Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 184/2022/01344/И |
Дугаар | 210/МА2022/02100 |
Огноо | 2022-12-09 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2022/02100
Д.М-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч М.Х-, Г.М- нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Г.М-, хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний төрсөн эгч Д.Гантөмөр ньТэсо констракшн ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101-р байр, - хаягт байрлах, 43.17 м.кв хоёр өрөө орон сууцыг 73,389,000 төгрөгөөр захиалж, худалдан авсан. Орон сууцны урьдчилгаа 2,000,000 төгрөг, 28,000,000 төгрөгийг тус тус Г.М-ий ээж Д.Гантөмөр төлж, 9,000,000 төгрөгийг миний төрсөн эгч Д.Байгалмаагийн нөхөр Баатарсүх, үлдэх 34,389,000 төгрөгийг миний бие төлж, би тухайн орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн. 2016 оны эхээр эгч Д.Гантөмөрийн хүү Д.М-ий эхнэр М.Х- нь Австрали Улс руу сурч, ажиллах улмаар виз нь бүтвэл Солонгос Улсад ажиллаж байсан Д.М- нь Монголд ирж хамт явахаар төлөвлөсөн, виз гарахад хөрөнгийн баталгаа шаардлагатай болсон тул дээрх орон сууцыг Д.М-, М.Х- нарын нэр дээр 2016 оны 12 дугаар сард түр шилжүүлсэн. Орон сууц шилжүүлэн өгсний дараа гэрлэлтээ батлуулахгүй бол гэрлэлт батлуулсан байхыг шаардах юм байна гэж надад хэлсэн ба Г.М- нь 5 хоногийн хугацаатай БНСУ-аас ирж 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн Австралийн виз гаргахын тулд хөрөнгийн баталгаа болгож орон сууц шилжүүлсэн, бодит байдал дээр 32,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. М.Х- нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 32,000,000 төгрөгөөр орон сууц худалдсан мэтээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Д.М- энэ хугацаанд Солонгос Улсад ажиллаж байсан бөгөөд виз бүтээгүй тул Г.М- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ирсний дараа М.Х- нь Г.М-өөс салах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. М.Х- нь миний төрсөн эгчийн хүү Г.М-өөс гэр бүлээ цуцлуулж байгаа тул би орон сууцаа өөрийн нэр дээр буцааж бүртгүүлэх эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу М.Х-, Г.М- нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.М-ий тайлбар, татгалзлын агуулга: Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн үед миний бие Солонгос Улсад ажиллаж байсан. Найз охин М.Х- Автрали Улс руу суралцах хүсэлтэй, хэрэв виз нь бүтвэл миний бие хамт явж ажиллах боломж байсан тул виз бүтэхэд хөрөнгийн баталгаа шаардлагатай байснаас ээжийн дүү Д.М-ын нэр дээрх орон сууцыг М.Х- бид хоёрын нэр дээр түр шилжүүлэхийг зөвшөөрсөн. Мөн гэр бүлээ батлуулах шаардлагатай гэснээр БНСУ-аас 5 хоногийн чөлөө авч Монголд ирж гэрлэлтээ батлуулаад буцсан. Миний явуулсан итгэмжлэлээр орон сууц бид хоёрын нэр дээр шилжсэн болохоос Д.М-оос худалдаж авсан, гэрээ хийсэн, мөнгө авсан зүйл байхгүй. Д.М- эгч бид хоёрыг гадаад улс руу явахад тус болох үүднээс өөрийн байрыг бидний нэр дээр түр шилжүүлсэн, иймд орон сууцыг Д.М-ын нэр дээр буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
3.Хариуцагч М.Х-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.М- нь энэ орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан гэдгээ нотлох үүрэгтэй, энэ талаарх баримт байхгүй. Орон сууц авах эх үүсвэр нь Г.М- нь БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа цуглуулж, орон сууц авахаар ээжийнхээ нэр дээр гэрээ хийж, мөнгийг шилжүүлсэн нь түүний тайлбараар нотлогддог. Г.М-ий явуулсан мөнгөөр орон сууцны эхний 30,000,000 төгрөг төлсөн нь гэрлэлтээ батлуулахаас өмнөх үйл явдал тул орон сууц нь Г.М-ий хуваарьт хөрөнгө юм. Энэ орон сууцанд М.Х- халдах эрхгүй боловч Г.М- нь гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгө хуваах нэхэмжлэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаас хойш Д.М- нь дүүгийнхээ орон сууцыг М.Х-д алдахгүй гэж энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэстэй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гэрээний үнийг тодорхойлсон, нотариатаар гэрчлүүлсэн, Г.М- нь худалдах, худалдан авах эрхийг итгэмжлэлээр М.Х-д олгосон тул гэрээ хүчин төгөлдөр байна. 2016 оны 12 дугаар сарын эхээр Г.М- нь Солонгос улсаас М.Х-тай утсаар яриад нагац эгч Д.М-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан орон сууцаа яаралтай өөрсдийн нэр дээр болгох хэрэгтэй байна гээд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр М.Х-д итгэмжлэл явуулсан. Энэ итгэмжлэлд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхийг зөвшөөрч, өөрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг М.Х-д олгосон. Итгэмжлэл ирсний дараа М.Х- нагац эгч Д.М-той орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, орон сууцны үнийг 32,000,000 төгрөгөөр тодорхойлж, орлогын албан татварын 640,000 төгрөгийг М.Х- тушаасан байдаг. Г.М- нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Х-ыг хариуцагчаар татаж, гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө 115,943,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс М.Х-д ногдох хувийг өгөхгүй гэсэн санаа агуулж, нагац эгчийнхээ орон сууц мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.М-ын нэхэмжлэлтэй, Г.М-, М.Х- нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101 байр, - хаягт байрлах 43.17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Маргаан бүхий - орон сууцыг Тэсо констракшн ХХК-аас Д.М- нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр 73,389,000 төгрөгт тооцон авч, төлбөрийг бүрэн төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Д.М- нь худалдан авагч Г.М-, М.Х-д орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнэ 32,000,000 төгрөгийг худалдагчид тус тус шилжүүлэхээр тохиролцсон ч үнэн чанартаа 32,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл огт байхгүй болно. Учир нь дүр эсгэсэн гэрээ учир мөнгө шилжүүлэх шаардлага байгаагүй болно. 32,000,000 төгрөгийн баримт хавтас хэрэгт байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авсан үнэ 73,389,000 төгрөгийг төлсөн атлаа, 32,000,000 төгрөгөөр худалдахгүй юм. 73,389,000 төгрөгийн орон сууцыг хариу төлбөргүй шилжүүлж байгаа асуудалд М.Х- нь тайлбарлаагүй, шүүхээс шалтгаан нөхцөлийг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
5.а.Бодит байдал дээр 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн М.Х-ын өгсөн хариу тайлбараар Г.М- бид хоёрын хооронд Австрали улс руу явах талаар яриа байсан. Гэхдээ энэ талаар гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө яригдаж байгаагүй гэж бичсэн хэдий ч талууд 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр талууд гэрлэлтээ батлуулсан. Мөнгөн нь 5 хоногийн хугацаатай Монголд ирэхдээ гэрлэлтээ батлуулсан болно. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн М.Х-аас Австрали улс руу суралцахад зуучлах зуучлалын гэрээг гэрлэхээс өмнө хийсэн байдаг нь тодорхой болно. Эндээс дүгнэхэд маргаан бүхий орон сууцыг Австрали улсруу зуучлах зорилгоор хөрөнгийн баталгаа болгон төлбөргүйгээр 73,389,000 төгрөгийн орон сууцыг 32,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах дүр эсгэсэн гэрээ хийж шилжүүлсэн нь тодорхой болно. Маргаан бүхий орон сууцыг худалдах чин хүсэл эрмэлзэл бодит байдал дээр огт байгаагүй учраас 73,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бодит байдал ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр шилжүүлэн өгч байгаа нь дүр эсгэсэн, худалдах чин хүсэл эрмэлзэл байгаагүйг нотолно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо тодорхой бичээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудыг тоочиж бичсэн болохоос биш аль баримтыг хуулийн ямар зохицуулалттай холбож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.
5.б.2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах хүсэл зориг хийгдээгүй төдийгүй 32,000,000 төгрөг төлөгдөх үүрэг буюу үнэ төлөх харилцан үүргийн процесс явагдаагүй талаар огт маргадагүй болно. Учир нь дүр эсгэсэн гэрээ учир мөнгө шилжүүлэх шаардлага байгаагүй болно. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Уг гэрээнд үндэслэн өмчлөх эрх шилжсэн тул уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Д.М- нь шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101-р байр - хаягт байрлах, 43.17 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.М-ыг тогтоон давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар зохигч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Үүнд хариуцагч талын гаргасан гомдолд дараах үндэслэлээр талбар хэлье. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.М- худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ Г.М-ий эхнэр М.Х- нь орон сууцны нэр шилжүүлэх бүх материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд миний хувьд дүүгийнхээ эхнэрт 100 хувь итгэж байсан тул холбогдох материалд гарын үсэг зурсан гэж бичсэн. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээнд зүгээр нэг гарын үсэг зурахгүй бөгөөд талууд нотариатын байгууллагад очиж хүсэл зоригоо илэрхийлснээр баталгааждаг. М.Х- нь 32,000,000 төгрөгөөр орон сууц худалдсан мэтээр 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын эхээр мэдсэн гэж бичсэн. Үүнд М.Х- Г.М-өөс гэрлэлт цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандсаны дараа мэдсэн гэх агуулга бүхий талбарыг нэхэмжлэлдээ дурдсан. Мөн мөнгө авч, өгч худалдсан үйлдэл огт байхгүй, М.Х- нэг ч төгрөг өгөөгүй гэж тайлбарладаг. Г.М-, М.Х- нарын нэр дээр шилжсэн маргаан бүхий орон сууцыг худалдаагүй гэж үзсэн бол ганцхан М.Х-ыг нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Гэрээнд үндэслээд Тэсо консракшн ХХК-д 3 хүний нэрээр мөнгө тушаагдаж гэрчилгээ гарсан. Үүнд анх гэрээ байгуулсан Г.М-ий төрсөн эх н.Гантөмөр, нэхэмжлэл гаргасан М.Х-ын гэр бүлийн гишүүн болох н.Байгалмаагийн нөхөр н.Баатарсүхийн нэр, дараа нь Д.М-ын нэр байдаг. Түүнчлэн, Д.М-ын нэрээр мөнгө шилжигдэх болсон гол үндэслэл, шалтгаан нь н.Гантөмөрийн нэрээс Д.М- руу үүрэг шилжүүлсэн гэрээ юм. Тухайн гэрээ нь хэрэгт нотлог баримтаар авагдсан. Мөн Австрали улсын виз нь гэрээний хугацаагаар нотлогдож байгаа. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Г.М-, М.Х- нарын нэр дээр орон сууцны эрх шилжсэн. 2016 оны 07 дугаар сард Австрали улс руу явах тухай зуучлалын гэрээ хэрэгт авагдсан. Энэ гэрээ нь Г.М-, М.Х- хоёрын нэр дээр хийгдээгүй бөгөөд зөвхөн М.Х-ын нэр дээр байгуулагдсан. М.Х-, Г.М- нарын хооронд ярьсан яриаг тодруулахад хэрэв М.Х-ын виз гарвал Австрали улсад сургуульдаа очоод Г.М-ийг татаж авах, хоёулаа тэнд амьдрах хүсэл зориг байсан. Тухайн орон сууцыг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө Г.М-ий Солонгос улсад байхдаа явуулсан мөнгөөр худалдаж авсан бөгөөд эхийнхээ нэр дээр гэрээ байгуулсан. Хэрэв гэрлэлтээс өмнөх хөрөнгө гэж үзвэл Г.М-ий гэр бүлийн гишүүний хуваарьт өмч гэж миний хувьд дүгнэсэн. Үүнд шүүх хэрэгт цугларсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас өгсөн, авсан материал, гэрээнүүд, талуудын гаргасан тайлбар зэрэг бүх нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г.М-ий тайлбарын агуулга: Солонгос улсад байхад явуулсан мөнгөөр орон сууцыг худалдаж авсан гэдэгт санал нийлэхгүй байна. Учир нь М.Х- бид хоёрт хөрөнгийн баталгаа хэрэгтэй байсан учраас эгчээсээ гуйж итгэмжлэл хийлгээд маргаан бүхий орон сууцыг бид хоёрын нэр дээр түр шилжүүлсэн бөгөөд виз гарсан тохиолдолд буцааж шилжүүлэхээр тохиролцсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч М.Х-, Г.М- нарт холбогдуулан хариуцагч нарыг Австрали Улсын визэнд орохтой холбоотойгоор хөрөнгийн баталгаа шаардлагатай гэсэн тул орон сууцны өмчлөх эрхийг тэдгээрийн нэр дээр шилжүүлж, дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэх үндэслэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2.а.Хариуцагч Г.М- нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан бол хариуцагч М.Х- эс зөвшөөрч нөхөр Г.М- нь Солонгос Улсад ажиллаж байхдаа тус орон сууцыг худалдан авч, ээж Д.Гантөмөр болон эгч Д.М- нарын нэр дээр захиалгын гэрээ байгуулсан, хожим Г.М-өөс олгосон итгэмжлэлийн дагуу миний бие нэхэмжлэгч Д.М-той хэлцэл хийж, орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авсан гэх үндэслэл заан маргасан байна. /хх-ийн 23-25, 43-р тал/
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4.Захиалагч Д.Гантөмөр нь Тэсо констракшн ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон орон сууцны хороолол, 102-р байр, 130 тоот, 58,06 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг нийт 98,702,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 112-117-р тал/. Дээрх гэрээний талууд гурван удаа нэмэлт гэрээ байгуулж, төлбөр төлөх хуваарь болон худалдан авах орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан, захиалагч Д.Гантөмөр нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх, үүргийг нэхэмжлэгч Д.М-т шилжүүлжээ. /хх-ийн 118-120, 123-124-р тал/
4.а.Нэхэмжлэгч Д.М- нь Тэсо констракшн ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101-р байр, -, 43,17 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг нийт 73,389,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар төлбөрийг төлж тус орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц захиалгын нэмэлт гэрээ, Тэсо констракшн ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 10, 121-122, 129-р тал/
4.б.Хариуцагч Г.М- нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх - орон сууцыг худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг хариуцагч М.Х-д олгожээ. /хх-ийн 136-р тал/. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Г.М-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Х-тай 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий - орон сууцыг 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан бөгөөд зохигчид тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан. /хх-ийн 134-135-р тал/
4.в.Нэг тал нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх боловч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдан авагч нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг төлсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх учиртай.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч М.Х-, Г.М- нар нь нэхэмжлэгч Д.М-той 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэлцэл хийн, мөн өдөр маргаан бүхий - орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч гэрээний дагуу орон сууцны үнэ болох 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М-т төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. /хх-ийн 139-р тал/
4.г.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг, хариуцагч Г.М- нь найз охин М.Х-ын хамт Австрали Улсын визэнд ороход хөрөнгийн баталгаа хэрэгтэй байсан учраас эгч Д.М-ын орон сууцыг түр шилжүүлэн авсан, тус орон сууцыг бид худалдан аваагүй, орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд гаргажээ. Нөгөө талаар, бодит байдалд 32,000,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.М-т төлөөгүй гэдгийг хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. /хх-ийн 43-р тал/
4.д.Хариуцагч М.Х-, Г.М- нар нь маргаан бүхий - орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлснийхээ дараа буюу 2016-2018 онд Австрали Улсад суралцах зорилгоор нэр бүхий компаниудтай зуучлалын гэрээ байгуулж, үйлчилгээний хураамж төлж байсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан, эдгээр баримтууд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн цаг хугацаатай шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. /хх-ийн 30-33-р тал/
5.Дээрхээс дүгнэвэл зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд талууд орон сууцыг 32,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах зорилгоор биш, хариуцагч нарыг Австрали Улсын визэнд орохтой холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байна.
5.а.Иймд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101-р байр, -, 43,17 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.М-ыг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/02892 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.М-, хариуцагч М.Х-, Г.М- нарын байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 101-р байр, -, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201042175 дугаартай, 43,17 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.М-ыг /НФ78120500/ тогтоосугай. гэж,
2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч М.Х-, Г.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 842,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ