,000 төгрөг, гэрээний алдангитай нийлээд нийт 585,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч Б.Б- нь 3,225,000 төгрөгт эвлэрэх талаар хэлсэн боловч би эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа энэ шаардлагыг зөвшөөрвөл эвлэрч болно гэж хэлсэн. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,205,000 төгрөг, нийт 4,205,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй бичгээр зээлийн гэрээ хийж 1,500,000 төгрөгийн зээл авсан. Ингээд бичгээр гэрээ байгуулсан тул хүүг нь тухай бүрт төлсөн. Дараа нь 586,000 төгрөгийг үндсэн төлөлтөөсөө хасуулсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 914,000 төгрөгийг төлөгдөөгүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр дахь зээлийн гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас гэрээг бичгээр хийсэн гэж баримт гаргаж өгсөн байх боловч энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд хүү тооцох зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба бичгээр гэрээ байгуулаагүй бол хүүг нэхэмжлэх эрхээ алдах талаар заасан байдаг. Иймд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан зээлийн гэрээний хувьд хүү тооцох боломжгүй гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 914,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан 1,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нийт 2,054,000 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 2,593,429 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,611,571 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. О.О- миний бие 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Б-д 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Үүнээс 12 өдрийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин 1,500,000 төгрөгийг өмнөх гэрээний хугацаа болон ижил нөхцөлөөр авахаа илэрхийлж хүсэлтээ гараар бичиж, миний хувь чатруу явуулсан. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1,500,000 төгрөгнөөс зээлдэгч Б.Б- 1 сарын хүү болох 60,000 төгрөгийг хасаж шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс хасаж тооцсон хүүг хариуцагчийн төлөөлөгч М.Хандармаа нь хүлээн зөвшөөрч уг хасаж тооцсон хүүн дээр маргах зүйлгүйгээ шүүхэд илэрхийлсэн байдаг. Дээрх гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хүүгийн зохицуулалт хамааралгүй болно гэсэн байна. Зээлдэгчийн хүү хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрч шилжүүлж байсан мөнгө бол 2 зээлийн гэрээний хүү бөгөөд тус тус 60,000 төгрөг нийт 120,000 төгрөгийг нэг сард төлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 1,500,000 төгрөгийн зээлийн хүүд 3 сар хүү төлсөн. Үлдэх 3 сарын хугацааны хүү болох 180,000 төгрөг төлөөгүй тухайд огт дүгнэлт өгөөгүй байна. Тиймээс түүнийг гаргуулж шийдэх нь зүйтэй. Мөн хариуцагч Б.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч О.О- миний дансанд 585,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд ингэхдээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний хүү 180,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний хүү 180,000 төгрөг нийт 360,000 төгрөг нь 2 гэрээний хүүгийн төлбөрт шилжүүлж, үлдсэн 225,000 төгрөг нь алданги /1,500,000*0,5%=15,000/ хэмээн төлсөн байдаг. Үүнээс нэхэмжлэгч миний бие 360,000 төгрөгийг хариуцагч өөрөө 2 гэрээний хүүний төлбөр хэмээн хүлээн зөвшөөрч шилжүүлсэн тул үндсэн зээлээс хасаж тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги хэмээн шилжүүлсэн 225,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцоход /1,488,800-225,000=1,263,800/ төгрөг болж байна. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиар буюу 1,263,800*50%= 631,900 төгрөгийн алдангийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд төлнө. Шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алданги бодохоор тооцсон байгаа нь үндэслэлгүй байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний үндсэн үүрэгт 1,263,800 төгрөг, хүү 180,000 төгрөг, үүнээс гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс төлөлт хийгдсэн /585,000 төгрөгийн/ мөн сарын 28-ны өдрийг хүртэлх 22 хоногийн алданги тооцоход 163,768 төгрөг /1,488,800*0,5%=7,444*22/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойшхи алданги 631,900 төгрөг, нийт 2,239,468 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,500,000 төгрөг нийт 3,739,468 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,205,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.О- нь 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Б.Б- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,500,000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банк-ны депозит дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4, 8-р тал/

4.а.Дээрх зээлийн гэрээг байгуулсны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.О- нь дахин 1,440,000 төгрөгийг хариуцагч Б.Б-д нэмж зээлдүүлжээ. /хх-ийн 9-р тал/. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг амаар буюу бичгээр байгуулж болдог бөгөөд зохигчид эхний зээлийн гэрээг бичгээр хоёр дахь зээлийн гэрээг амаар байгуулсан байна.

4.б.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.в.Нэхэмжлэгч хоёр зээлийн гэрээгээр тус бүр 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж үндсэн зээл, хүү, алдангид нийт 4,205,000 төгрөг гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч хоёр дахь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

4.г.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заасан. Талууд хоёр дахь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч хариуцагч Б.Б- нь зээлийн хүүг зөвшөөрч төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй буюу энэ тохиолдолд тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.д.Хоёр зээлийн гэрээний хүүд нийт 720,000 төгрөг /1,500,000 х 4% = 60,000₮ сарын хүү, 60,000 х 6 сар = 360,000, 360,000х 2 = 720,000/-ийн үүрэг үүссэн гэж хариуцагч Б.Б- хүлээн зөвшөөрч төлсөн буюу түүний төлсөн 956,200 төгрөгөөс 720,000 төгрөгийг хасвал 236,200 төгрөг үлдсэн байна. Эхний зээлийн гэрээний үүрэг 1,500,000 төгрөгөөс үлдэгдэл 236,200 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 1,263,800 төгрөг болно.

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс төлөлт хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 22 хоногийн алданги 165,000 төгрөг /1,500,000х 0,5% = 7,500, 7,500х 22 хоног = 165,000/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 19 хоногийн алданги 120,061 төгрөг /1,263,800х 0,5 % = 6,319, 6,319 х 19 хоног = 120,061/, нийт алданги 285,061 төгрөг /165,000+ 120,061 = 285,061/.

Эхний зээлийн гэрээний үлдэгдэл 1,263,800 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний үүрэг 1,440,000 төгрөг, алданги 285,061 төгрөг нийт 2,988,861 төгрөгийн үүрэг хариуцагч Б.Б-д үүссэн байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 2,988,861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.О-д олгож, нэхэмжлэлээс 1,216,139 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

5.Мөн нэхэмжлэгч О.О- нь анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 93,180 төгрөг төлсөн байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг 67,030 төгрөг төлсөн мэтээр буруу бичсэнийг залруулах шаардлагатай. /хх-ийн 2, 34-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/03750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 2,593,429 ... гэснийг 2,988,861 гэж, ... 1,611,571 ... гэснийг 1,216,139 гэж,

2 дах заалтын ... нэхэмжлэгчийн ... гэснийг нэхэмжлэгч О.О-гаас гэж, ... 67,030 ... гэснийг 93,180 гэж, ... 56,445 ... гэснийг 62,772 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,078 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ