Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02099

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Ч.Т-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж 7,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 7,250,114 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2019 оны 07 дугаар сард Ч.Т-тэй уулзсан бөгөөд Ч.Т- хэлэхдээ Х-инд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд сар болгон 418,000 төгрөг төлж автомашин авах уу, 2022 оны 07 сард зээл дуусахаар өмчлөлийг нь шилжүүлээд өгье гэдэг саналыг надад тавьсан. Ингээд бид хоёр тохиролцон, би 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ч.Т-гийн Хаан банкны дансанд 3,000,000 төгрөг шилжүүлж, Тоёото приус маркийн автомашиныг авсан. Өнгөрсөн хугацаанд нийт 6,200,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Гэтэл ковид-19 цар тахал гарч, миний хувиараа эрхэлж байсан ажил зогссоны улмаас би төлбөрөө төлж чадаагүй. Би 2020 оны 07 сард ажилд орж, тогтмол цалин хөлс авч байгаа тухайгаа Ч.Т-д хэлж, төлж чадаагүй 3 сарын төлбөрөө нийлүүлж, нэгтгээд нэг мөсөн төлье гэдэг саналыг тавьсан боловч хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр автомашинаа хураан явсан. Иймд хариуцагч Ч.Т-гээс автомашины үнэд төлсөн 6,200,000 төгрөг, эвдрэл гэмтэл болон сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулсан 1,500,000 төгрөгийн хамт, нийт 7,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.А-ээс гаргасан 6,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Нэхэмжлэгч Б.А- нь Ч.Т-гээс автомашин худалдан авсан боловч зээлийн төлбөрөө хугацаандаа хийгээгүйн улмаас Ч.Т-г хохироосонд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Бид 2019 оны 07 дугаар  сарын 24-ний өдөр уулзаж, Б.А- нь урьдчилгаа 3,000,000 төгрөг төлөх, цаашид Х- ХХК-ийн зээлийн гэрээний дагуу сар бүр 435,659.58 төгрөгийг төлөхөөр тохиролцож, амаар гэрээ байгуулсан. Б.А- нь надад урьдчилгаа 3,000,000 төгрөг өгч, би автомашиныг хүлээлгэн өгсөн. Б.А- нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар  сарын 25-ны өдөр хүртэл нийт 12 сар буюу 365 хоног тус автомашиныг эзэмшиж, ашигласан. Тус 12 сарын хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу нийт 5,227,914.96 төгрөг төлөх ёстой байтал хугацаа хэтрүүлэн зээлийн ангилалыг чанаргүй ангилалд шилжих хүртэл хэсэгчилсэн байдлаар цувуулж нийт 3,434,000 төгрөгийг  төлж, зөрүү 1,793,914.96 төгрөгийг төлөөгүй. Намайг Х- ХХК-аас 2020 оны 02 дугаар сараас эхлэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд 5 сард төлбөрийн зөрчлийг төлөх тухай мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд төлөхгүй бол дараа дараачийн арга хэмжээ авах тухай дурьдсан байсан. Энэ тухай Б.А-т мэдэгдэж, зээл төлөхийг шаардсан боловч төлөх ямар ч арга хэмжээ аваагүй болно. Миний хувьд түүний өмнөөс зээл төлөх боломжгүй байсан учир банкинд найдваргүй зээлдэгч болсон. Ингээд 2020 оны 07 дугаар  сарын 25-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн ажилтан зээлээ төлөхгүй, найдваргүй зээлдэгч тул машиныг хураана гээд утсаар ярихад нь ах Б.А-т машиныг шилжүүлэн өгсөн талаар хэлж, түүнээс 34-03 УНЯ дугаартай, приус-30 маркийн автомашиныг банкны ажилтан очиж хураан авсан болно. Б.А- нь тээврийн хэрэгслийг 1 жил буюу 365 хоног эзэмшиж, ашиглаж, хэрэглэж байсан. Тээврийн хэрэгслийг Х- ХХК-ийн ажилтан, миний бие 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Э.Ууганбаттай хэлцэл хийн, шилжүүлж, банкны зээлийн гэрээний төлөөгүй төлөлтийг тушаалган, банкны үйл ажиллагааг хэвийн болгосон. Надад гэрээний болон эд хөрөнгөө эзэмшүүлж, ашиглуулсны дараах хохирол учирсан тул нэхэмжилж байна. Үүнд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан төлбөр 20,000 төгрөг, 2019 оны 08, 09 сарын даатгалын төлбөрт 53,400 төгрөг, 2019 оны 10 сараас 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даатгалын төлбөрт 320,000 төгрөг, дугуй сольсон  220,000 төгрөг, сэлбэг, тос, масло сольж шинэчилсэн төлбөр 1,023,800 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль  95,000 төгрөг, 2019 оны 07 сараас 2020 оны 08 сар хүртэл машины татвар 74,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Х- ХХК-ийн зээл, зээлийн хүү, даатгалын төлбөрт нийт 5,227,914.96 төгрөг төлөхөөс Б.А- 3,434,000 төгрөг төлж, зөрүү 1,793,914.96 төгрөг төлөөгүй байна. Иймд Ч.Т- миний бие тээврийн хэрэгслээ зээлээр худалдсан гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох 7,250,114.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 07 дугаар сард машиныг нь урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд авсан нь үнэн. Ч.Т- нь 2018 онд Х- ХХК-ийн лизингээр буюу Х- ХХК-д ажиллах ээжийнхээ нэр дээр авсан байсан, унаад бүтэн жил болох явцдаа 1,000 км хөдөө орон нутгаар явсан гээд хагархай гупертэй машинаа надад өгсөн. 2019 оны 12 сард цар тахал гарсны дараа би ажилд орж, төлөгдөөгүй гурван сарын төлбөрөө нэн даруй хийхээр болсон тухайгаа хэлтэл Ч.Т- өнөөдөр мөнгө хий, чадахгүй гэвэл өнөөдөр машинаа хураана гэж хэлээд дээрх асуудал үүссэн. Ч.Т-гийн гаргасан хохирол болох 7,250,114.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Т-гээс автомашины үнэд төлсөн 6,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 7,250,114 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 128,505 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 114,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ч.Т-гээс түүний Х- ХХК-ийн зээлээр худалдан авсан автомашиныг 19,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 3,000,000 төгрөг өгч, үлдсэн 16,000,000 төгрөгт түүний Х- ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 420,000 төгрөгөөр төлж барагдуулах байсан боловч уг үүргээ гүйцэтгээгүйгээс Х- ХХК нь барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан бидний хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан. Ийнхүү цуцлагдсан нь нэхэмжлэгч Б.А-ийн сар бүр зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйдлээс шалтгаалсан байхад түүний надад шилжүүлсэн нийт 6,200,000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг төлбөрөөс зөвхөн урьдчилгаа төлбөр болох 3,000,000 төгрөгийг миний авч авснаас бус нэмж төлөгдсөн 3,200,000 төгрөг нь Х- ХХК-ийн зээлийн төлбөрт төлөгдсөн байдаг. Тэрээр хариуцагч Ч.Т-гийн өмнөөс Х- ХХК-ийн зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон учраас гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд зээлийн төлбөрт төлж барагдуулсан 3,200,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг төлсөн 3,200,000 төгрөгөөс үндсэн төлбөр нь Ч.Т-гийн зээлээс хасагдаж, үлдсэн төлбөр нь Х- ХХК-ийн хүүгийн орлогын төлбөрт төлөгдсөн тул хариуцагч Ч.Т- нь нэхэмжлэгч Б.А-ийн өөрөө хүлээн зөвшөөрч сайн дураараа төлж байсан хүүгийн төлбөрт төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэггүй юм. Мөн Х- ХХК-аас автомашиныг хураан авсны дараа хариуцагч Ч.Т-тэй иргэн Э.Ууганбат нь харилцан тохиролцож, автомашиныг худалдан авахаар болж, түүний өмнөөс зээлийн график зөрчигдсөн хугацааны зээлийн төлбөр, татвар хураамж, оношлогоо, торгуулийн төлбөрийг төлж, уг төлсөн төлбөрийг автомашины худалдан авсан төлбөрөөс хасаж тооцсон байхад дээрх төлбөрийг хариуцагч нь Э.Ууганбатыг төлөөлөн нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй гэж үзсэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иргэн Э.Ууганбат нь маргаан бүхий автомашиныг Ч.Т-гээс хүлээн аваад эвдэрсэн эд зүйлсийг сольж, татвар, торгууль төлж, даатгал хийлгэсэн нь үнэн боловч дээрх төлсөн зардлуулыг Ч.Т-гээс автомашин худалдан авсан төлбөрөөс хасч тооцуулсан учраас уг төлбөртэй холбоотой зардлыг хариуцагч Ч.Т- нь нэхэмжлэгч Б.А-ээс нэхэмжлэхээр эрхтэй байхад Э.Ууганбатыг төлөөлөн нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

6.а.Түүнчлэн шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс зээлийн төлбөрийн зөрүү 1,793,914 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,200,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа Ч.Т-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь судлан үзэж, нотлох баримтыг харьцуулан үзэж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ч.Т-тэй амаар тохиролцож автомашины үнэнд 3,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөр өгсөн. Тухайн автомашин Х- ХХК-ийн барьцаанд байсан учраас банкинд хүлээсэн үүргийг биелүүлж сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж байсан. Нийт төлсөн төлбөр нь 6,200,000 төгрөг болсон бөгөөд тухайн мөнгийг нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, автомашиныг Б.А-ээс хурааж авсны дараа Э.Ууганбатад өгсөн. Тухайн автомашин эвдэрхий байсан учраас өчнөөн мөнгөний зардал гарсан гэх мэт ямар ч баримтгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг, Х- ХХК-д сар бүр төлсөн 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, Х- ХХК-д сар бүр төлсөн 3,200,000 төгрөгийг Б.А- тухайн үед төлөөгүй бол Ч.Т- өөрөө төлөх байсан. Гэтэл Б.А-ээр төлүүлчихээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй. Мөн Э.Ууганбатыг анхан шатны шүүхэд гэрчээр асуусан бөгөөд хариуцагч Ч.Т-гийн хамаатан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хамаатан садантайгаа хуйвалдсаныг мэдэх боломжгүй. Э.Ууганбат нь гэрчээр асуугдахдаа хариуцагч Ч.Т-гээс автомашиныг авч засвар хийсэн талаар ярьсан. Э.Ууганбат нь автомашиныг хариуцагчаас худалдаж авсан бөгөөд учирсан хохирлыг Ч.Т- нэхэмжилсэн гэх тайлбар хэлсэн, гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ч.Т-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, нийт 7,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 7,250,114 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Хариуцагч Ч.Т- нь Х- ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр автомашины зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч.Т- нь 13,600,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдэн, 34-03 УНЯ улсын дугаартай, тоёота приус маркийн автомашиныг худалдан авч, өмчлөлийг зээлдүүлэгч буюу Х- ХХК-д зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, автомашины зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 90-95-р тал/

4.Улмаар хариуцагч Ч.Т- нь дээрх автомашиныг эзэмшиж байх хугацаандаа буюу 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.А-тэй худалдах, худалдах авах гэрээг амаар байгуулж, 34-03 УНЯ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг худалдаж, нэхэмжлэгч Б.А- нь сар бүрийн хуваарьт төлбөрийг хариуцагч Ч.Т-д төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

4.а.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Учир нь хэлбэрийн хувьд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар хуульчилсан бөгөөд зохигч гэрээг амаар байгуулсан, нэг тал нь автомашиныг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

4.б.Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ч.Т-д 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг төлж, 34-03 УНЯ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины эзэмшлийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон. /хх-ийн 12-р тал/. Улмаар нэхэмжлэгч Б.А- нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 3,200,000 төгрөг буюу нийт 6,200,000 төгрөгийг хариуцагч Ч.Т-д төлж, уг хугацаанаас хойш төлбөр төлөөгүй байна. /хх-ийн 12-21-р тал/. Хариуцагч Ч.Т- нь нэхэмжлэгч Б.А-ийг сар бүрийн хуваарьт төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг буцаан авсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан буюу талууд мөн өдөр гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

4.в.Нэгэнт худалдагч тал автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.А- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ч.Т-гээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагч Ч.Т-гээс 6,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцжээ.

4.г.Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

5.Тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 20,000 төгрөг, 2019 оны 8-9 сарын даатгалын төлбөр 53,400 төгрөг, 2019 оны 10 сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх даатгалын төлбөр 320,000 төгрөг, автомашины дугуйны үнэ 220,000 төгрөг, сэлбэг, тос, маслоны үнэ 1,023,800 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 95,000 төгрөг, 2019 оны 07 сараас 2020 оны 08 сар хүртэлх автомашины татвар 74,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх банкны зээлийн зөрүү төлбөрт 1,793,914 төгрөг, автомашиныг эзэмшиж, ашигласны өдрийн төлбөрийг 10,000 төгрөгөөр тооцож, 365 хоногийн төлбөрт 3,650,000 төгрөг, нийт 7,250,114 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Ч.Т- гаргасан. /хх-ийн 86-88-р тал/

5.а.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.Т- нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагыг эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй.

5.б.Хэрэгт хариуцагч Ч.Т-, Миг даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ, 320,000 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч гэрээний дагуу даатгалын төлбөр төлөх үүрэгтэй этгээд нь хариуцагч Ч.Т- байна. /хх-ийн 96-98-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Т- нь дээрх гэрээний дагуу даатгалын төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч Б.А-т шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна төлбөрийн баримт дахь огноо нь нэхэмжлэгч Б.А- автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авахаас өмнөх огноотой буюу цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

5.в.Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 95,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэргийн 67-68-р талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хариуцагч Ч.Т- нь бусад шаардлагууд болох тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 20,000 төгрөг, 2019 оны 8-9 сарын даатгалын төлбөр 53,400 төгрөг, автомашины дугуйны үнэ 220,000 төгрөг, сэлбэг, тос, маслоны үнэ 1,023,800 төгрөг, автомашины татвар 74,000 төгрөг, автомашиныг эзэмшиж, ашигласны төлбөр 3,650,000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Гэрч Э.Ууганбат нь ... 34-03 УНЯ улсын дугаартай автомашиныг Ч.Т-гээс худалдан авч, урд талын хоёр дугуй, тос, масло зэргийг сольсон, мөн татвар, даатгалын төлбөрийг төлсөн гэж мэдүүлсэн боловч ямар төлбөрт хэдэн төгрөг төлсөн, энэ нь хэдий хугацааг хамарч байгаа талаар тодорхой зааж мэдүүлээгүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. /хх-ийн 123-124-р тал/.

5.г.Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

6.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх зээлийн төлбөрийн зөрүү 1,793,914 төгрөг гаргуулах шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэжээ. Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Х- ХХК-д 5,227,914.96 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Б.А- нь 3,434,000 төгрөг төлж, үлдэх 1,793,914.96 төгрөгийг төлөөгүй тул зөрүүг гаргуулна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Учир нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Х- ХХК-д төлбөр төлөх үүрэг нь гэрээний дагуу хариуцагч Ч.Т-д үүссэн буюу уг гэрээний үүрэг нэхэмжлэгч Б.А-т шилжээгүй, мөн гэрээнээс татгалзсан атлаа хариуцагч нь өөрийн төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэгчээс шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй, уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

7.Харин анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийг зохицуулалтыг буруу баримталсан алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж,

2 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэгшжаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ